Д.Батхуягийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Д.Батхуягийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Д.Батхуягт холбогдох хэрийг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцааж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуяг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, АМГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон болохыг тогтоосон байна. Түүнчлэн “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь дууссан байсныг АМГ-ын байцаагчид цуцлах дүгнэлт гаргаад байжээ. Гэтэл АМГ-ын дарга Д.Батхуяг тэдгээр таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авчээ. Ингээд АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга н.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, өөрийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан гэгчид лицензийн зөвшөөрлийг шилжүүлсэн байна. Хууль бусаар шилжүүлсэн энэ лиценз нь 5261 улсын бүртгэлийн дугаартай 72000 гектар газарт 42 сая тонн нүүрсний нөөцтэй, 2010 оны үнэлгээгээр хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй газар байжээ.

Энэ хэрэгт холбогдуулан АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан н.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан болон н.Бат-Ирээдүй нарын дөрвөн хүнийг мөрдөн шалгажээ. Одоогоор Д.Батхуяг, н.Даваацогт, н.Бат-Ирээдүй нар батлан даалтад байгаа бол н.Жаргалсайханыг Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм байна.

Улсад их хэмжээний хохирол учруулсан энэ хэргийг нийслэлийн Прокурорын газарт яаралтай хянаж, арваннэгдүгээр сарын эхээр харьяа дүүргийн шүүхэд шилжүүлэхээр ажиллаж буй тухай нийслэлийн Прокурорын газрын орлогч Е.Сагсай хэллээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж