Монгол туургатны үндэсний бөхийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Монгол туургатны үндэсний бөхийн наадам болно

Дэлхийн Монголчуудын Үндэсний Бөхийн Холбоо /ДМҮБХ/-ноос Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар наадмыг зохион байгуулах болсноо албан ёсоор зарлалаа. Хэвлэлийн бага хурал “Спортын бэлтгэлийн төв”-ийн хурлын танхимд болсон бөгөөд ДМҮБХ-ний дэд ерөнхийлөгч Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Балжинням, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн тэргүүн Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, дэд ерөнхийлөгч Р.Ууганбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаатар нар оролцов. Наадам ирэх сарын 4-ний өдөр Монголын үндэсний“АСА” циркд явагдах бөгөөд Монгол, Өвөр Монгол, Буриад, Тува, Халимаг, Алтай зэрэг зургаан улсын баг тамирчид, уран бүтээлчид оролцох ажээ. Улсуудаас шигшэгдсэн хүчит 128 бөх -85, +85 гэсэн жинд хуваагдан барилдаж аваргуудаа юм байна. Анх Үндэсний бөхийг Монгол туургатнуудын дунд хөгжүүлэх, олон улсад таниулах зорилгоор зохион байгуулагдаж байсан наадам жилээс жилд цар хүрээгээ тэлсээр хоёр дахь удаагаа Улаанбаатар хотноо явагдаж байгаа нь энэ юм. Өмнө нь Монгол улсын Улаанбаатар (2009), БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хот (2009), ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд (2010), ОХУ-ын Тува улсын Кызыл хотуудад (2011) зохиогдсон дөрвөн наадамд Монгол улсын залуу заан Ч.Санжаадамба гурван удаа, залуу харцага А.Бямбажав нэг удаа түрүүлж байв. Буриад улсад болсон наадмаас эхлэн барилдаанаа хоёр жингийн ангилалаар явуулахад бага жинд Тувагийн бөх Сэлдыс Монгуш (2010), Андре Монгуш (2011) нар түрүүлжээ. Бөхийн барилдааныг хоёр жинтэй болгож дүрмийг өөрчилсөнөөр Тувагийн бөхчүүд бага жингийн түрүүг дараалан аваад байгаа бөгөөд энэ нь Буриад, Тува, Алтай, Халимагийн бөхчүүдэд өндөр амжилт үзүүлэх боломжыг нээж өгчээ.

Өмнөх наадмуудын мэдээлэл:

  • 2009 оны 4-р сарын 24, 26 Монгол улс, Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хот
  • 2009 онд Улаанбаатар хотод болсон анхдугаар наадамд Монгол туургатны шигшмэл 128 бөх зодоглож шөвгийн дөрөвт Улсын арслан Д.Ганхуяг, Улсын арслан Д.Азжаргал, Улсын начин Ш.Уламбаяр, тухайн үед Цэргийн арслан цолтой байсан Улсын заан Ч.Санжаадамба нар шалгарч, улмаар Ч.Санжаадамба Д.Ганхуяг арслангаар долоо давж Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадмын аварга болж байлаа.
  • 2009 оны 08-р сарын 8-9 нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хотод шигшмэл 128 бөх оролцсон хоёрдугаар наадмыг зохион байгуулсан юм. Шөвгийн дөрөвт Аймгийн харцага Э.Баасандорж, Улсын начин Г.Эрхэмбаяр (Улсын арслан), Цэргийн арслан Ч.Санжаадамба (Улсын заан), Улсын арслан Д.Ганхуяг нар шалгарав. Үзүүр түрүүнд Ч.Санжаадамба Г.Эрхэмбаяр арслангаар долоо даван Монгол туургатны үндэсний бөхийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн.

2010 оны 07-р сарын 14-15 ОХУ-ын БН Буриад улсын Улаан-Үд хот

  • 2010 онд ОХУ-ын Буриад улсад болсон наадмаас эхлэн Монгол туургатны үндэсний бөхийн их наадмыг -75, +75 гэсэн хоёр жингийн ангилалтай болгож дүрмийн өөрчлөлт хийсэн.
  • 75 кг-ын шөвгийн дөрөвт Х.Мөнхбaяр (Монгол), Иван Гармаев (Буриад), М.Батмөнх (Монгол), Сэлдыс Монгуш (Тува) нар шалгарснаас үзүүр түрүүнд Тувагийн бөх Сэлдыс Монгуш Монголын бөх Х.Мөнхбаяр нар үлдэж, улмаар Сэлдыш Монгуш аварга болж байв.
  • +75 кг-ын жингийн шөвгийн дөрөвт Цэргийн арслан Ч.Санжаадамба (Улсын заан), Улсын начин Т.Өсөх-Ирээдүй, Улсын заан Д.Рагчаа (Улсын гарьд), Улсын харцага Д.Батболд нар үлдэв. Үзүүр түрүүнд Д.Рагчаа, Ч.Санжаадамба нар үлдсэнээс Улсын заан Ч.Санжаадамба Цэргийн арслан цолтойдоо гурав дараалан түрүүлсэн юм.

2011 оны 08-р сарын 13-14 ОХУ-ын БН Тува улсын Кызыл хот

  • 2011 онд ОХУ-ын Тува улсад зохион байгуулагдсан дөрөвдүгээр их наадмын -85 кг-ын жингийн шөвгийн дөрөвт Буянжаргал (Монгол), Эртине Лопуй-Оол (Тува), Андре Монгуш (Тува), Сайын-Белек Тюлюш (Тува) нар үлдэв. Үзүүр түрүүний барилдаанд Андре Монгуш, Сайын-Белек Тюлюшаар давж аварга болсон юм.
  • +85 кг-ын жинд Улсын харцага А.Бямбажав, Улсын начин Ч.Баянмөнх, Аймгийн начин Т.Хайдав, Тувагийн бөх Алдын Очуртан нар шөвгийн дөрөвт үлдэн, үзүүр түрүүний барилдаанд Улсын харцага А.Бямбажав, Улсын начин Ч.Баянмөнхийг давж Монгол туургатны үндэсний бөхийн наадмын түрүү бөх болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж