Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нараар УИХ-ын тангараг өргүүлэх гэсэн үйл ажиллагаанаас улбаатай МАН-ын эрхэм гишүүдийн суулт төрийн ордонд, жагсаал нь Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Сүхбаатарын талбайд МАН-ын нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Ж.Сүхбаатар нараар ахлуулсан жагсаалыг МАН-ын гишүүн Ө.Энхтүвшин нээв. Тэрбээр “МАН-ын гишүүд Төрийн ордонд ч гэсэн тэмцлээ үргэлжлүүлж байгаа. Ардчилсан намын гишүүдтэй ярилцъя гэсэн боловч олонхиор хүч түрэн шийдвэрлэхээр зүтгэж байна. Тиймээс бид ардчиллыг аврахын тулд тэмцлээ үргэлжлүүлнэ” гэлээ. Мөн Сүхбаатарын талбай дахь жагсаалд МАН-ын гишүүн Сү.Батболд, Д.Оюунхорол, Н.Энхболд болон бусад намын гишүүд оролцож байна. Жагсаалд оролцогчид Төрийн ордны өмнө байрлуулсан индрээс байр сууриа илэрхийлж, АН-ыг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж байна.
Ш.ЧИМЭГ