МАН-ынхан ба “Хонхны дуу”

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

МАН-ынхан ба “Хонхны дуу”

Сүхийн талбай дээр өнөө өглөө “Хонхны дуу” эгшиглэлээ. Яг л тэртээ 1990 оны өвөл шиг. Монголчуудыг ардчилалд уриалж, социализмын нойроос сэрээсэн “Хонхны дуу”-г С.Цогтсайхан агсан, Н.Энхбаяр нарын дуулсан бичлэгээр МАН-ынхан цуурайтуулсан нь харин сонин байв. Н.Энхбаяр гэдэг нь  Ерөнхийлөгч асан биш. Намсрайжавын Энхбаяр гэж СЕХ-ны дарга асан Н.Лувсанжавын дүү юм.

Хориод жилийн өмнөх ардчилагчдын сүлд дууг МАН-ынхан эгшиглүүлж, АН-ын “том толгойлоод” байгаа нөхдийг сэрээж байгаа аж.  Жагсаалыг зохион байгуулж буй яруу найрагч Ж.Мөнхбат тэгж хэлнэ лээ. Хориод жилийн өмнө ардчилагчид  жагсч, “Хонхны дуу”-гаар эрх баригч МАХН-ыг сэрээж байсан бол өдгөө МАН-ынхан АН-ынханд дууг нь буцаан зориулав.

Бас ганцаархнаа парламентын танхимд сөрөг хүчин болж уриа лоозон барьж байсан Л.Гүндалайн “патент”-ыг МАН-ын эрхэм 25 гишүүн “өвлөж” аваад бөөнөөрөө “гүндалайдаж” байгаа. Цаг ингэж эсрэгээрээ эргэж МАН-ынхан “Хонхны дуу”-н дор жагслаа.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж