Ардын намын тухайд ч мөн л адилхан. Ардчилсан намаас дутаж тэнэгтээд байгаа юм тус намынханд алга. УИХ-ын чуулганы үүдийг хааж суугаа Ө.Энхтүвшин, Сү.Батболд, Ц.Нямдорж тэргүүтнүүд ямар алиа харагдаж байна аа. Шударга тэмцэгчийн дүр төрх зохихгүй болтлоо тэд та биднээс тасарчихсан байж. Яаж ч бодсон “Авлигын эсрэг” гэх уриан дор хаврын хаварт хацраа жиндүүлэн жагсаж явдаг эгэл жагсагчдын энд дүйцэх эрхгүй гэдгээ тэд өчигдөр илчиллээ. Ж.Энхбаяр гишүүний өвөр дээр харагдах “Ардын хүү ялж болдоггүй сонгууль уу” гэх асуулт, УИХ, гишүүн М.Энхболдын хайнгадуухан барьсан “Хууль гууль боллоо” гэсэн дүгнэлт эзнээ үнэд хүргэхгүй байна. Ардын намын айхтар том дарга нар бүгдээрээ биш харагдаад байна. Ардчиллыг тэд даргын өмч мэтээр эндүүрч ирсэн гэдэг нь энэ өдөр батлагдлаа. Хэдийгээр С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын сонгуулийн дүн дэндүү хол тасарч, Ардчилсан нам асуудлыг хүчээр шийдэж байгаа нь ил тодоор харагдаж байгаа ч гэсэн Ардын намынхан арай л биш харагдаад байна.
Учир нь, тэд бүгдээрээ, аль аль нь адгууслаг ардчиллын айхтар том алдаа гэж ойлгогдлоо. Яагаад Долоодугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлын дараа хэн нь УИХ-ын чуулганы үүдийг хааж суугаад шударга ёсыг нэхэж байлаа. Ардчилсан нам тэгж чадсан бил үү. “МИ-8”-ын осол болж, 15 эрдэнэт хүний амь үрэгдчихээд байхад Ардын намын дэмжигчид ордны хаалгыг хааж, хариуцлага хүлээх эзнийг нь олж нэрлэж байлуу. Зургаан настай охид, хөвгүүдийг харанхуй үүрээр гэрээсээ сургууль ортол өвлийн хүйтэнд хөл, гараа хөлдөөн барин зүтгэж байхад улстөрчид дулаан автобусны тухай хуулийн төсөл УИХ-д оруулж ирсэн тохиолдол бий юу. Эгэл иргэний амьдралаас ардчиллын үнэ цэнийг эрж хайж, дутуудсан бол түүнийг нь дүүргэхийн төлөө зүтгэж чадаагүй байж өнөөдөр ийн аашлах нь Монголын ардчилал адгууслаг шинжтэй болсны илрэл юм. Ардчилсан нам ч тэр, Ардын нам тэр, ард түмэнгүй мэт 20 жил амьдарч ирсэн учраас өнөөдөр өөрсдөөс нь өөр анархистууд байхгүй гэдгийг өөрсдийн биеэр гэрчилж үзүүлсэн нь энэ өдрийн зол жаргал байлаа.