“Саусгоби Сэндс” татвараас зайлсхийжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

“Саусгоби Сэндс” татвараас зайлсхийжээ

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг АМГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус хэд хэдэн үйлдлийг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна.

Тэдгээрийн нэг нь “Саусгоби Сэндс” компанитай холбогдох лицензийн зөвшөөрлийн хэрэг аж. АМГ-ын байцаагчид “Саусгоби Сэндс” компанийн ашиглалтын хугацаа нь дууссан таван лицензийн зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргасан ч АМГ-ын дарга Д.Батхуяг таван зөвшөөрлийн дөрвийг цуцлалгүй, эрхийг нь сэргээж, үлдсэн нэг лицензийн зөвшөөрлийг АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан н.Даваацогт гэгчтэй хамтран “Зэлэм” гэх компанийн захирал н.Жаргалсайханд шилжүүлжээ. 5261 улсын бүртгэлийн дугаартай тэрхүү лиценз нь 72000 гектар газарт 42 сая тонн нүүрсний нөөцтэй, 2010 оны үнэлгээгээр хоёр тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй газар байжээ.

АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг мөрдөн шалгах явцад “Саусгоби Сэндс” компанитай холбоотой өөр нэгэн ноцтой зөрчил илэрсэн нь тус компани 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэг юм. “Саусгоби Сэндс” компанийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нар нь их хэмжээний татвараас зайлсхийж, татварыг төлж барагдуулалгүй ажлаа өөр хүнд хүлээлгэж өгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч оджээ. Тиймээс дээрх хоёр нэр бүхий хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгах, мөрдөн байцаах хууль, эрх зүйн орчин байхгүй аж. Гэхдээ их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт тус компанийн удирдлагуудыг шалгахаар болсон байна. Энэ хэргийг АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргээс тусгаарлан шалгах ажээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж