Н.Алгаа: Уул уурхайн мэдлэгээр намайг барахгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Н.Алгаа: Уул уурхайн мэдлэгээр намайг барахгүй

Сүүлийн үед "Оюутолгой" төслийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж хөөрцөглөх улстөрчид олширлоо. Энэ талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Ха­риуц­­лагатай уул уур­хай" төрийн бус байгууллагын Удир­дах зөвлөлийг ху­рал­дуулсан. Энэ Удир­дах зөвлөлд Засгийн газрын тө­лөөлөл, хувийн хэв­шил, уурхайн чиглэ­лээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын нөх­дүүд байдаг байх аа?

-Тийм ээ. "Ха­риуцла­гатай уул уурхай" төрийн бус байгууллагын Удир­дах зөвлөлийн долоо нь Засгийн газраас, долоо нь уул уурхайгаас, долоо нь иргэний нийгмийн тө­лөөлөл байдаг юм. Удир­дах зөвлөлийн гишүүн С.Ганбаатарын зарлан хуралдуулсан хурал­даанд Засгийн газраас нэг ч хүн ирээгүй. Уул уурхайн төлөөлөл гурван хүн, бусад нь иргэний нийгмийн төлөөлөл бай­сан. Ингээд арван нэгэн хүн  цуглаад хоёр асуудал хэлэлцэх болсон. УИХ-ын гишүүн С.Ганбаатар  "Оюу толгой" төслийн  гэ­рээг өөрчлөх хөдөлгөө­нийг дэмжих тухай" гэсэн нэртэй материал тараа­сан юм.

-"Хариуцлагатай уул уурхай"  төрийн бус байгууллагын ги­шүүд ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Эхлээд С.Ганбаатар "Оюу толгой" төслийн гэ­рээ ард түмэнд ашиггүй болсон. Үр дүн нь гарах­гүй байна" гэж ярьсан. Тэгээд олон хятад ажил­лаж байна гэнэ, зам барь­сангүй л гэнэ, барилга барьсангүй л гэнэ. Тэгэ­хээр нь би "Хариуцла­гатай уул уурхай" төрийн бус байгууллагын дүр­мээр хэлэлцэх асуудалд багтахгүй байна. Бид ямар нэг гэрээ, хэлэл­цээрт өөрчлөлт оруулах боломжгүй" гэдгийг хэл­сэн. Нөгөөтэйгүүр "Оюу толгой" төслийн гэрээг таван жил хэлэлцээд хоёр удаа УИХ-аар чиг­лэл өгөгдөн байж батал­сан. Өнгөрсөн жил Үндэс­ний аюулгүй байдлын зөв­лөл "Стратегийн ач холбогдол бүхий "Оюу толгой" төслийн гэрээг оролдоод хэрэггүй гэсэн шийдвэр гаргачихсан юм. Бидний шийдэх асуудал биш байхгүй юу.

-УИХ-ын гишүүн С.Баярцогт нэгэнтээ "Ганбаатар аа, чи гэ­рээ­гээ сайн унш. Хууль дүрмээ мэ­дээд ярь" гэсэн.   Түүнтэй адилхан та бас "Ганбаатар аа, чи юмаа мэдээд ярь" гэсэн зөвлөгөө өгсөн байна лээ.

-Тийм ээ. С.Ганбаа­тар бусад оронд ийм төс­лийг ингэж хэрэгжүүлдэг гээд олон юм ярьдаг. Африк, АНУ, Англи улсад тэгдэг гэнэ лээ гээд ярьдаг байхгүй юу. Тэгэхээр нь би "Ганбаатар аа, чи мэ­дээл­лийг хэвлэлээс ч, эрдэмтэн мэргэдээс ч, эмгэд хөгшдөөс авч бол­но. Чиний яриад байгаа бүхэн мэдлэг биш мэдээ­лэл байна. Сонин хэвлэл, хэн нэгний ярьсан мэдээл­лээр ярьж болохгүй. Үнэ­хээр чи уул уурхайн та­лаар мэдлэгтэй юм бол надтай ярь" гэдгийг хэлсэн.

-Ерөнхийдөө та мэт­гэлцээнд урьсан байна шүү дээ?

-Тэгье гэхгүй байна лээ. Надтай мэтгэлцэхгүй нь ойлгомжтой. Тэгэхдээ би хэвлэлийн өмнө мэт­гэлцэхгүй. Хувиараа уул­заад "Энэ нь ийм байдаг" гэж хэлж өгнө.

-Тан шиг уул уур­хайн талын мэргэж­лийн хүнээс жийрх­сэн юм болов уу. Хэн­тэй ч мэтгэлцэ­хэд бэлэн гээд бай­даг шүү дээ?

-Надтай мэтгэлцэх хэмжээний мэдлэгтэй хүн биш. Фенг-Шүйгээр бол намайг дийлж магадгүй. Би уул уурхайн салбарт гучин жил ажилласан хүн. Тэгээд ч С.Ганбаатар "На­дад мэдээлэл байхаас мэдлэг байхгүй. Энэ төс­лийн талаар уул уурхайн талын эрдэмтэн докто­рууд үг хэлэх хэрэгтэй" гэдэг юм.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар юм бич­дэг үзгийг хараад царил лоом гээд тэс хөндлөн дайраад байгаа юм биш үү?

-Тийм л дээ. Мэдээ­лэл, мэдлэг хоёроо цэг­цэлж чадахгүй байгаа хүн. Нөгөөтэйгүүр мань эрийг далдаас нэг юм удирдаад байна. Дараагийн сон­гууль уу, харь гүрний бодлого уу хэлж мэдэхгүй юм. Ард түмний хүсэл сонирхлын эсрэг яваад байгаа юм. Хуурамч эх орончид олон нийтийн нэрийг барьж хангалттай улс төр хийлээ. Тэгээд ч Монгол Улсын тусгаар тогтнол гэж их ярих юм. Гуравдагч орны том ком­паниуд орж ирээд улс орны тусгаар тогтнол баталгаатай байна шүү дээ.

-"Оюу толгой" төс­лийн гэрээний та­лаар юу ч мэдэхгүй хэрнээ "Өөрчлөлт оруулна" гэхийн учир юу юм бол?

-Мань эр өөртөө нэг зорилго тавьсан байна. Тэр нь "Оюу толгой" төс­лийн гэрээг өөрчлөх  юм билээ. Ямар улсын эрх ашиг байгаа гэдгийг мэ­дэхгүй юм. Хэрвээ энэ төсөл буруу гэж байгаа бол маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл маниас илүү гарах хэрэгтэй. Зүгээр нэг хүний хэлсэн үгээр явж болох­гүй. С.Ганбаатар "Оюу толгой" компанид олон хятад ажилчид ажиллаж байна. Тэгэхэд Улаан­баатар хотод олон зуун хүн цэвэрлэгчийн ажил хийж байна" гээд л авч байгаа юм. Тэр олон зуун хүнийг хэн цэвэрлэгч хий гэсэн юм бэ. Чин үнэнийг хэлэхэд Монголын ба­рилгын бүх компанийг цуглуулаад ч хоёр жилийн дотор тийм хэмжээний бүтээн байгуулалт хийж чадахгүй. Өнөөдөр япон­чууд "Нарны гүүр"-ийг ашиглалтад өгч байна. Манайхан байсан бол ашиглалтад өгч чадах уу. Түүнтэй адилхан хөрөнгө оруулагч зургаан тэрбум ам.доллараа хийчихээд   хүлээгээд суух уу. Маш богино хугацаанд ча­нар­тай, ашигтай барилга байгууламж байгуулахыг  хүс­дэг байхгүй юу. Харин монголчууд тэднээс на­рийн мэргэжлийн ажил  сураад үлдэх хэрэгтэй.

-"Оюу толгой" төс­лийн гэрээг уул уур­хайн салбарын хич­нээн мэргэжилтэн эсэргүүцдэг юм бэ?

-Хоёр гурван  хүн эсэр­гүүцэж гурван мянган   хүн дэмждэг байхгүй юу. Энэ гэрээний мөн чана­рыг мэдэж байгаа ч зү­гээр эсэргүүцдэг нөхөд бий. Одоо хүртэл төвлөр­сөн төлөвлөгөөт эдийн засгийг дэмжээд байгаа юм. Төслийн гэрээг эр­дэмтэн докторууд хийх ёстой гэж боддог. Нөгөө­тэй­­гүүр социалист, капи­та­­лист нийгмийн чиг ба­рим­жаатай эрдэмтэн мэр­гэд ч маргаанд орол­цох нь бий. Гэхдээ социа­лист чиг баримжаатай нь хоёр гурваас хэтрэхгүй.

-Энэ гэрээг өөрчилж болох уу?

-Хоёр тал тохирол­цоод сонгодог утгаараа гэрээ байгуулсан. Гэрээг өөрчлөх асуудлыг гэрээ нь өөрөө зохицуулна. Нэг тал хүч түрэмгийлсэн, эрх ашгийг хөндсөн байвал гэрээ хэрэгжихгүй зогс­чих­но. Канадчууд зур­гаан тэрбум доллараа хийчихсэн учраас үйл ажиллагаагаа царцаах аюултай. Энэ компани чинь таван тивд олон зуун төсөл хэрэгжүүлж байгаа учраас мөнгө тийшээгээ хийх магад­лалтай.

-Төслөө царцаана гэдэг сайн цагийг хүлээнэ гэсэн үг үү?

-Энэ бүхний үр да­гаварт Монгол Улс чинь хулхины улс гэсэн ойлгол­тыг дэлхий нийтэд өгнө. Хөрөнгө оруулалт хийх улс орон олдохоо байна гэсэн үг. Ийм ойлголтыг өгөөд эхэлчихсэн. Өчиг­дөр л "Ройтерс" агентлаг "Оюу толгой" төслийн гэ­рээнд өөрчлөлт оруулах талаар тохиролцоо хийгдэхгүй" гээд мэдээлж байна. Энэ бүхний цаана Монгол Улсын нэр хүнд унаад байгаа юм.

-Эрхэм гишүүд "Оюу толгой" төслийн талаар олон жил яри­лаа. Үнэхээр улс төрийн шоу юу?

-Тийм ээ. Дахин сон­гогдох гэсэн улстөрчдийн шоу л байхгүй юу. Нэр алдар олох гэсэн мэдлэг муутай улстөрчдийн шоу гэдгийг шууд хэлнэ.

-"Оюу толгой" төс­лийн үр дүн хэзээ гарах бол…?

-2013 оноос эхлэн бүтээгдэхүүн гаргаж эхэлнэ. Далд уурхай л 200 км малтлага хийхээс дөнгөж 11 км яваад байна. Яагаа ч үгүй байгаа биз дээ. Маш их газар шорооны ажил хийнэ. Энэ ажил 2016 он хүртэл хийгдэнэ. Энэ газар шорооны ажил хөрөнгө оруулалт мөн үү. Мөн. Борлуулалт хийх явцад хөрөнгө оруулаг­чид ногдол ашиг авахгүй. Өнөөдөр Монгол Улс тат­вар авч байна. Монголын төр борлуулалт эхлээгүй байхад татвар аваад сууж байгаа юм. Борлуулалт эхлэхээр шууд таван хувиа аваад явна. Өнөө­гийн өнцгөөс харахад  71 хувиа мөнгөн урсгалаа­раа аваад явж байгаа юм.

-Уул уурхайд тул­гуурлан хөгжинө гэх хэрнээ эсэргүүцэх улстөрчид олон байх юм. Өчигдөр л гэхэд УИХ-ын ги­шүүн уран олборлохыг эсэргүүцээд байна лээ.

 -2005 оноос эхлэн уул уурхайг үзэн ядсан улс төр явагдаж эхэлсэн гэхэд болно. Бороогийн татварын хөнгөлөлт, дэл­хий дахинд хийсэн Ро­берт Фридландын мэдэг­дэл зэрэг яриа хөөрөө­нүүд  хөрс суурь нь болж байлаа. Тэрнээс хойш гудамжинд ч, Төрийн ор­донд ч уул уурхайг үзэн ядсан өнгө аяс мэд­рэг­дээд эхэлсэн юм. Өчигдөр УИХ-ын гишүүд мэдэгдэл хийж байгааг харсан. Ура­ны хайгуул, олборлолтыг зогсоох тухай ярьж байна лээ. Бас л мэдлэггүйн гай шүү дээ. Тэр гишүүд уран бол аюултай гэдэг үгийг хэнээс ч юм бэ сонсчээ. Сенсаацтай сэдэв юм байна. Олон хүнд таа­лагдаж магадгүй гэж бо­дохгүй юу. Энгийнээр хэлэхэд цөөн хэдэн улс олон нийтийн шахалтаас болоод ураны олборлол­тоос татгалзаж байна.  Дэлхий дээр олон улс орон атомын цахилгаан станц барьж байгуулж байна шүү. Уран бол хам­гийн үр ашигтай эрчим хүчний эх үүсвэр хэвээ­рээ л байх болно. Аюул ослын тухайд гэвэл цац­раг идэвхт бодисын үүс­гүүр зөндөө бий. Эрүүл мэндийн салбарт ч гэсэн байна шүү. Ураны сал­бар улс төрийн шалтгаа­наас болоод уначихаад байгаа юм. Олборлох талаар олон жил ярилаа.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж