Энэ нь хоёр жилийн өмнө Грекийн өрийн хямрал эхэлснээс хойш болж буй 20 дахь удаагийн эсэргүүцлийн жагсаал аж. Эсэргүүцлийн жагсаалд эмч, багш, таксины жолооч, онгоцны нислэгийн диспетчер гэх мэт бараг бүх төрлийн ажил, мэргэжлийн хүмүүс оролцсон ба жагсаал 24 цаг үргэлжилжээ. Эсэргүүцлийн жагсаал ерөнхийдөө тайван болж өрнөсөн ч зарим эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна.
Афины цагдаа нар уурлаж бухимдсан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан бол эсэргүүцэгчид тэдэн рүү шатах бодис бүхий сав, чулуу шидэж байжээ. Грек улс Европын холбооны шаардлагын дагуу 13 тэрбум еврогийн хэмнэлт хийхийг зөвшөөрөөд байгаа боловч Грекийн Засгийн газар дахин 31.5 тэрбум еврогийн хэмнэлт хийхийг үүрэг хүлээгээд буй юм. Одоогоор Европын холбооны орнуудын тэргүүнүүдийн чуулга уулзалт Белгийн Брюссель хотод болж байгаа ба тэд Грекийн эдийн засгийн талаар хэлэлцэх аж.