Өмнөд Судан газрын тосны үйлдвэрлэлээ сэргээв

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Өмнөд Судан газрын тосны үйлдвэрлэлээ сэргээв

Өмнөд болон Умард Суданы хооронд үүсээд байсан маргаан шийдвэрлэгдэх шатандаа орсонтой холбогдуулан Өмнөд Суданы Засгийн газраас газрын тосны үйлдвэрүүдэд  бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сэргээхийг үүрэг болгожээ. Өмнөд Судан улс Умардаас өнгөрсөн жилийн долдугаар сард албан ёсоор тусгаар тогтносон боловч хоёр орны хооронд газрын тосны экспорт болон хилийн зурвасын талаар шийдвэрлэгдээгүй маргаантай асуудлууд өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Түүнчлэн НҮБ-аас хоёр Суданыг удаан үргэлжилсэн хоорондын маргаантай асуудлуудаа шийдвэрлэх эцсийн хугацаа тогтоож өгсөн ба энэ хугацаанд багтаж хоёр тал асуудлаа шийдвэрлээгүй тохиолдолд хориг арга хэмжээ авах болно хэмээн анхааруулжээ. Үүний дагуу Өмнөд Судан улс өнгөрсөн сард Умардтай маргаантай асуудлуудаар хэлэлцээ хийж, зөвшилцлийн гэрээ байгуулсан байна. Өмнөд Судан улс төсвийн орлогынхоо 98 хувийг газрын тосны орлогоос бүрэлдүүлдэг ба өнгөрсөн нэгдүгээр сард газрын тосны тээвэрлэлтийн үнэ, хөлс дээр Умардтай тохиролцож чадаагүйн улмаас газрын тосны бүтээгдэхүүндээ хориг тавиад байсан юм.

     Б. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж