Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нараар УИХ-ын тангараг өргүүлэх гэсэн үйл ажиллагаанаас улбаатай МАН-ын эрхэм гишүүдийн суулт үргэлжилж байна. Чуулганы танхимын үүдийг нээх л юм бол АН-ынхан олонх бүрдүүлсэн түнш нартайгаа орж дээрх хоёр нэр дэвшигчээр тангараг өргүүлэх нь гарцаагүй гэсэн бодолтойгоор МАН-ын төлөөллийн гишүүд чуулганы танхимын гишүүд ордог урд хаалга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ордог арын хоёр хаалгыг буйдангаар таглан, уриа лоозон өвөр дээрээ тавиад сууж байгаа юм.
Нэр дэвшигчдээр тангараг өргүүлэх бүх бэлтгэлийг чуулганы танхимд хангаад байгаа тул МАН-ынхан ийнхүү сэрэмжтэйгээр хаалга манах ажлаа хийж байна. Эндээс харвал өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан бас л тасрах бололтой.
Харин Сүхбаатарын талбай дээр жагсаал эхэлж байна. Жагсаалд оролцогчид Төрийн ордны өмнө байрлуулсан индрээс байр сууриа илэрхийлж, АН-ыг шүүмжлэх ажилдаа орох гэж байна.
Д.ОЮУН