Цуурагчид цуурга хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Жамаараа тэнхлэгээ эргэж байсан дэлхий удахгүй сүйрэх нь гэдэг яриа нэг л өдөр амнаас ам дамжин яригдаж, 70 настай ээж аавын минь сэтгэлийг зовоолоо. Үр хүүхэдтэйгээ өдий насалчихаад дэлхийн сүйрлээр энэ хорвоогоос явах нь гэсэн бодол тэднийг зовоосон биз. Хөгшчүүл маань өдий наслахдаа өчнөөн зүйл үзэж, сонссон байж таарна. “Галав юүлэх” гэж сонссон болохоос энэ яваа насанд нь нэг л өглөө нар мандахаа байж, тэнгэр дээрээс нь хөмрөөд ирэх юм гэж хэн санах билээ. Зөвхөн миний ээж аав бус “үнэхээр ч сөнөчих юм болов уу” гэсэн эргэлзээ, айдас цөөнгүй хүмүүст төржээ. Олон нийтийн сэтгэлийг зовоож, айдаст автуулсан хэргийн эзэн нь Орифлеймийн гэгдэх Б.Оюунгэрэл. Энэ хүн эрүүл ухаантай л юм бол дэлхий сөнөх сургаар Орифлеймд элсэгчид нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн нь илүү эрэлт хэрэгцээтэй болно гэж тооцохгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүтэн цаг үргэлжилсэн аймшигт цуурхал түүнд ямар ашигтайг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Түүний энэ үйлдлийг олон нийт янз бүрээр хүлээж авчээ. Шавь нартаа 15 000, бусдад 25 000 төгрөгөөр худалдаалж байгаа Өөрөөр сэтгэж, өөдрөг амьдаръя номоо зарах, номоороо нэрлэсэн “ертөнцийг танин мэдүүлэх” гэдэг тодотголтой лекцдээ хүмүүсийг татах гэсэн арга хэмээн үзэгсэд цөөнгүй байна. Түүний энэ үйлдлийг ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Ү.Сүхбаатар гэмт хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Нэг үндэстний цаг тоолол дуусахаар бүхэл орчлон сөнөнө гэдэг хэтэрхий ядмаг логик. Маяагийн соёл бол дэлхийн иргэншлийн өчүүхэн хэсэг. Физик, одон орон судлалын сурах бичгээс хэтрээгүй хүн дэлхийн сүйрлийн тухай амны зоргоор ярихыг мэргэжилтэн таалахгүй. 

Цоорхойг ашигласан цуурхал

Г.Оюунгэрэлийн энэ үйлдлийг цуурхал төдий зүйл биш гэж хуульч, судлаач Г.Оюунболд хэллээ. Харин шинэ төрлийн гэмт хэрэг гэж тэрбээр онцолсон юм. Хүн худалдаалах, хар тамхи тээвэрлэхийг манайхан шинэ гэмт хэрэг гэж хүлээж авдаг хэрнээ оюун санаанд нөлөөлсөн ийм асуудлыг “цуурхал” гэж үздэг нь дураараа бурагчдыг давраадаг аж. Амныхаа зоргоор хүний тархи угаагчдад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо манайд байна уу? Энэ асуултад судлаач маань шууд “байхгүй” гэж хариулсан. Товчхондоо хүмүүсийн сэтгэл санаагаар хэсэг тоглож байгаад ямар ч шийтгэлгүй үлддэг байна. Эрүүгийн хуулийн 144.1-д заасан “Шашны харгис үзэл номлолыг санаатай сурталчилсан буюу тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалтыг барьж болох гэнэ. Гэвч эцэг хуулийн шашнаар ялгаварлан гадуурхахыг хориглосон заалтыг зөрчиж гацаанд орох аж. Тэгэхээр нийтийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ард түмнийг цагаан цаас гээд дуртай нэг нь эрээчиж, базаж хаяад байх уу? Судлаач Г.Оюунболдын үзэж буйгаар манайд нийтийн эрх ашгийг хамгаалдаг субьект байдаггүй нь олон нийт хохирох нэг нөхцөл болдог байна. Ард түмнийг хүссэн хүний зугаа болгохгүйн тулд тэднийг хамгаалж үгээ хэлдэг, гомдол гаргадаг субьект байвал олон асуудлаас та биднийг аврах аж. Хэрэв өнөөдөр Монгол Улсад олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг субьект байсан бол Г.Оюунгэрэлийн эсрэг гомдол гаргах бүрэн боломжтой. Үүнээс гадна хамгийн чухал асуудал бол хуулийн  заалт. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд цуурхлын тухай маш тодорхой зааж өгөх ёстой гэж Г.Оюунболд үзэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн заалтын 80 хувь нь хохирол шаарддаг гэнэ. Тиймээс Г.Оюунгэрэлийн энэ үйлдлээс болж хэн, яаж хохирсон нь тодорхойгүй учир мөн л хариуцлага ярих боломжгүй аж. Иймд цуу тараасан бол шууд гэмт хэрэг гэж үзэх хуулийн заалт зайлшгүй хэрэгтэй байна. АНУ болон бусад орны Эрүүгийн хуульд нийгмийг хамарсан шинжтэй сөрөг мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцох тухай заалт байдаг гэнэ. Миний, таны ээж аавыг, ах эгчийг, дүү, хамаатан саданг хамгаалдаг хууль, түүнийг барьж та бидний өмнөөс дуугардаг хүн үнэхээр үгүйлэгдэж байгааг Г.Оюунгэрэлийн явдал хангалттай харууллаа.

Мэддэг ч юмгүй, мэддэггүй ч юмгүй ард түмэн

Эртээ урьдын цагт эсвэл тээр жил гэж эхэлсэн аман ярианд монголчууд хэтэрхий итгэдэг нь энэ удаагийн цуурхалд автах нэг шалтгаан болсон гэж Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг үзэж байна. Тэрбээр монголчуудыг ам дамжсан зүйлийг “үнэн” гэж хүлээж авдаг сэтгэлгээний онцлогтой хүмүүс хэмээн тодотгов. Дээр нь сонссон зүйлээ хэтэрхий дэврүүнээр хүлээж авч, боддог хийсвэр сэтгэлгээ нь ч цуурхалд итгэж, сэтгэл санаагаа зовооход хүргэдэг аж. Цунами болж байхад япончууд маш тайван байхад энд байгаа монголчууд сандралдаж, үр хүүхэд, ах дүүгээ дуудаж байсныг бид бэлхнээ санаж байгаа. Зөвхөн энэ сэтгэлгээний онцлогоос хамаараад зогсохгүй мэдээлэл муутай, дээр нь авсан мэдээлэлдээ шүүлтүүргүй ханддаг нь цуурхлын золиос болоход хүргэдэг хэмээн сэтгэл судлаач тайлбарлалаа. Дэлхий сөнөх гэж байгаа учраас хичээлдээ явахгүй гэсэн оюутнууд, ажлаа хүчээ дайчлахгүй байгаа хүмүүс, тэр өдрийн нислэгээ хойшлуулсан хүн гээд нийгмийн хэсэг бүлэг нь цуурхалд хэт автсаныг тэрбээр тоочсон юм. Авсан мэдээллээ нягтлаагүй болох нь янз бүрийн зан үйлээр илэрдэг гэнэ. Хүмүүстэй муухай харьцахаас эхлээд амьдрах зорилгогүй болох тохиолдол ч гардаг байна. 

Хар мэдээний хаялга

Дэлхийн төгсгөлийг шашин ёрлодог. Өөрийгөө болон хүрээлэн байгаа орчноо мөнх бусын мөн чанартай юм гэдгийг олж мэдсэн хүний логик гаргалгааны үр нь ийнхүү шашин болгонд тусгалаа олжээ. Энэ өдрүүдэд христийн сүмүүд ихэд идэвхжив. Манай сүмд очвол дэлхий сөнөсөн ч аврагдана гэж ухуулж яваа номлогчтой итгэгчийн дүрээр уулзсан юм. Зүгээр л сүмийнх нь орчмоор яв гэсэн танилынхаа үгийг дагаж, Баянзүрх дүүрэгт байрлах “Дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийн “Бурханы сүм” рүү дөхөж явтал хоёр бүсгүй ахимаг насны эмэгтэйд нэг зүйлийг их л чимэнгүй тайлбарлаж байгаа нь миний олз ойрхон байгааг илтгэв. Сонирхож байгаа царай гаргаад өнгөртөл араас дуудаж, “Сонирхож байгаа бол хамт сонсч болно шүү” гэж ёстой л маажуулаар газар загатнууллаа. Ингээд би сөнөх дэлхийгээс аврагдах замаа олох “Бурханы сүм” рүү орлоо. Библид бичсэнээр Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэж, баптист хүртэх нь аврагдах нэг арга гэнэ. Энэ баярыг тэмдэглэснээр бүх муу муухай зүйл дээгүүр өнгөрөх ёстой аж. Цаг тооллоор бол энэ оны дөрөвдүгээр сард дээгүүр өнгөрөх баяр өнгөрчихсөн аж. Нэгэнт баяраас нь хоцорчихсон хойно баптист хүртэж болохгүй юу гэвэл бас үгүй гэнэ. Хоёр, гурван хичээлийн дараа баптист хүртэж, бурханы хүү болох журамтай юм байна.

Энэ сүмд явдаг хүн бүхэн баптист хүртсэн гэж Цэндээ, Амгалан-Энх хоёр надад тайлбарлав. Тэгэхээр дэлхий сөнөлөө гэхэд гэж асуултаа дуусгаж амжаагүй байтал бидэнд айдас байхгүй гэж тэд хариулсан юм. Харин дэлхийн төгсгөлийн талаар Библид цаг хугацаа огтхон ч заагаагүй байдаг гэнэ. Зөвхөн газар хөдлөлт, гал түймэр, үндэстэн хоорондын дайн зэрэг шинж тэмдгийг заажээ. Тиймээс дэлхийтэй хамт сөнөхгүй үлдэх гарц нь баптист хүртэх. Тэр нь ч тун хялбархан. Ганц хоёр хичээлд суугаад талх идэж, дарс уугаад л болох гэнэ. Тэд зарим нэг сүм хийд шиг мөнгө нэхэж, орогнох байр, хоол хүнс базаана гэсэнгүй. Зөвхөн баптист хүртэж, бурханы охин болохыг надаас хичээнгүйлэн хүссэнээр бидний уулзалт төгссөн юм. Дэлхий сөнөхөд дэлхий дээр амьд үлдэнэ гэдэг дэндүү тэнэг ухааныг нь одоо болтол ойлгоогүй л явна.

Завь нь живсэн ч эзэн нь үхэхгүй

Энэ өдрүүдэд Мон-Лаагийн бүтээгдэхүүний борлуулалт 10-15 хувиар нэмэгдсэн байна. Харин бид “Нарантуул” зах орж, дэлхий сөнөхөөс аврагдах бас нэг арга гэгдсэн монгол гэрийн арилжааг сонирхсон юм. Таван ханатай гэрийн мод 750 000-1.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Дөрвөн ханатынх бол 600 төгрөгөөс эхэлж байгаа аж. “Гэрийн модны үнэ өнгөрсөн жилийнхээс багагүй нэмэгдэж дээ” гэж мэддэг царайлтал зарим худалдагч, “Гайгүй ээ” гэж байхад нөгөө нэг нь шал, эсгий үнэд орсон болохоор жаахан нэмэгдсэн гэж байлаа. “Гэр авах гэж байна уу?” гэж сонирхонгуй харах худалдагчид хандан, “Би ч гэсэн аврагдмаар л байна” гээд, “Дэлхий сөнөх нь гээд хүмүүс гэр аваад байгаа гэл үү?” гэж асуув. “Монгол гэр л үлдэнэ гээд байрныхан гэр их авч байгаа. Бас Солонгос, гадаад орнуудаас 10 мянган гэрийн захиалга ирсэн. Үйлдвэрлэгчдээс 10 мянган гэр гарахгүй ээ” гэсэн хариултыг худалдагч Хуягаа хайнга “чулуудав”.

Өдөрт 2-3 мод зардаг гэнэ. “Өнгөрсөн жилийнхээс хамаагүй их шүү” гэх нь их сэтгэл хангалуун харагдсан. Энэ мэтээр хэд хэдэн гэр зарагчтай яриа өрүүлснийхээ эцэст дунд зэргийн модтой таван ханат, давхар бүрээс шалтайгаа 1.8 сая төгрөгт босно гэдгийг мэдэж авлаа. Монгол гэртээ сууж байгаад дэлхийн сүйрлийг өнгөрөөчихөөд цаашдаа аятайхан амьдаръя гэвэл 2.9 сая төгрөг шаардлагатай аж. Гэхдээ сууж явсан завь нь захгүй далайд живэхэд дээр сууж яваа нөхөр монгол тоорцог толгой дээрээ тавилаа гээд аврагдах болов уу гэдэг бодол одоо ч салаагүй хэвээрээ.

Хар хэлтийн амны бэлгэ

Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг улигт үгийн ханш энэ өдрүүдэд харин ч овоо өслөө. Орифлеймын гэгддэг Г.Оюунгэрэлээс хэдэн зүйл асуух гэсэн боловч “Танай сэтгүүлийг үзэж харж, судалж байж болно” гэсэн юм. Шашны сектийн хэмжээнд хүрсэн сүлжээний наймаа эрхлэгч дагалдагч нартаа юугаа цуурах түүний хэрэг. Харин ийм зүйлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж суугаа мэргэжил нэгтнүүд минь ядаж “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдгийг санаж яваач. Зурагтын дэлгэцээр дүүрсэн цуурагчид ухаан дутаж болно, харин бид олон нийтийн өмнө хариуцлага хүлээдгийн хувьд тэдэнд цуурга болох учиртай. Гүнээ мэхийн гуйя.

Б.БАТЦЭЦЭГ

Эх сурвалж: “ҮНДЭСТНИЙ ТОЙМ” сэтгүүл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж