Хүний эрхийн төлөө тэмцэгчид Каддафийг дурсав

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Каддафийг дурсав

Каддафийн үхлээс жилийн дараа хүний эрхийн төлөө тэмцэгсэд
дарангуйлагчийн үхлийн талаарх  өөрсдийн бие даасан мөрдлөгийн дүнг
гаргалаа.

Хүний эрхийн төлөө тэмцэгсэд Каддафийн амьдралын сүүлчийн мөчүүдийг сурвалжлав 

 Муаммар Каддафи болон бие хамгаалагчдыг нь баривчилсан Ливийн босогчид тэднийг тамлан байцааж, цаазлан цэргийн гэмт хэрэг үйлджээ. Ийм дүгнэлтийг хүний эрхийн Human Rights Watch байгууллага хэвлүүлсэн илтгэлдээ бичжээ. Тэд жилийн өмнө Ливийн дарангуйлагч хэрхэн тамлуулж, цаазлуулсныг тогтоох гэж оролджээ.

Ливийн Жамахирийн лидер Мауммар Каддафи  зэвсэгт босогчдоос зугтаж явахдаа 2011 оны аравдугаар сарын 20-нд Сирт хотноо алагдсан. Түүнээс хойш нэг жил өнгөрсөн ч  түүний үхлийн тухай албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа юм.

Тэр өглөө  довтолгоонд орсон сөрөг хүчний дайчдаас нуугдан зугтаж буй Ливийн дарангуйлагч, тойрон хүрээлэгчдийн цуваа Сирт хотын боомтын эрэг орчмоос өмнө зүгт цөлийг чиглэн хөдөлсөн аж.

Каддафийн цувааны талаар НАТО мэдээлэл аваад тийш Францын бөмбөгч онгоцнууд болон Америкийн нисгэгчгүй онгоцнуудыг илгээжээ. Агаарын өргөн цар хүрээтэй цохилт цувааг зогсоож, босогчид удалгүй хурандаа түүний хүмүүсийг гүйцэн очиж, баривчилжээ. Буудалцаанд Каддафийн дагалдагч нараас олон хүн алагдаж, Ливийн лидер өөрөө үерийн ус зайлуулах хоолойд нуугдаж байгаад босогчдын гарт оржээ.

Дараа нь болсон явдал  түүнтэй тооцоо бодсон хүмүүсийн гар утсанд бичигдсэн үлдсэн юм. Гэхдээ тэр нь бүрэн биш, хэсэгчилсэн бичлэгтэй. Каддафийг ус зайлуулах хоолойноос татан гаргахад дөнгөж амьтай голтой байжээ. Удалгүй пикап машины хажууд хурандаа алуурчидтай ярилцаж буй нь бичигдсэн. Сүүлчийн бичлэгт  амьд үхсэн нь мэдэгдэхгүй, цусанд будагдсан Каддафийг цугларсан олны уухайлал дор түргэн тусламжийн машинд ачин авч одсоныг харуулжээ. Эцэст нь түүнийг Мисурат хотод аваачиж моргийн хөргөгчийн өргөөнөөс хүмүүст харуулж, жигшүүлсэн аж. Үүнээс долоо хоногийн дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ливи дэх цэргийн ажиллагааг зогсоосон.

Энэ аравдугаар сарын 18-ны өдрийн лхагва гаригт Human Rights Watch байгууллагын хүний эрхийн төлөө тэмцэгсэд 58 хуудастай илтгэл танилцуулан, хурандаагийн сүүлчийн мөчүүд хэрхэн өнгөрснийг гэрч нарын яриагаар дэлгэж, босогчид цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан байна.

Каддафийн аюулгүйн албаны бригадын дарга Мансур Дхао HRW-д ярихдаа, Каддафи Триполиос наймдугаар сард зугатсаны дараа Сирт хотод бүгжээ. Каддафи хотын төвд өөрийн 250 орчим хүмүүсийн хамт орогносон аж. Өнгөрсөн  аравдугаар сард хот бүслэгдэж хоол хүнс хомсдоход Каддафи ба түүний хүрээнийхэн эзгүй орон байраар яван хоол, эм тариа хайж байжээ.

“Амьд үлдэхэд маш бэрхт байлаа. Бидэнд идэх талх ч байсангүй” гэж Дхао яриад тэд гоймон, цагаан будаагаар гол зогоож байсан гэв. Каддафи өөрөө гадаад ертөнцөөс тусгаарлагдсан цагаа Коран судар уншин мөргөл хийж өнгөрөөдөг байсныг тэр ярив. “Гэрэл цахилгаан, холбоо, телевиз байгаагүй нь түүнийг бухимдуулсан. Яагаад гэрэл алга байна вэ? Яагаад ус алга болов?” гэж тэр үглэдэг байсан гэж Дхао дурслаа.

Триполиос ухарсны дараа эцгийнхээ дэргэд үлдсэн  Каддафийн хүү Мутассим аравдугаар сарын дундуур Сиртээс өмнө зүг рүү зугтан бүгэхээр шийдсэн ажээ. Өглөөний дөрвөн цагт замд гарахаар төлөвлөсөн байсан ч цувааг цуглуулах гэсээр хойшлогдоод тэд өглөөний найман цагт замд гарчээ. Бараг тэр даруйдаа цуваа пуужингийн довтолгоонд өртөн зогссон гэнэ. Дараа нь тэд босогчдын дайралтанд өртжээ. Ливийн лидер, Батлан хамгаалахын сайд Юнисийн хүү Абу Бакр Юнис өөр хэдэн хүний хамт замын ойролцоох эзгүй байшинд хоргодсон байж. Юнис мөн өөр нэг гэрчийн яриагаар тэдэнд дуулга, хуягт хантааз, буу зэвсэг байжээ.

Ливийн лидерийн бие хамгаалагчид босогчидтай буудалцаж эхлэх үеэр Каддафи амьд үлдсэн бие хамгаалагч нарынхаа хамт замын доорх ус зайлуулах хоолойд нуугджээ. Ухарч байхад  бие хамгаалагч нарын нэг гар бөмбөг шидсэн нь хананд дэлбэрч Каддафи шархадсан байв. Эцэст нь тэд бууж өгчээ. Каддафийг ус зайлуулах хоолойноос татан гаргахдаа босогчдын нэг нь “эрвээхэй” гэх хутгаар түүний өгзгөнд хутгалсан байв.

Дараа нь түүнийг зодож эхэлсэн аж. Түргэн тусламжийн машинд ачих цагт Каддафи ухаангүй байсан ажээ. Түүний үхлийн шалтгааныг HRW тогтоож чадаагүй юм.

Аравдугаар сарын 20-ний өдрийн тулалдаанаар хурандаагийн дагуул зуугаад хүн алагджээ. 150 орчим хүн амьдаар олзлогдсон ба HRW байгууллагын шинжээчдийн тогтоосноор тэдний дал орчим хүнийг Мисурат хотод хүргэсэн байна. Дараагийн өдөр нь хотын нэгэн зочид буудлаас наад зах нь 53 хүний цогцос олдсон юм. Тэдгээр цогцос хүмүүсийг тамлан байцаасныг гэрчилсэн юм.  HRW  өөрийн илтгэлдээ баримт болгож олзлогдсон Каддафийн дайчид ба буудал дахь цогцсийн гэрэл зургийг нийтэлжээ.

Босогчдод олзлогдсон Мутассим Каддафийг  Мисурат хотноо авчирч байцаасан бичлэг байна. Муаммар Каддафийн хүү баривчлагдсаныхаа дараа босогчдын “Хөндийн арслангууд” отрядын дайчидтай ярилцан ус ууж, тамхи татаж буй нь  бичлэгт үлджээ. Түүний чээжинд нь дэлбэрэлтийн хэлтэрхийн жижиг шарх харагдаж байлаа. Мутассим аравдугаар сарын 20-ны үд дунд гэхэд амьсгал хураасан юм. Чээжинд нь шинэ шарх харагдаж байсан нь түүнийг дараа нь хөнөөжээ гэх дүгнэлтийг хийж болохоор хэмээн илтгэлд бичжээ.

HRW  онцолсноор аравдугаар сарын 20-нд хичнээн хүн юуны улмаас амиа алдсаныг Ливийн мөрдөн байцаагчид тогтоох гэж  оролдоогүй ч үгүй гэжээ. Илтгэлд тэмдэглэснээр Каддафийг хөнөөсөн зэвсэгт бүлэглэлийнхэнээс хэн ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд одоо Сирт хотод орогнож буй босогчид  дүрвэгсэдийг буцан очиход нь саад хийж байгаа ажээ.

"Каддафийн үхэл" ЭНД дарж үзнэ үү

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж