3,6 тэрбумаар уул уурхайн салбарыг санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

3,6 тэрбумаар уул уурхайн салбарыг санхүүжүүлнэ

“NEWS” агентлаг Засгийн газраас санаачилсан ард түмнээр төсөв хэлэлцүүлэх санаачилгыг дэмжин, “Төсөв 2013” медиа аяныг эхлүүлээд байгаа. Энэ удаа бид ирэх оны төсөвт томоохон хөрөнгө оруулалтын асуудал хэрхэн тусгагдсаныг товчлон хүргэж байна. Уншигч та өөрийн орон нутаг, улс орны ирээдүйд хэрэгтэй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой саналаа илгээж, төсвийн хэлэлцүүлэгт оролцоорой. Та бүхний илгээж буй саналыг бид төсөв батлагчдад уламжилж, “Төсөв-2013” хэлэлцүүлгийн хүрээнд уригдаж буй албаны эх сурвалжуудаас асуух болно.

Хэдийгээр МАН-ын жагсаал, УИХ дахь МАН-ын гишүүдийн суултаас болж хоёрдугаар хэлэлцүүлэг нь саатаад байгаа ч Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх ажил үргэлжилж байна. Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газрын анхны жилдээ хэрэгжүүлэх энэ төсөвт хөрөнгө оруулалтын бодлогод нэлээд анхаарчээ.

Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг урьд оноос бууруулахгүй, тогтвортой байлгах зорилт тавьжээ. Ирэх онд улсын төсвөөр хэрэгжүүлэх нийт хөрөнгө оруулалтаас нэг их наяд 203,1 тэрбум төгрөгийг барилга, байгууламж барихад, 49,7 тэрбум төгрөгийг их засварын ажилд, 127,3 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахад, 98 тэрбум төгрөгийг дараа онуудад хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэлийг хангах ТЭЗҮ, зураг төсөл, судалгааны ажилд зарцуулахаар төсвийн төсөлд оруулаад байна.

Ирэх жилд Сэлэнгэ аймгийн дулааны станцын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, Улаанбаатар хотын 35/10 кВ-ын “Аравдугаар хороолол”, “Ваар”, “Баянхошуу”, “Баянзүрх” дэд станц, Дархан-Уул аймгийн "Давхар" 110/6 кВ-ын дэд станцын өргөтгөл, "ДЦС-4"-ийн уур, усны дулаан солилцуулагч бүхий дулааны дэд станцын өргөтгөлийг дуусгаж ашиглалтад оруулахаар тооцжээ.  

Дорнод аймгийн Мардай-Чулуунхороот, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл- Тариалан, Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст, Увс аймгийн Малчин-Тэс сумын 10, 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барьж ашиглалтад оруулахаар төсөлд тусгаад байгаа.  Тавантолгой-Даланзадгад сумын 110 кв-ын 98 км урт 35/10 кв-ын ЦДАШ барьж ашиглалтад оруулахаас гадна Баянхонгор, Сэлэнгэ аймагт шинээр дэд станц барих ажилд нийт зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр тусгаад буй.

Төсөлд тусгаснаар бол дараа жил гэхэд олон сайхан авто зам ашиглалтад орж хөдөөгийн замаас халшралгүй сүнгэнүүлж болох нь ээ. Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 62 км хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлэх гэнэ.  АХБ-ны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төслийн 214,1 км хатуу хучилттай авто зам, Кувейтийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай авто зам, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Баруун бүсийн авто замыг хөгжүүлэх төслийн Манхан-Ховдын 85,3 км, Өлгий-Хашаатын давааны 60 км хатуу хучилттай авто, Германы сэргээн босголт банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Нийслэл хотын хүнсний найдвартай байдлыг хангах орон нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн 78,8 км хатуу хучилттай авто замуудыг  үргэлжлүүлэн барихаар болжээ.

Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км, Улиастай-Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 29,5 км, Сайншанд- Хамрын хийд чиглэлийн 42 км, Мянгадын гүүрээс Сархайрхан чиглэлийн 20 км, нийтдээ 131,5 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Монгол инженерүүд дотооддоо троллейбус угсардаг болоод удаж буй. Түүнийгээ электробус хэмээн нэрлэх болсон. Тэгвэл төсвийн хөрөнгөөр ирэх жил шинээр 30 дуобус буюу электробус угсрах ажлыг эхлүүлнэ гэжээ.

Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төвүүдийг хотын хэмжээнд хөгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Лав л 2013 онд Дархан хотыг Монгол Улсын анхны жишиг хот болгон хөгжүүлэхээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаад байна.  Төв аймгийн нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд олон улсын цоо шинэ нисэх буудлыг байгуулахаар төлөвлөөд бас л хэдэн жил болж байна. Цаасан дээр байсан энэ төлөвлөгөө харин ирэх жилээс ажил болох шинжтэй. Хөшигийн хөндийн онгоцны буудлыг даган бий болох хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг түшиглэн хөгжих хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийт 1,8 тэрбум төгрөгөөр боловсруулахаар төсвийн төсөлд оруулаад байна.

Нийслэлд шаваарсан их, дээд сургуулиудыг Налайх руу, дараа нь Багануур тийш нүүлгэж оюутны хотхонуудыг байгуулах тухай яриа гараад мөн л нэг, хоёр жилийн нүүр үзэж буй. Ирэх 2013 онд их сургуулиудын хотхоны дэд бүтцийн ажилд 6,1 тэрбум төгрөг, "Оюутны байр- 1000" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 1000 оюутны дотуур байрны барилгыг ашиглалтанд оруулахад нэг тэрбум төгрөг зарцуулж, их, дээд сургуулийг дэмжих хөтөлбөрт дөрвөн тэрбум төгрөг гаргахаар болжээ.

Монголын үрс маш олон болж байгаа. Төрөлт өмнөх жилүүдээс харьцангуй өсчээ. Иймээс эх, үрстээ зориулж амаржих газрыг олноор байгуулахад хөрөнгө оруулахаар болсон байна. Улаанбаатар хот, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Булган,Дорноговь  аймагт шинээр амаржих газрууд байгуулна. 

Түүх дурсгал соёлын өвийг хадгалж хамгаалахад Засгийн газар гар татахгүй гэлээ.  Лав л Гандантэгчлэн хийдэд 1080 лам хурах Их чогчэн дуганы барилгыг үргэлжүүлэхээр болжээ. Улаанбаатарт Үндэсний урлагийн ордны барилга, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр хөрөнгө оруулалт төлөвлөөд байна. Нэг үе дажгүй сайхан байртай байсан ч Элчин сайдын яөамаа түр хааснаас болж олигтой байргүй болсонБ НАСАУ-ын ЭСЯ-ны барилгын ажилд 2012 оноос шилжин ирэх зардлаасдзарцуулахаар төлөвлөөд байна.

Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар бас л олон жил ярьж байна. Засгийн газар 2013 онд энэ мөрөөдлийг ажил хэрэг болгохоор шийджээ. Цогцолборын ажлыг эрчимжүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна. Уул уурхайн орон болж байгаатай холбогдуулж нэлээд хэмжээний хөрөнгийг эрдэс баялгийн салбарт оруулахаар болжээ. Лав л 2,3 тэрбум төгрөгийг газрын тосны салбарт, 0,1 тэрбум төгрөгийг түлш үйлдвэрлэх  нүүрс шингэрүүлэхэд, 3,6 тэрбум төгрөгийг уул уурхайн салбарыг санхүүжүүлэхэд оруулахаар  төлөвлөжээ.

Харин Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын талаар Хөрөнгө оруулалтын хэсэгт дурдсангүй. Гадаадаас хөрөнгө оруулах юм гээд гол уурхайнуудаа орхиогүй байлтай. Иймэрхүү ерөнхий дүр зурагтайгаар ирэх оны дотоод хөрөнгө оруулалтын байдал яригдаж  байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж