Худалдааны төвүүдийг шалгах Ажлын хэсэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Худалдааны төвүүдийг шалгах Ажлын хэсэг байгуулна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, Нийслэлд  үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн / зах/ тухай товч мэдээллийг өглөө. Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа 11 худалдааны төв буюу зах байгаа бөгөөд үүний 10 нь задгай хэлбэрээр, 1 нь битүү болон задгай хосолсон хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.  Хотын менежерийн мэдээлснээр  захууд  хүн амд худалдаа үйлчилгээ үзүүлж, нийгмийн тодорхой хэсгийг ажлын байраар хангаж байгаа боловч хотын төвийн бүсэд  үйл ажиллагаа явуулж байгаа нь авто замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэлийг бий болгож байна, мөн  их  ашиг орлогын хойноос хөөцөлдөж Нийслэл хотынхоо хөгжил цэцэрлэгжилт, хот тохижилтыг сайжруулах, ногоон байгууламж бий болгох,  орчны  бохирдол хог хаягдлаас бүрэн ангижрах ажилд бодит хувь нэмэр оруулахгүй нийгмийн хариуцлага сул байдаг аж. Иймээс цаашид  үйл ажиллагаа явуулж буй захаас “Нарантуул” ОУХТөв, “Хар хорин”, “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг томоохон захуудыг хотоос гадагш шилжүүлэн байршуулах, Хотыг төвийн / А,Б  бүсэд/ худалдааны төв болон зах ажиллуулах зөвшөөрөл  нэмж олгохгүй байх, шинээр ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэх  худалдааны төвүүд нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгодог журмыг бий болгох нь зүйтэй гэдгийг онцоллоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа захуудын, түрээслэгчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигддөг гэж би үзэж байна. Зах бол төрийн өмчийн газрыг түрээсээр эзэмшиж байгаа, иргэддээ үйлчлэх зориулалттай аж ахуйн нэгж. Гэвч одоогоор түрээслэгчдийн эрүүл мэндийн асуудал  ноцтой зөрчигдөж байна. Тиймээс шинээр байгуулагдаж байгаа ажлын хэсэг цаашид захын барилга болон үйл ажиллагааны тодорхой стандартыг бий болгож, стандарт мөрдөхийг шаардах,  хэрэв стандартыг биелүүлээгүй бол газар эзэмших гэрээг нь цуцлах арга хэмжээ авах талаар анхаарлаа хандуулан ажиллах ёстой гэв.  Хуралдаанаар, Нийслэлд ажиллаж байгаа бүх төрлийн захын үйл ажиллагаатай танилцан, холбогдох гэрээний биелэлтийг шалган, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батаар ахлуулан байгуулах тухай Засаг даргын Захирамж гаргахаар болов.

Барилга эхлэх зөвшөөрөлгүй 172 барилга байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн тухай мэдээллийг Нийслэлийн  Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Тэрээр,  Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Зөвшөөрөлгүй эхлэсэн барилгын ажлыг зогсоох тухай” А/557 дугаар захирамжийн хэрэгжилтийн явц 2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар 62,5 хувийн биелэлттэй байгааг онцлоод, улсын байцаагчид хяналт шалгалт хийгээд нөхөн төлбөр торгууль шийтгэвэр тогтоодог боловч түүнийхээ мөрөөр ажиллахгүй нөхөн төлбөр, торгууль шийтгэврийн үлдэгдэл ихтэй байгаа нь нөхөн төлбөр торгууль шийтгэвэр ногдуулсны 69,2 хувийг нь барагдуулсанаас харагдаж байна.  Хяналт шалгалтын явцад 35 989 зөрчил илрүүлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 3144 акт, 5520 дүгнэлт, 7037 албан шаардлага үйлдэж, нийт зөрчлийн 69,3хувийг арилгуулж ажилласан нь зөрчил арилгалтанд анхаарах шаардлагатай байгааг харуулж байна гэж мэдээллээ.  Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын бүтэц орон тоог 567 хүртэл, үүнээс улсын байцаагчийн орон тооны дээд хязгаарыг 440 хүртэл байхаар баталсан байдаг байна. Одоогоор нийт ажиллагсадын орон тоо батлагдсан хязгаарт байгаа хэдий ч чиглэлийн хэлтсийн улсын байцаагч нар дутуу, харин бусад төрийн үйлчилгээ, захиргааны ажилтнууд илүү орон тоогоор ажиллаж байгаа аж. Иймд цаашид хууль эрх зүйн болон бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэн  өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргажээ. Харин Нийслэлийн удирдлагын зөвлөл, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын тоо, ноогдуулсан хариуцлага шийдвэрийг дахин нарийн гаргаж мэдээлэх нь чухал, ажлын хэсгийн танилцуулж байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын тоо зөрүүтэй  байгаа учраас өнөөдрийн хурлаар цаашид авах арга хэмжээний  тухай хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулъя гэсэн шийдвэрт хүрлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир, хяналт шалгалт хийсэн 596 барилгын 172 нь барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй бол эзэмшигч нь тодорхойгүй 60 гаруй барилга байгаа гэж хэллээ.   

