УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдийг буйдангаар даран “манаж” буй МАН-ын эрхэм гишүүд түрүүчээсээ тарж эхэллээ. Тэдний суулт 18.00 цагт албан ёсоор өнлөрлөнө. Гэхдээ жинхэнэ утгаараа тарж байгаа хэрэг биш, дараагийн долоо хоногийн даваа гаригт суултаа үргэлжлүүлэх гэнэ.
Үүнээс болж өчигдөр, өнөөдөр хоёр өдөр чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаа тасарлаа. Суулт зарласан гишүүдэд цаг өнгөрөөх хэцүү байгаа бололтой, туслахуудаараа сонин авчруулж унших, iPad-аар тоглох зэрэг “ажил” хийж байна. Бас өвөр дээрээ тавьсан бичгээ унагахгүй, зүүрмэглэхгүй суух ёстой. Хэрэв шинэ долоо хоногийн эхээр МАН, АН хоёр хэл амаа ололцохгүй бол ирэх оны төсөв, мөнгөний бодлого зэрэг чухал асуудал хэлэлцэж байгаа УИХ-ын үйл ажиллагаа саатаж, батлах хугацааг нь хуулиар зааж өгсөн улсын нэгдсэн төсвийн хэлэлцүүлэг сунжрах төлөвтэй болоод ирлээ.
Д.ОЮУН