Төрийн өндөрлөгүүдэд шаардах бичиг барилаа

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Төрийн өндөрлөгүүдэд шаардах бичиг барилаа

УИХ-ын чуулганы хуралдаан хоёр өдөр саатлаа. МАН-ын гишүүд СЕХ-ны шийдвэрээс болж Төрийн ордон болон Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө жагсав. Өвөрхангай аймгийн сонгуулийн дүнг эцэслэж гаргасан СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, ийн улс төрд “түр зогсолт” хийгээд буй МАН-ын гишүүд өнөөдөх үдээс хойш Ерөнхийлөч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт шаардлага хүргүүлжээ.

Тэд шаардлагадаа, “УИХ-ын 2012 оны  сонгуулиас хойш УИХ-ын даргыг сонгохоос эхлэн хууль дээдлэх, хуулийн дор бүгд эрх тэгш байх үндсэн зарчим бүрэн алдагдаж, хууль тогтоомжийг зөвхөн нэг намд ашигтайгаар өөрчилдөг, албан тушаалтан, сайд дарга нарын тоог хэт олшруулж, төрийн биш төрлийн нүсэр дарангуй бүтцийг өөрсөддөө зориулан бий болгож, монгол хүний амьдралд нэмэр болох нэг ч төгрөг улсын төсөвт суулгаагүй атлаа МУ-ын Ерөнхий сайд шинэчлэл нэрээр өөрийн мэдэлд 80 гаруй тэрбум төгрөгийг задаргаагүйгээр төсөвлөсөн зэрэг ноцтой, хууль зөрчсөн алдаа завхралыг гаргаж, ард иргэдийн итгэлийг уландаа гишгэж, тэвчишгүй хэмжээнд хүргэлээ. Өвөрхангай аймгийн сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авч Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхээ авсан С.Чинзориг, Ч.Төмөрхүү нарыг гэм буруутан мэт болгож, тэдний оронд Монгол Улсын олон хуулийг ноцтойгоор зөрчиж, 168 сая төгрөг тараасан Г.Батхүү, Д.Зоригт нарыг Улсын Их Хурлын гишүүн болгохоор улайрч байна. Энэ бүх үйл ажиллагааг далдаас зохион байгуулж буй Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцрохыг шаардаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжуудыг онц ноцтой зөрчиж, УИХ-ын даргын албан тушаалыг хууль бусаар авсан З.Энхболдыг нэн даруй огцрохыг шаардаж байна. Ардчилсан намын захиалгаар сонгуульд олон мянган саналаар ялагдсан  Г. Батхүү,  Д. Зоригт нарыг Улсын Их Хурлын гишүүн болгохоор өргөн мэдүүлсэн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнг огцруулахыг шаардаж байна. Энэхүү шаардлагын хариуг энэ сарын 26-ны дотор өгч, биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэжээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж