Аюулгүйн Зөвлөлд таван шинэ гишүүн сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Аюулгүйн Зөвлөлд таван шинэ гишүүн сонгогдлоо

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэ гишүүдээр хоёр жилийн хугацаатайгаар Руанда, Аргентина, Австрали, Люксембург, БНСУ сонгогджээ. Аюулгүйн Зөвлөл нь хориг тавих эрхтэй байнгын тав, НҮБ-ын ассамблейн хуралдаанаар сонгогдох 10 гишүүдээс бүрэлддэг.

НҮБ-ын Ерөнхий ассамблей аравдугаар сарын 18-ны өдөр байнгын биш таван шинэ гишүүнийг сонгосон байна. Руанда, Аргентин, Австрали, Люксембург, БНСУ хоёр жилийн хугацаатай шинэ гишүүд болсон бөгөөд жил бүр аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 гишүүний тав нь солигдож байдаг. Энэ жил Герман, ӨАБНУ, Энэтхэг, Колумби, Португали тавыг бүрэн эрхийн хугацаа дуусчээ.

Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийг бүсийн зарчмаар сонгодог. Аргентин, Руанда өөрсдийн бүсээс өрсөлдөөнгүй гарч ирсэн бол нөгөө гурван гишүүний төлөө өрсөлдөөнтэй байлаа. Ази, Номхон далайн бүсэд Бутан, Камбож, Өмнөд Солонгос өрсөлдсөн байв. Үлдсэн хоёр суудлынх нь төлөө  Австрали, Финлянд, Люксембург өрсөлдлөө.

Эхний шатны сонгуулиар Руанда, Аргентин, Австрали  шаардлагатай 129 саналыг тус тус авч гишүүн болсон бол Люсембург, Өмнөд Солонгос хоёр хоёрдугаар шатны сонгуулиар гарч иржээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж