
Уг шийдвэрийг “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хурлаар өчигдөр орой хэлэлцэж, тус компанийн Гүйцэтгэх захирлаар М.Энхсайханыг, ТУЗ-ийн даргаар Б.Батзаяаг томилсон байна.
АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулахаар шийдсэн тэр цагаас л М.Энхсайханыг хаана “байр-шуулах” нь сонирхолтой байсан. Эхлээд Сангийн сайдаар бараг томилчихоод байсан ч Н.Энхбаяр эмнэлгээс “эсэргүү-цэл” илэрхийлсэн. Энэ нь МАХН-МҮАН задрах анхны дохио мэт харагдсан. Н.Энхбаярын тэрхүү далд удирдамж дэд сайдуудын томилгоон дээр ч хэрэгжиж, Монголбанк, “Эрдэнэт” үйлдвэр гэхчлэн М.Энхсайханы хүртэх бялууны та-лаархи бүх таамаглалыг үгүйсгэв.
Гэхдээ АН, түүний Засгийн газар Мэндсайханы Энхсайханд “мэхийн ёслохгүйгээр” амар тайван ажиллахгүй нь ойлгомжтой байсан. Сануулахад Н.Энхбаяр бүх албан тушаалаа “тайлаад” Төрийн ордонд орсон тэр нэгэн өдөр дэгсдүүлж хэлэхэд МАН-ын бүлэг намсхийх мэт болж их л инээдэмтэй үзэгдэл сэтгүүлчдэд ажиглагдаж билээ. Харин энэ удаа АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг М.Энхсайханд Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, геополитикт стратегийн ач холбогдол бүхий “Мега проект”-ынхоо хөрөнгө оруулалтыг атгуулж байна. Товчхондоо Засгийн газрынхаа хувь заяагаа атгуулчихсанаас ялгаагүй. Энэ бол найр тавьсан явдал биш найдвар тавьж байгаа хэрэг. Бас найрсаг харилцааны эхлэл ч байж мэдэх юм.
“Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал хэн байх нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үнэлэмжид асар чухал. Түүгээр ч барахгүй улс төр, геополитик, эдийн засгийн талаасаа Монгол Улс өнөөдөр, маргааш, ирээдүйд дэлхийд хэн юм бэ гэдгийг таниулах түүхэн үүргээ төмөр замаар илэрхийлэх болчихоод байна. Х.Баттулгын “нэрэмжит” Торгоны замын төслийг хэзээ нэгэн цагт М.Энхсайхан ажил хэрэг болгоно гэж хэн санах билээ. Улс төр хийгээд төрийн ажил гэдэг ийм л хэн ч таашгүй байдаг аж. Эцэстээ хэн нь МоАХ, МҮДН фракц хийгээд АН, МҮАН гэлтгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө ийм холбоос үүсэх л ёстой байж.
Албан тушаалын хувьд “Монголын төмөр зам” ТӨК-ийн гүйцэтгэх захирлын суудал тийм ч амттай, амар суудал биш. Ц.Нямдоржийн сүр бадруулсан нууц гэрээ гэгчийн дагуу 1800 км төмөр зам барих ажлыг гүйцэтгэх төслийг л хэрэгжүүлэх учиртай юм шүү дээ. Энэ нь Монголыг гадаад зах зээлтэй холбох маш чухал гүүр болох учиртай. Үндэсний аюулгүй байдлын гол баталгаа нь дангаараа бус бусадтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн зарчимд суурилсан байдаг. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “2021 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.доллар байна” гэсэн зорилт тавьсан байдаг. Монгол Улсын хөгжил бол аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа мөн. Хөгжлийн үндэс нь эв нэгдэл. Үүнийг ямар ч улс төртэй андуурч, үгүйсгэж болохгүй.
Өнөөдөр Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ 17 дугаарт, Бутаны дараа, Шри-Ланкийн өмнө жагсаж байх юм. Хэрэв бид 2021 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 12 мянган ам.долларт хүргэчихвэл Тайванийн байр суурийг эзэлж Азийн долоо дахь том эдийн засаг гэгдэх боломжтой. Тэр тусмаа голлон тоглогчийн байр сууринд очно.
Шинэ мэдээлэл гэвэл Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ-ий 7.4 хувьтай тэнцэж байна гэсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ тоо нэгдүгээр улиралд 8.1 хувь, хоёрдугаар улиралд 7.6 хувь байсан. Гуравдугаар улиралд 7.5 хувь байх болов уу гэтэл төсөөлснөөс бага хувьтай гарч. Дэлхийн хамгийн том эдийн засгийн хувьд дээрх судалгааны дүнг олон улсын эдийн засагчид бараг л амьсгаа даран хүлээж байв. Өмнөд хөршийн маань ийнхүү тогтмол буурч буй эдийн засаг манайд маш чухал нөлөөлөлтэй. Наад зах нь тэд нүүрсний экспортоо бууруулахад л манай төсөв улайчихаж байна. Ийм байдалд орохгүй байхын тулд л нэг улсаас хамааралтай эдийн засагтай байж болохгүй, далайд гарцтай болъё гээд байгаа юм шүү дээ. Яагаад гэвэл бид түүхий эд нийлүүлэгч гол орны хувьд аж үйлдвэрлэгч бусад орон биднээс хамааралтай байх ёстой. Байгалийн баялгаараа хамгийн баян эхний 10 орны тоонд багтаж байгаа энэ чухал мөчид улстөрч, эдийн засагч, геополитикч М.Энхсайханы тархийг яагаад ашиглаж болохгүй гэж. Тэгээд ч дотоодын экспортыг дэмжих ёстой гэх түүний бодлого Засгийн газар, Монголбанкны бодлоготой яв цав нийцэж, хийх арга замаа ч сайн мэдэж байгаа шүү дээ.
Төмөр замын нэгдсэн сүлжээ хоёр үе шаттай байгаа нь цаанаа маш нарийн учир шалтгаантай аж. Нэгдүгээр шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөтийн чиглэлд 140 км, Хөөтөөс Чойбалсан хүртэл 150 км, нийт 1100 гаруй км төмөр зам тавихаар тусгажээ. Хоёрдугаар шатанд Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 45.5 км зам, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг чиглэлд 380 км, Хөөт-Бичигтийн чиглэлд 200 км, нийт 900 км төмөр зам барьж улмаар Чойбалсангаас БНХАУ-ын Дандонг боомт хүртэл төмөр зам барих юм. Хэрэв нэгдүгээр үе шатыг байхгүйгээр төсөөлж зөвхөн хоёрдугаар үе шатанд төлөвлөсөн төмөр замыг газрын зураг дээр харвал Монгол Улсын төмөр замын нэгдсэн сүлжээ биш болчихно. Хэн ч үүнд хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй. Тиймээс өмнөх Засгийн газрын халаагаа өгөхөөс өмнө амжиж хийсэн энэ алдааг засах ёстой. Ингэснээр Тавантолгойгоос нүүрсээ олборлоод Сайншандын боловсруулах үйлдвэрт очих, улмаар Владивостокоор дамжин Европ руу, мөн Энэтхэг, Тайвань гээд гуравдагч зах зээл рүүгээ чөлөөтэй гарах боломжтой болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ бүх ажлыг хийхийн тулд мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнүүдээ маш зөв цэгт нь байршуулчихаад байгаа. Өөрөөр хэлбэл Зам тээврийн сайд А.Гансүх, тус яамны төрийн нарийн бичгийн дарга, МТЗ-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, мөн Хөгжлийн банк болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг ажиглахад ерөөсөө л төмөр замын салбар бүхнээс үнэтэй байгаа нь мэдрэгдэж байна. Тийм ч учраас өмнөх Засгийн газрын үед хэлмэгдэх шахан “зайлуулагдаад” байсан Б.Батзаяа шүүхдэж байж үнэн мөнөө олоод эдүгээ М.Энхсайханд ажлаа хүлээлгэж өгч буй. Тэгэхээр энэ бүхэн улс орны нийтлэг эрх ашиг гэгч улс төрийн түр зуурын зөрчилдөөн, намчирхлын дэргэд ямар аугаа байдгийг харуулж байгаа хэрэг. Хэрэв М.Энхсайхан үнэхээр Монголын хөгжлийн төлөө “чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн” гэдэг нь үнэн бол энэ удаа АН-ын хуучин танилуудтайгаа гар, сэтгэл нийлэн ажиллаж ард түмэндээ буян үйлдэх эсэхээ харуулах цаг ирэв. Түүний ажил ярвигтай, хамгийн зөөлнөөр хэлэхэд амаргүй. Тус байгууллага шинэ тутам, асуудал ихтэй, ёстой л “Аманд нь алт, ард нь хутга” байж мэднэ. Гэвч зорилго нь зон олны төлөө хойно амжилт ерөөхөөс өөр яалтай вэ. Тэгээд ч “хэцүү” улстөрч л хэцүү ажлыг нугалдаг шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН
