Түүнд холбогдох хэргийг шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч тухайн үед УИХ-ын гишүүн байсан тул бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж, шийдвэрлэх явцад саад учирч байжээ. Тухайн үед нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэрэгтэй холбогдуулан түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй байна. Харин одоо Д.Дондог УИХ-ын гишүүний сэнтийгээс буусан тул түүнд холбогдох залилангийн хэргийг хянаж, шийдвэрлэх боломжтой болж буй гэнэ.
УИХ-ын гишүүн асан Д.Дондонгийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж буй юм.
Тодруулбал, Д.Дондог нь 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг авчээ. Энэ мөнгөө тэрбээр тухайн жил болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа ашигласан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн туслах Г.Сайнбаяр өдгөө Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй аж. Энэ хэрэгт мөн А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүн холбогджээ.