УИХ-ын чуулганы хуралдаанаар Орон нутгийн сонгуулийг ирэх арваннэгдүгээр сарын 21-нд зохион байгуулахаар баталсан. Үүний дагуу нэр дэвшигчдийг аравдугаар сарын 2-9-ний хооронд бүртгэж, Орон нутгийн сонгуульд хоёр эвсэл, долоон нам оролцохоор болсон.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийг бүртгэж дууссан өдрөөс тойргийн хороо нь нэр дэвшүүлэх журмын дагуу 14 хоногийн дотор бүртгэх эсэхийг нь шийдвэрлэж, олон нийтэд мэдээлэх ёстой байдаг.
Энэ удаагийн Орон нутгийн сонгуультай хамт нийслэлийн УИХ-ын сонгуулийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтыг зохион байгуулах юм. УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр гурван мандаттай бөгөөд нэг нэр дэвшигчийн санал хүрээгүй учраас дахин санал хураалт зохион байгуулахаар болсон. Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигч нь сонгогчдоос 28 хувийн санал авах ёстой ч дээрхи хоёр тойрогт тус бүр нэг нэр дэвшигчийн санал 28 хувьд хүрээгүй учраас дахин санал хураахаар болсон. Дахин санал хураалтаар Баянзүрх дүүргээс МАН-аас нэр дэвшигч Д.Арвин, Б.Батзориг нар өрсөлдөх бол Сонгинохайрхан дүүргээс АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшигч Д.Сумьяабазар нар өрсөлдөх юм.