Төрийн өмчит дулаан, цахилгааны байгууллагыг орон нутгийн өмчлөлд шилжүүлснээр хэдэн хэдэн чухал асуудлыг шийдвэрлнэ

Нийслэлийн хэмжээнд инженерийн хангамжийн нэгдмэл харилцан уялдсан бодлого хэрэгжүүлэх дулаан, цахилгаан хангамжийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох харьяаллын асуудлыг шийдвэрлэх нь нийслэлийн иргэдийн тав тухтай ажиллаж амьдрах, хотын инженерийн дэд  бүтцийг цогцоор төлөвлөж хөгжүүлэхэд чухал ач  холбогдолтой юм. Тиймээс төрийн өмчит дулаан, цахилгааны байгууллагыг орон нутгийн өмчлөлд шилжүүлснээр хэдэн хэдэн чухал асуудлыг шийдвэрлнэ гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун мэдээллээ. Орон нутгийн өмчид шилжүүлсэнээр үйлчилгээний байгууллагууд нь хэрэглэгчидтэйгээ илүү ойр ажиллах нөхцөл бүрдэхээс гадна, иргэдийн өмнө хүлээх хариуцлага дээшилнэ гэж үзэж байгаа юм.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Шуурхай мэдээллийн төв, Захирагчийн ажлын албанд дулаан, цахилгаан хангамжийн тасалдал, доголдлын талаар санал гомдол байнга ирдэг байна. Тухайлбал: Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд ирж буй  нийт дуудлагын 12 хувийг дулаан хангамжийн, 45 хувь нь цахилгаан доголдол, сааталтай холбоотой санал гомдол эзэлжээ.  Дулаан, ус, цахилгаан дамжуулах, түгээх байгууллагуудын үйл  ажиллагаа нэг гарт төвлөрч ажиллахгүй байгаагаас иргэд, албан байгууллагуудын ус, дулаан, цахилгаан хангамж тодорхой хугацаагаар доголдох, хязгаарлагдах, гарсан гэмтэл доголдлыг бие биеэсээ нуун дарагдуулах, хугацаа алдах зэргээс  болж оршин суугчид, иргэдийг зутраах явдал тасрахгүй байна гэдгийг ч тэрээр онцлон хэлсэн юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу  Нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр тэнд хүрэх инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн сайжруулах, инженерийн хангамжийн  асуудлыг шийдэх, өсөн нэмэгдэж хэрэгцээ шаардлагыг хангах хөрөнгө санхүүгийн  нөөц бололцоог бүрдүүлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээ авах,  дулаан, цахилгаан хангамжийн түгээх байгууллагуудыг нэг гарт төвлөрүүлэн  уялдуулан зохицуулах, иргэдийн тохь тухтай амьдрахад энэ бүтэц зохион  байгуулалтын асуудлыг оновчтой шийдэх нь юу юунаас чухал юм.  Иймээс “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан  түгээх сүлжээ” ТӨХК-ийн харьяа шугам сүлжээ, барилга байгууламжууд нь зөвхөн хотын хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг хангах, түгээх, үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн байгууллага тул хотын харьяалалд байх ёстой гэж үзэж байгаа аж. Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг дарга, зөвхөн зам засварын ажилд дулааны шугамаас болж тооцоолоогүй хөрөнгө ихээр үрэгддэг. Тиймээс зам засвартай хобоотой гардаг дулааны шугамын асуудлыг цэгцлэхэд цаашид анхаарч нарийн төлөвлөн, нягт уялдаатай ажиллах нь зүйтэй гэв.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, тохижилт ногоон байгууламжийг сүйтгэн дулааны шугам тавих явдал их байгаа юм. Үүнийг ч гэсэн цаашид нарийн төлөвлөн, энэ асуудалд оруулах нь зөв гэж хэллээ. Нийслэлийн Удирдалыг зөвлөл  НИТХ-аар “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төрийн мэдлийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэн авах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр тогтлоо.

Гэрээгээ зөрчөөгүй түрээслэгчдийн эрх ашгийг хүндэтгэнэ

  Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар Нийслэлийн төр, захиргааны байруудын ашиглалтын талаар болон цаашид авах арга хэмжээний тухай товч мэдээлэл өглөө. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу  Төрийн байгууллагын  байрлаж буй байранд түүний үйлчилгээг эрхлэдэгээс бусад аж ахуйн нэгж байгууллага байрлахыг хориглоно гэж заасан байдаг. Үүний дагуу түрээсээр эзэмшүүлж буй байруудыг суллаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг байршуулах, Нийслэлийн Төр захиргааны байгууллагууд   зохион байгуулалтад  орж нэг дор төвлөрөх, нэгдсэн  данс бүртгэлтэй болох,  барилга байгууламжуудын ашиглалт үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах, Нийслэлийн төрийн захиргааны  байгууллагуудын  ажлын орчин нөхцлийг  сайжруулах, төрийн үйлчилгээг  иргэдэд шуурхай хүргэх    зорилгоор нийслэлийн төр захиргааны байруудын нэрийг өөрчлөх шаардлагай болсон гэдгийг мэдээллийн эхэнд дурдаад, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрлаж буй байр буюу төв ордонг, Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр,  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  байрлаж буй “Хангарьд ордонг хоёрдугаар байр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байрыг гуравдугаар байр, “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн  байрлаж буй байрыг дөрөвдүгээр байр, Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын байрлаж буй байрыг тавдугаар байр гэж тус тус нэрлье гэсэн саналыг оруулан хэлэлцүүлэв. Нийслэлийн Засаг дарга, засаг захиргааны байранд түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай хуулийн заалттай ч түрээсийн гэрээгээ зөрчөөгүй, ямар нэг алдаа дутагдал гаргаагүй албан байгууллагыг бид хохироож болохгүй, тэдний эрх ашгийг хүндэтгэн үзэх ёстой гэв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, бид түрээслэгчдийг хүндэтгэн үзэх ёстой ч төрийн ажлыг иргэддээ илүү хүртээмжтэй болгохын тулд, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх шаардлага байгаа.  Тиймээс нийслэлийн төр захиргааны байруудыг зориулалтаар нь ашиглах нь зөв юм. Бид анхан шатны мэдүүлгээ түрээслэгч байгууллагуудад өгсөн. Одоо хуулийн дагуу бүх асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд  түрээсийн гэрээний хугацаанд ямар нэг байдлаар зөрчил дутагдал гаргаагүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад  нөхөн олговор олгох хэрэгтэй. Хууль, захирамжинд заасан хугацаанд түрээслэгчдийг нүүлгэе. Гэхдээ шаардлагатай гэж гэж үзвэл тэдэнд  нөхөн олговор олгох асуудлаар УИХ-д хандах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж