Европын парламентын дарга, социал демократ Мартин Шульц (MartinSchulz) улсынхаа санхүүг цэгцлэн бүтцийн өөрчлөлт явуулахад нь Грекийн засгийн газарт илүү хугацааг олгох ёстой гэж хэлэв. “Дараагийн долоо хоногт юу болохыг хэлэх аргагүй. Афинд хоёр жилээр хугацааг нь сунгалаа гэхэд бүгд сүйрнэ гэж ярих нь утгагүй хэрэг” хэмээн Шульц пүрэв гаригт мэдэгдэв. Түүний хэлснээр Грек тавьсан зорилгодоо 2020 онд биш 2022 онд хүрэхэд буруутаад байх зүйлгүй ажээ.
Европарламентын тэргүүн Брюсселийн саммитаас Грект нааштай хандана гэж найдаж буйгаа хэлэв. “Өнөөгийн дээд хэмжээний уулзалт Грекийг евро бүсэд үлдээнэ гэж хэлбэл хамгийн ухаалаг шийдвэр байх болно” гэж тэр хэлээд энэ нь зээлдүүлэгчдийн итгэлийг авчирна гэж онцолжээ.
Европын холбооны 27 гишүүн орнуудын лидерүүдийн уулзалт энэ сарын 18-нд Брюссельд нээгдсэн юм. Тэнд шийдэгдэх нэг гол асуудал нь Грект гучин тэрбум евроны ээлжит тусламж олгох шийдвэр байх болно. Грек зээлийн нөхцлийн дагуу авсан үүргээ биелүүлэхийн тулд шаардлагатай хугацааг хоёр жилээр сунгуулах хүсэлтэй харин үүний эсрэг Герман байгаа билээ.