
Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөр нээлтээ хийсэн байна. Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд авьяаслаг хүүхдүүдийг хөгжүүлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагүй хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлж амжилтад хүргэх зорилготой юм. БШУЯ-наас “Авьяас” хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэх 21 авьяастныг сонгон авч эхний ээлжинд 21 сургуульд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ. Ингэхдээ хэл, өгүүлэхүй, уран зохиол, зураг дүрслэл, спорт, бүжиг, тэнцвэр, хөгжим, хэмнэл, тоо, техник, логик харилцаа гэсэн таван чиглэлийг сонгон авч хүүхдийн авьяасыг нээх юм байна.
БШУ-ны сайд Л.Гантөмөр “Төрөл бүрийн салбарт авьяасаа нээж чадсан хүмүүсийг хөтөлбөрт оролцуулж байна. Энэ хөтөлбөр тодорхой авьяастай хүүхдийн хүрээнд хэрэгжихгүй. Хамгийн авьяасгүй хүүхдийн авьяасыг илрүүлэхэд чиглэсэн” гэдгийг онцоллоо. Хөтөлбөрийн хүрээнд 21 багш 21 сургуульд ажиллана. Тэдний хүүхдүүдтэй ажилласан арга барилыг судалж цаашид бүх аймаг, сумын сургуульд хэрэгжүүлэх юм. Мөн судалгааны баг судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх аж.
Ш.ЧИМЭГ