Хөдөлмөрийн лагерь үгүй болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн лагерь үгүй болох уу?

Хөдөлмөрийн лагерь. Намын үзэл суртлаас гажиж, нийгэмд буруу зүйлс сурталчилсан “этгээдийг” хөдөлмөрийн лагерьт авчирж албадан хөдөлмөрлүүлдэг тогтолцоо Хятадад үйлчилж эхлээд 50 жилийн нүүрийг үзжээ. Нутгийн нэршлээр үүнийг “лаодун льяожан” гэж нэрлэдэг аж. Хагас зуун жилийн түүхтэй энэхүү системийг “нийгэмд тустай хүн бий болгохын тулд дахин боловсруулж байгаа явдал” гэж үздэг. Тиймээс ийм төрлийн уриа лоозонг хөдөлмөрийн лагерь болгоны оройд бахархалтайгаар хаддаг заншилтай. Ийм сайхан уриа бүхий шоронгийн нэгэн системд хятадын мянга, мянган хүн шийтгэгдэж, албадан хөдөлмөрийн золиос болсоор өдийг хүрчээ.

НҮБ-ын хүний эрхийн хорооноос гаргасан судалгаагаар 190 мянган хүнийг түр хугацаагаар 320 хүнийг 10-аас дээш сараар хөдөлмөрийн лагерьт амарсан байна. Энэ бол зөвхөн 2009 оны тоо. Хэрвээ сүүлийн арван жилээр тооцох юм бол 1,5 сая хүн ямар нэгэн хэмжээгээр энэ газарт ороод гарсан аж.

Үеэ өнгөрөөсөн систем

1950 оноос социализмыг түгээн дэлгэрүүлэхэд тус нэмэр болохуйц шинэ аргачлал бодож олсон нь хөдөлмөрийн лагерийн систем байв. Ангийн дайсан болж хувьсгалд уриалан дуудсан хүн болгоныг дахин боловсруулах энэ газар хорих нь шоронд хорихоос илүү бөгөөд улс орны хөгжилд ч тустай гэж үзэн энэ системийг зарлан тунхагласан юм. Өнөөг хэр нь энэ аргачлал хэвээрээ. Гэхдээ ангийн дайсан, эсэргүү нарыг бус хулгай дээрэм хийж, архидан согтуурсан хүмүүсийг шийтгэдэг газар болон хувирчээ. Манайхаар бол “эрүүлжүүлэхтэй” төстэй гэж ойлгож болно. Шийтгүүлэх хүмүүсийн гэмт хэргийн сэдэлт нь өөрчлөгдөхийн хэрээр энэ системийг шүүмжлэгчдийн тоо ч олширч, ард түмэн нь ч үүнд итгэл алдарч эхлэв. Барууны орнуудыг бодвол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хамгийн хаалттай гэж нэрлэгдэх энэ орны мянга, мянган залуус хөдөлмөрийн лагерийг эсэргүүцэх болжээ. Гадны ажиглагчид ч хүний эрхийг зөрчдөг, хүчирхийллийн үүр уурхай болж хөгжсөөр ирсэнийг батласан олон арван баримт, бичиг боловсруулсан байна.
 
“Тухайн үед хүмүүсийг хөдөлмөрийн лагерьт хүмүүжүүлэх нь цагаа олсон шийдвэр байсан байж болох талтай. Гэтэл өнөө цаг үед үүрэг, утга учир нь маш их алдагдсан том систем болж хувирлаа. Улс төрийн талаасаа ч, нийгмийн талаасаа ч үнэхээр гажуудаж байгаа тогтолцоо бол энэ. Үүнийг нэн даруй шийдэх хэрэгтэй” гэж БНХАУ-ын нийгмийн шинжлэх ухааны академийн профессор Юү Жанронг ярьж байна. Гэхдээ үүнийг хятадын одоогийн удирдлагууд бүрэн алга болгохыг хараахан хүсэхгүй байгааг албаны хүмүүс баталж байгаа юм.

Цахим ертөнц дэмжиж байна

Яг энэ асуудал одоогоос хэдэн жилийн яригдаж байсан ч олонхийн дэмжлэгийг авалгүй замхарч байсан удаатай. Харин одоо байдал шал өөр. Нийгмийн сүлжээний цахим сайтуудаар энэ системийг үгүй болгох хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Сина Вейбо нэртэй судалгааны блогод “Хөдөлмөрийн лагерийг алга болгох нь зөв үү” гэсэн судалгаа явуулсан байна. Тус блогод орогсдын 97 хувь нь дэмжсэн бол дөнгөж гуравхан хувь нь “Байх хэрэгтэй. Маш зөв систем” гэж хариулжээ.
 
Өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр 8 сартай жирэмсэн эмэгтэй Хунан дахь хөдөлмөрийн лагерьт албадан хөдөлмөр эрхлүүлж байгааг гадны нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн билээ. Жирэмсэн хүнийг гурван харгалзагч нийлж зодож, хүчиндэж байсныг ч орон нутгийн нэгэн сонинд нийтэлсэн байна. Үүнээс болж  олон нийтийн сэтгэл өөр зүг рүү иргэсэн юм. Өмнө нь нийтээрээ зөвшөөрдөг байсан энэ системийг үгүйсгэгчдийн тоо гэрлийн хурдаар нэмэгдсээр байна. Энэ эмэгтэйн тухай мэдээлэл тэр даруйдаа олон арван хүмүүст хүрч, даруй суллахыг шаардсан хүмүүсийн сэтгэгдэлүүд цахим ертөнцөөр тархав. “Хөдөлмөрийн лагерь бол үүргээсээ аль хэдийнэ гажсан газар. Шоронгоос ялгагдах юм энд огт байхгүй. Хүний эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчдөг газар бол энэ” гэж Бээжин хотын хуулийн хорооны ахлах мэргэжилтэн, хуульч Ли Ван Пин ярьжээ.

Шинэ засгийн бодлого

Хятадын удирдлага солигдох гэж байгаа энэ мөчид шинэ засгийн анхны бодлого нь хөдөлмөрийн лагерийг устгахад чиглээсэй гэж олон хүмүүс хүсч байна. “Шинэ удирдлага үүнийг анхааралдаа авах байх. Хэрвээ үүнийг алга болгохгүй бол коммунизмд итгэгчдийн тоо үлэмж буурах магадлалтай. Тиймээс үүнийг аль болох устгах талаас нь ажиллана гэж найдаж байна” гэж Бээжин хотын их сургуулийн, хуулийн сургуулийн профессор Ван Сишин ярьсан байна.
 
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд засгийн бодлогыг эсэргүүцэгчдийн тоо эрс нэмэгдсэн билээ. Өмнөх жилүүдэд тэрс үзэлтэй хэмээгдэж байсан 10 гаруй мянган хүнийг хөдөлмөрийн лагерьт хүмүүжүүлжээ. Гэхдээ шүүмжлэгчдийн тоо буурсангүй. Энэ тухай гурван жилийн өмнө Ардын төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцсэн ч дэмжлэг авалгүй шууд буцаагдаж байсан түүхтэй. Харин одоог хүртэл дахин энэ асуудлыг удирдлагын хэмжээнд ярьсангүй. Гэхдээ нийт иргэдийн дийлэнх нь Хятадын шинэ удирдлага үүнийг нэн даруй шийднэ хэмээн найдаж байгаа юм.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж