УИХ-ын сонгуулиар Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нараар тангараг өргүүлэх шийдвэрийг СЕХ-ноос гаргасантай холбогдуулан МАН-ын гишүүдийн зүгээс эсэргүүцэн жагсаал цуглаан, суулт өрнүүлж буй.
Дөнгөж сая жагсагчдын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хаягласан бичгийг гардуулахаар Төрийн ордонд орж ирэв. Жагсагчдын бичгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Я.Содбаатар нар авч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өрөөнд орлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар тэр өрөөнд байсан юм.
МАН-ын гурван гишүүн баахан сэтгүүлч дагуулан давхиж ороход Ерөнхий сайд нэлээд гайхсан байдалтай байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “МАН-ын хийж байгаа алхам хууль битгий зөрчөөсэй. Би үйл явдлыг их тэвчээртэй харж байгаа. Сонгуулийн үеэр улаан цайм мөнгө тараасан үйлдлүүд гарсан. Өвөрхангайн тойрогт хэл ам гарсан. Шүүх асуудлыг авч үзээд СЕХ шийдвэрээ гаргасан. УИХ бол шүүх биш. Хууль тогтоох байгууллага. Тиймээс СЕХ-ны шийдвэрийг дагаж байгаа” гэлээ.
Гишүүн С.Бямбацогт “Шүүхийн процесс дуусаагүй байхад хоёр нэр дэвшигчээр тангараг өргүүлэх гэсэн нь буруу. Үүнийг эсэргүүцсэн жагсаалыг УИХ дахь МАН-ын 25 гишүүн, бие даагчид дэмжиж байгаа. Тангараг өргөх асуудлыг хойшлуулаад УИХ-аар бусад асуудлаа хэлэлцье” гэсэн бол гишүүн Я.Содбаатар “АН хүч түрэмгийлсэн байдал гаргаж байна. Нөхцөл байдлыг парламентад суудалтай намууд авч хэлэлцэх хэрэгтэй” гэж байлаа. Гишүүн Н.Энхболд гадаа жагсагчид бол сэтгэлийн дуудлагаараа ирсэн хүмүүс болохыг тайлбарлав.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Та нарын ярьж байгаа зүйлийг мэдэж байгаа. Чуулганы танхимын үүд дарсан диванаа зайлуулах хэрэгтэй. Сонгуулийн үеэр маргаан гарсан. Увсын асуудлыг орхисон. Өвөрхангай дээр маргаан гарсан. Мөнгө төгрөг, архи дарс сонгогчдод тараасан гэх маргаан үүссэн. Шүүх авч хэлэлцээд, СЕХ шийдвэрээ гаргаж, АН-ын хоёр хүн тангараг өргөх юм байна гээд УИХ-ын даргад өргөн барьсан. МАН-ын гишүүд чуулганы танхимын үүдийг хааж, УИХ-ын даргын өрөөнд дайрч орсон. Өнөөдөр манай өрөөнд баахан камертай орж ирлээ. АН өөрчлөлт шинэчлэлтийг цааш нь явуулж, хээл хахууль авдаг байдлыг өөрчилнө. Ард түмний нэрээр иймэрхүү хэргийг далдалж амиа хоохойлдгийг зогсооно. Сонгуулийн маргаан бол УИХ-ын гишүүдийн ярьдаг зүйл биш. СЕХ шийдвэрээ гаргаж, УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн асуудал” гэлээ.