“Сэргээн засалтын тусламж” чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

“Сэргээн засалтын тусламж” чуулган боллоо

Өнөөдөр Төрийн ордонд “Сэргээн засалтын тусламж, үйлчилгээний анхдугаар чуулган” болж өнгөрлөө. Тус чуулганыг Эрүүл мэндийн яам, Италийн АЙФО олон улсын байгууллага, Боловсрол шинжлэх ухааны яам, Хүн амын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Европын холбоо зэрэг газрууд санаачлан зохион байгуулжээ. Уг чуулганы нээлтэд ЭМЯ-ны сайд Н.Удвал, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, ДЭМБ-ын суурилн төлөөлөгч нар оролцож үг хэлсэн юм.

Энэхүү чуулганд хот хөдөө орон нутгаас, мэдрэлийн эмч мэргэжилтэн, сэргээн засалтын эмч сувилагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-ууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтдээ 800 гаруй хүн хуран чууллаа.

Монгол улсад өнөөдрийн байдлаар 16.000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн хүүхдүүдтэй адил жирийн ЕБС-д сурч байгаа ажээ. Энэ тоо баримт бол хамт олонд тулгуурлан сэргээн засч буй хамгийн том жишээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэргээн засахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй эрсдэлт хүчин зүйлсээс ард иргэдийг сэрэмжүүлж, урьдчилан сэргийлэх тухай чуулганы үеэр хөндөгдөж байв. Учир нь архи, тамхины хэт их хэрэглээ, зам тээврийн осолд өртөх зэрэг манай улсын хувьд өндөр үзүүлэлттэй байдагтай холбоотой. Тиймээс энэ талаарх иргэдийн мэдээллийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох нь юу юунаас илүү чухал. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс сэргээн засах тусламж, үйлчилгээний цаашдын бодлого, төлөвлөгөөг гаргаж, боловсруулж авах нь чуулганы эрхэм зорилго ажээ.

Б.СҮХ

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж