Пуужингаар буудаж, бөмбөгдсөн довтолгоонд орон сууцны хоёр байр, энгийн хүмүүс орогнож байсан сүм бүтнээрээ нуран сүйрсэн байна. Нурангийг зайлуулах ажил үргэлж байгаа учраас хохирогчдын тоо өсөх магадлалтай.
Нурангийг зайлуулахаар ажиллаж байгаа хүмүүсийн хэлснээр, сүмд олон тооны хүмүүс их бууны буудлагаас нуугдан орогнож байжээ. Нурангийн доороос хүүхдийн олон цогцосыг гарган аваад байгаа гэнэ.
Маарет аль-Нуман хот сүүлийн хоногуудад Сирийн сөргөлдөөний гол талбарын нэг болжээ. Засгийн газрын цэрэг стратегийн чухал хотыг эргүүлэн авахын тулд нисэх хүчин, их буу, хуягт техникийг ашиглан хориотой кассетын гэх бөмбөгөөр бөмбөгдөж байна.
Сирийн хоёр гол хот Дамаск, Алеппо хоёрыг холбосон зам дээр Маарет аль-Нуман хот байдаг учраас тэнд хяналт тогтоохгүйгээр тус орны хойд хэсэгт байгаа Засгийн газрын цэрэг шаардлагатай хангамж авч чадахгүй.