Хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй

Өвөрхангай аймгийн сонгуулийн тойрогт үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэсэн асуудал олны анхаарлыг татаж буй. Үүнтэй холбогдуулан АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын өмгөөлөгч Г.Мөнхболдоос дараахь албан ёсны тайлбарыг авсан юм.

-Өвөрхангайн сонгуулийн маргаан олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүх ямар асуудлыг шийдвэрлээд, юу гэсэн утгатай шийдвэр гаргасан юм бэ?

-Энэ асуултад хариулахын тулд 2012 оны сонгуулийн сурталчилгааны явцад УИХ-ын Сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хуулийг хэрхэн зөрчиж, иргэд сонгогчдын сонголтод нөлөөлсөн талаар эхлээд өгүүлэх шаардлагатай. МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар болон тэдний ухуулагч, туслахууд нь иргэд сонгогчдод мөнгө, архи бусад эд зүйл тараасан, насанд хүрээгүй хүмүүсийг сурталчилгаанд ажиллуулсан, хуулиар тогтоосон тооноос илүү ухуулагчтай байсан зэрэг зөрчлийг нь гэрчийн мэдүүлэг, иргэдийн өөрсдийнх нь мэдээлэл, дүрс бичлэг зэргээр баримтжуулсны үндсэн дээр Өвөрхангай аймгийн сонгуулийн 10 дугаар тойргийн хороонд Г.Батхүү, Д.Зоригт нарын сонгуулийн менежерүүд хандаж хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүсч гомдол гаргасан байдаг. Тойргийн хороо гомдлыг  2012 оны 6-р сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд насанд хүрээгүй Баттулгын Булганаа, Баясгалангийн Сэлэнгэ нарыг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.16-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон. Хэрвээ нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18-д заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 35.34 болон 35.35-д заасны дагуу нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах  буюу хэрвээ уг зөрчил нь санал хураалт болсны дараа тогтоогдвол нэр дэвшигчид олгосон УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох хуультай. Гэтэл Өвөрхангайн тойргийн  хороо асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэлгүй зөвхөн Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд зөрчлөө таслан зогсоохыг мэдэгдсэн болоод л өнгөрсөн. Үүний улмаас сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар санал хураалтад орох нөхцөл бүрдсэн. Маргааны үндэс  Өвөрхангайн тойргийн хорооны энэхүү хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй юм.

-Анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл нь баримтаар нотлогдсон байхад Өвөрхангай аймгийн тойргийн хороо будилаантуулсан хэрэг үү?

-Тийм. Өвөрхангайн тойргийн хороо С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын гаргасан зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй учир  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн оршин суух газрын шүүх болох Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж Өвөрхангай аймагт УИХ-ын 2012 оны Сонгуулийн сурталчилгааны ажлын явцад МАН-аас нэр дэвшигчид нь Сонгуулийн хуулийг дээрх зөрчлүүдээр ноцтойгоор зөрчсөн гэдгийг тогтоолгохоор  нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэлэлцээд 2012 оны 7-р сарын 3-ны өдөр 950 дугаар шийдвэрийг гаргасан. Гэвч уг шийдвэрийг С.Чинзориг, Н.Төмөрхүү нар эс зөвшөөрч хууль бус арга замаар Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн шүүх 950 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон. Ийнхүү хүчингүй болгохдоо Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг буруу гэж үзээгүй. Харин үйл явдал болсон газрын шүүхээр нь шийдвэрлүүлэх, түүнчлэн мөнгө, эд зүйл тараах зөрчил нь гэмт хэргийн эсхүл захиргааны шинжтэй зөрчлийн аль нь болохыг Цагдаагийн байгууллагаар шалгаж тогтоолгосны үндсэн дээр эрүүгийн ял эсхүл захиргааны шийтгэлийг шүүх ногдуулах нь зүйтэй гэж шийдсэн.

-Тэгээд өвөрхангайн сум дундын шүүхэд хандсан болж таарах нь ээ?

-Нийслэлийн шүүхийн магадлалд заасны дагуу үйл явдал болсон газрын буюу Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхэд хандаж  сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулсан асуудлыг нь тогтоолгохоор, харин мөнгө, эд зүйл тараасан асуудлыг нь гэмт хэрэг мөн эсэхийг нь тогтоолгохоор  Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн хэлтэст хандаж гомдол гаргасан. Ийнхүү шүүх болон цагдаагийн байгууллагад тодорхой асуудал тус бүрээр нь хандсаны дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулсан болох, ийнхүү ажиллуулсаныг Тойргийн хороо шалгаж тогтоосон атал УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.18.16 болон 35.34-д заасны дагуу нэр дэвшигчийн жагсаалтаас хасаагүй, улмаар 35.35-д заасны дагуу УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгохгүй байх буюу олгосон үнэмлэхээ хүчингүй болгоогүй нь хууль зөрчсөн болохыг дахин тогтоож холбогдох шийдвэрийг гаргасан. Хамгийн сүүлд миний авсан мэдээллээр мөнгө, эд зүйлс тараасан асуудлыг нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Н.Төмөрхүү нарын хүмүүсийг яллагдагчаар татсан гэдэг мэдээллийг аваад байна.

-Дээд шатны шүүхэд давж заалдахгүй байх арга замыг сонгон авч хэргийг  шийдвэрлүүлж байна гэдэг шүүмжлэл гарч байна. Энэ талаар…?

 -Энэ хэрэг маргаан хэрхэн шийдвэрлэхээс хамааран аль нэг тал буюу нэхэмжлэгч тал эсхүл хариуцагч тал болох Өвөрхангайн тойргийн хороо гомдол гаргах давж заалдах боломжтой байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Гэтэл хариуцагч Тойргийн хороо нь бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нотолгоог хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2012 оны 9-р сарын 13-ний өдрийн 93 дугаар албан бичгээрээ шүүхэд ирүүлсэн. Энэ албан бичиг болон Тойргийн хорооны хуралдааны тэмдэглэлд бүх гишүүд нь гарын үсэг зурсан байсан. Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасны дагуу шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж энэ тухай захирамжийг гаргасан. Энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа хуулиар тогтоогдсон арга зам мөн бөгөөд үүнийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа гэж нэрлэдэг.

Мөн хуулийн 74.6-д зааснаар ийнхүү хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ажиллагаанд болон гарсан захирамж шийдвэрт нь хэргийн оролцогчид буюу нэхэмжлэгч, хариуцагч нар гомдол гаргах эрхгүй, эцсийн шийдвэр байдаг хуультай. Хуулийн энэхүү заалтын хүрээнд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр, уг шийдвэрийг гаргасан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн. МАН-аас нэр дэвшигчдийн яриад байгаа шиг хууль бус шийдвэр захирамж биш юм.

-Сонгууль болгоны дараа ёс юм шиг маргаан үүсдэг. Энэ нь маргаан маргаан нь 1 – 2 жилээр үргэлжилсний эцэст нэг юм шийдэгдэж ирсэн түүхтэй. Гэтэл Өвөрхангай маргаан их богино хугацаанд шийдвэрлэгдсэн нь хардлага төрүүлж байх шиг. Мөн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад Сонгуулийн ерөнхий хороо яаран шийдвэр гаргасан мэтээр буруутгаж байна. Хуулийн ямар арга замаар явснаар ингэж богино хугацаанд энэ маргаан шийдэгдэв?

-Миний өмнөх хариулт зарим талаар таны энэ асуултад хариулт болно. Нэгэнт маргалдаж байгаа Тойргийн хороо нь бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул маргаан байхгүй гэсэн үг. Нэгэнтээ маргаан байхгүй бол шүүх юуг шийдэх гэж удаашрах билээ. Нөгөө талаас шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хоног, цагаар хуулиар тодорхойлогдсон байдаг. Хуулиар тогтоосон хугацаанд нь хэргийг шийдвэрлэх нь шүүхийн үүрэг байдаг. Шүүх хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлж ажилласан.

-Өвөрхангайн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцлийн улмаас дахин хянуулахаар гомдол гаргасан. Тиймээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, маргаан үргэлжилж байгаа гэж МАН тайлбарлаж байна?

-Өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн шүүхэд миний үйлчлүүлэгчид болон надад энэ талаар албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан МАН-ын гишүүд, хүмүүсийн ярьж байгаагаас үзэхэд С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын сонгуулийн сурталчилгаанд ажилласан насанд хүрээгүй хүүхдүүд нь тайлбар өгсөн гэдэг асуудал яригдаж байгаа бололтой. Гэтэл тэр тайлбар өгсөн гээд байгаа хүүхдүүд нь Өвөрхангайн тойргийн хорооны шалгаж тогтоосон, мөн шүүхээр тогтоосон тэдгээр хүүхдүүд мөн эсэх нь тодорхойгүй. Харин ямар арга замаар тэдгээр хүүхдүүдээс тайлбар гаргуулж авсан, уг тайлбар нь хуульд нийцэж байгаа эсэх, тэрхүү тайлбар гээд байгаа зүйлийг авсан тэдгээр хүмүүс нь бусдаас тайлбар мэдүүлэг авах эрх хэмжээг эдэлдэг эсэх нь ч тодорхойгүй асуудал болохыг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Зүй нь хэн нэгнээс нотлох баримтын ач холбогдолтой тайлбар мэдүүлэг авах эрхийг гагцхүү төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан л хэрэгжүүлдэг хуультай. Хууль зүйн хувьд аливаа шийдвэр захирамжид шинээр илэрсэн нөхцлөөр гомдол гаргах хуулийн зохицуулалт байдаг ч энэ нь маш нарийвчлан зохицуулсан байдаг. Тухайлбал: шинээр илэрсэн нөхцөл байдалд чухам ямар нөхцөл байдал хамаарахыг хуульд тусгайлан заасан. Үүнээс дурьдвал хэрэг хянан шийдвэрлэх үед нэгэнт бий болсон байсан боловч хэргийн оролцогчид мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тийм нөхцөл байдал байх ёстой. Гэтэл тэр хүүхдүүдийн тайлбар гэдэг зүйлийг шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш дээр хэлсэнчлэн эрхтэй эсэх нь тодорхойгүй этгээдүүд хуулийн бус арга замаар гаргуулж авсан бололтой байдаг. Тиймээс тэрхүү шинээр илэрсэн гомдол гээд байгаа зүйлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Тэгээд ч шинээр илэрсэн нөхцлөөр хэргийг дахин хянуулах гомдол гаргасан нь нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх буюу энгийн үгээр хэлбэл саатуулах, зогсоох үндэслэл болдоггүй хуультай.

-Өвөрхангайн шүүхийн шийдвэрийг улс төрийн аргаар тухайлбал жагсаал цуглаан хийх, өлсгөлөн зарлах замаар хүчингүй болгох хууль зүйн үндэс бий юу? Ер нь хэн хүчингүй болгох эрхтэй вэ?

-Аливаа хэрэг маргааны талаар эцсийн шийдвэрийг гагцхүү шүүх гаргадаг. Хэнбугай ч түүнийг өөрчлөх эрхгүй. Шүүхийн шийдвэр эцсийн байдаг хуультай.

-МАН нь улстөр хийгээд байхаас нэр дэвшигчид яагаад гомдол гаргахгүй байна вэ?

-Уншигчид маань нэг зүйлийг санаж байгаа байх. Юу гэвэл Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүх хүчингүй болгосон. 2012 оны 8-р сарын 20-ны өдөр болсон Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүнд болон С.Чинзориг, Н.Төмөрхүү, тэдгээрийн өмгөөлөгчдөд хандан бид Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаснаа албан ёсоор мэдэгдэж байсан. Түүнээс хойш С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхэд шалгаж буй хэрэгт гуравдагч этгээдээр оролцох боломж бүрэн байсан. Бид тэднийг гуравдагч этгээдээр татаж оролцуулах хүсэлтээ ч гаргасан байсан. Гэвч тэд өөрсдөө энэ ажиллагаанд оролцоогүй. Гэтэл шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа Өвөрхангайн тойргийн хорооны дарга Т.Гончигдоржийн өмгөөлөгчөөр Нийслэлийн шүүхэд өөрсдийг нь өмгөөлж байсан хүнийг ажиллуулж, шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон. Тэр өмгөөлөгч нь Өвөрхангайн шүүхийн шийдвэрт Тойргийн хороог төлөөлөх эрхгүй атлаа гомдол гаргасан байдаг. Шүүх уг гомдлыг 2012 оны 10-р сарын 10-ны өдөр гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээд гомдлыг үндэслэлгүй болохыг, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтоож гомдлыг хэрэгсэхгүй болгож тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь цаашид гомдол гаргах эрхгүй, эцсийн шийдвэр байдаг хуультай.

-Сонгуулийн ерөнхий хороо гэнэт яагаад С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэрсийг татаж, Г.Батхүү, Д.Зоригт нарыг өргөн мэдүүлэх шийдвэрийг гаргав?

-Өвөрхангай аймгийн сум дундын шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35.18.16 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоосон. Түүнчлэн Өвөрхангайн Тойргийн хороо нь тэднийг ийнхүү хууль зөрчсөн болохыг шалгаж тогтоосон боловч хуульд заасны дагуу хууль зөрчсөн нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрснийг баталсан шийдвэрийг гаргасан. Нэр дэвшигчид болон Тойргийн хороо хууль зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон тооцож түр үнэмлэх олгох тухай Тойргийн хорооны тогтоол хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр болох нь тодорхой болсон. Иймд  Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Сонгуулийн хороод нь шатлан захирагдах зарчмаар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны хууль ёсны шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо заавал биелүүлэх бөгөөд доод шатны сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо нь хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагу Сонгуулийн ерөнхий хороо Өвөрхангайн Тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгон С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэрийг татаж, хуульд заасан саналын босго давсан дараагийн нэр дэвшигчдийг өргөн мэдүүлж байгаа юм.

Г.ӨЛЗИЙ-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж