УИХ дахь МАН-ын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан Өвөрхангай буюу УИХ-ын 10-р тойргийн шийдвэрийг эсэргүүцэж өчигдөр Төрийн ордны гадна, болон дотор эсэргүүцлээ илэрхийлсэн. МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд УИХ-ын чуулганы танхимыг буйдангаар хааж, суулт хийсэн бол МАН-ын гишүүд дэмжигчид төрийн ордны гадна эсэргүүцлийн жагсаал хийсэн юм.
Өчигдрийн гол үйл явдал болох уг жагсаал, суултын талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.
МАН-ын гишүүдийн ахлагч Ө.Энхтүвшин:
-МАН-ын гишүүд УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр орж уулзсан. Өвөрхангайн асуудлаар гаргасан СЕХ-ны шийдвэр хууль зөрчсөн байсан. Гэтэл хууль зөрчиж тангарагийг өргүүлэх гэж байгаа юм биш биз дээ гэдгийг тодруулсан. Хэрэв тангараг өргүүлэх гэж байгаа бол бид үүнийг эсэргүүцнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хэрэв хууль зөрчиж зургаан мянга гаруй хүний саналаар дутуу хүнийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх гэж байгаа бол сонгогчдын саналыг уландаа гишгэсэн хэрэг болно. Ийм байр суурийг идэрхийлээд байхад хүч түрэн, бярдаж шийдэх гэж байгаа учраас бид тэмцлийн ийм хэлбэрт шилжиж байна. Мөн өнгөрсөн лхагва гаригийн орой Өвөрхангай аймгийн шүүхээс нэг шийдвэр гарсан байна. Өмнө нь гаргасан шийдвэрээ эргэж авч үзэх шаардлагатай боллоо, шинэ нөхцөл байдал үүсэн байна гэсэн шийдвэр гарсан. Сум дундын хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байгаа юм. МАН-аас нэр дэвшигч Н.Чинзориг, С.Төмөрхүү нарыг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд уруу татан оруулсан гэсэн гомдол гаргасан ч тухай хүүхдүүд нь өөрсдөө энэ ажиллагаанд оролцоогүй гэсэн гомдол гаргасан байсан. Тиймээс шүүх ажиллагаа дуусаагүй буюу энэ асуудлыг дахин авч хэлэлцэнэ гэсэн байгаа юм. Шүүх ажиллагаа дуусаагүй, эцсийн шийдвэр гараагүй байхад АН-аас нэр дэвшигчид тангараг өргөнө гэдэг нь өөрөө хууль бус үйлдэл юм. Бид тэмцэнэ, хууль бус үйлдлийг таслан зогсооно.
АН-ын Х.Тэмүүжин:
-Энэ асуудал дээр хуулийнхаа асуудлыг ярих ёстой. Үнэхээр хууль зөрчсөн гэдэг хэл амтай байгаа цөөнгүй гишүүд УИХ-д сууж буй. Тухайлбал, Увс аймагт нэр дэвшигч мөнгө тараасан зэрэг. Энэ асуудлуудыг эцэслэн хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Сонгуулийн ерөнхий хороо шүүхийн шийдвэрээр ажиллана. Нийслэлийн шүүхийн шийдвэр бол сонгуулийн маргаантай холбоотой шийдвэр биш, шүүх хуралдааны процесстой холбоотой шийдвэр. Үүнийг ялгах хэрэгтэй. Сонгуулийн маргаантай холбоотой асуудал нь Өвөрхангайн сум дундын шүүх дээр явж байна. Хэрэв маргаантай бол шүүх ажиллагаа үргэлжлээд л явна. Энэ асуудлыг УИХ-ын бүрэн эрхээр шийдвэрлэх нь зүйтэй. Тэмцэл хийж байгаа нь буруу биш. Ардчилсан улс орнуудад байдаг л үзэгдэл.
“Шударга ёс” эвслийн гишүүн Ч.Улаан:
-Ер нь аливаа асуудлыг аль болох эв зүйгээр хуулийн хүрээнд ойлголцож шийдэж байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг, би. Тийм ч учраас одоогийн тавигдаад байгаа асуудлыг ойлголцож, хуулийн хүрээнд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүйгээр шийдэх нь зөв гэж бодож байна. Нэг талаас байр сууриа илэрхийлж байгаа нь зөв, нөгөө талаас харилцан ойлголцох, байр суурь баримтлах нь зүйтэй. Ингэж байж хэн хэн нь дараа нь эргэлзэхгүйгээр асуудлаа шийдсэн байх хэрэгтэй гэж бодож байна. Эвслийн гишүүд өөр өөрийн байр суурьтай байгаа. Бид СЕХ ялимгүй түргэдсэн шийдвэр гаргасан юм болов уу гэж бодож байна. Өмнө нь ч гэсэн манай эвслээс тавьсан сонгуулийн маргаантай асуудлаар түргэдсэн, хөнгөн гоомой үйлдэл гаргаж байсан. Тухайлбал, манайхаас нэр лэвшигчдийн нэрийг татах, асуудлыг шийдэхгүй байх үйлдэл гарч байсан. Тиймээс бид энэ асуудалд мөн ийм байдлаар хандсан байх вий гэсэн хардлага бол байна. Аль болохоор энэ асуудлыг маргаангүй, эргэлзээгүй болгосны дараа шийдвэр гаргах ёстой.
МАН-ын гишүүн Сү.Батболд
-Монгол Улсад Ардчилсан нийгэм илүү төлөвших ёстой. Ардчилалын үнэт зүйл улам бэхжиж, ардчилалын соёл, ухамсар хөгжиж байх ётой. Манай нам ч үүнийг барьж ирсэн. Ийм зорилгоор улстөрийн намууд ард түмний сонголт, улстөрийн үйл ажиллагааны зарчим болгож ирсэн. Бид сөрөг хүчнийхээ хувьд Монгол Улсын хөгжлийн төлөө, ардчилалыг цааш нь улам баталгаажуулахын төлөө илүү тууштай байх нөхцөл, шаардлага гарч байна. Өнгөрсөн жилүүдийг ярихдаа Ардчилалын суурийг бий болгосон, одоо ардчилалын институтыг хөгжлүүлэх ёстой гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр ухралт болж байна. Хамгийн энгийн ардчилалын үнэт зүйл болох ард түмний сонголт хаан сонголт байх ёстой гэсэн үнэт зүйл нь хэрэгжихгүй байна. СЕХ нэг намаас хамааралтай шийдвэр гаргаж байгааг бид эрс эсэргүүцэж байна. Параментийн тогтолцоо, ардчилалыг төлөвшүүлэе, бэхжүүлэе зэрэг хамгийн энгийн зарчмуудыг хэрэгжүүлэе л гэж байгаа юм.
АН-ын гишүүн Р.Бурмаа:
-Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Хэн нэгэн улстөрийн хүчин, нам таалагдах, эс таалагдахаас үл хамааран тогтмол явж байх ёстой. Гэтэл чуулганы үйл ажиллагаа явах ёстой байсан. УИХ-ын чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд орж ирээд үгээ хэлэх, саналаа хэлэх эрхтэй байсан. Гадаа хаалга хааж, дотор чуулганы танхимд оруулахгүй байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авч болохгүй гэсэн заалт байдаг. Дээрээс нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдгийг хуулинд тодорхой заасан байдаг. СЕХ-ны гаргасан шийдвэр таалагдахгүй бол түүнийг шүүхээр яваад, үүний дараа Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдэж болно. Харин хүчээр шийдүүлэх гэж байгаа бол энэ нь өөрөө Үндсэн хуулийн бус аргаар эрх мэдлийг авна гэдэгт орно. Хэрэв хуулинд ийм үйл ажиллагаа хийвэл тухайн намыг татан буулгах хүртэл хуулийн заалттай. Шүүхээр биш хүчээр шийдье гэж байгаа нь буруу зүйл юм.
МАН-ын гишүүн Су.Батболд:
-Анх удаа УИХ-ын танхимд орчоод шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй, дахин хянуулах гэж байхад ардчилсан парламент руу дайрч байгаа ийм үйлдэл болж байна. Тэгэхээр Өвөрхангай аймгийн сум дундын 1-р шүүгчийн захирамж гарсан байгаа. СЕХ-ны дарга энэ шийдвэрийг гарна гэдгийг мэдсээр байж ажлын цаг дууссан 20.00 цагт УИХ-ын дарга АН-аас нэр дэвшигчдийг тангараг өргүүлэхээр өргөн барьж байгаа нь балмад үйлдэл гэж бодож байна.
Бие даагч Х.Болорчулуун:
-Бие даагчдын хувьд АН, МАН зэрэг намыг дэмжих нь гол биш ээ. Бие даагчид бол хараат бус, бйр сууриа илэрхийлэх эрхтэй гишүүд. Бие даагчдын бүлэг хуралдаад анхан шатны шүүхийн шийдвэрээр АН-ын гишүүдийг ялсанд тооцож, СЕХ шийдвэрээ гаргалаа.Уг нь бол шат шатны шүүх байх ёстой. Хуулийн дагуу процесс явагдаагүй байхад ийм шийвэр гаргаж байгаань буруу юм гэсэн байр суурьтай байна.
МАН-ын гишүүн А.Телехан:
-Үндсэн хуулиар бол эцсийн сонголт бол ард түмний сонголт. 6000 гаруй хүний саналаар илүү байгаа хүнийг ганцхан шүүгчийн шийдвэрээр дараагийн гишүүдийг тангараг өргүүлэх гэж байгаа бол энэ үнэхээр хууль бус үйлдэл. Үүнийг бусад ултөрийн хүчин ч гэсэн эсэргүүцэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанд өнөөдөр 71 гишүүн орох ёстойгоос 25 гишүүн орсон. Энэ бол бусад гишүүд ч гэсэн дэмжиж байна. Аливаа маргаан шүүхийн гурван шатаар дамжин шийдэгдэх ёстой. Гэтэл СЕХ ганцхан шүүхийн шийдвэрээр ийм үйлдэл гаргаж болохгүй. Уг нь бол яарч болохгүй. Эцсийг нь хүртэл яваад эцсийн шийдвэрээр сонгуулийн ерөнхий хороо ажиллах ёстой. Нэг шүүгчийн шийдэрээр сонгууль шийдэгддэг бол сонгууль хийх шаардлага байна уу. Хамгийн гол нь гишүүд тангараг өргөх нь хууль ёсны дагуу явагдах ёстой.
МАН-ын гишүүн О.Содхүү:
-Шударга бус үйл явдал болж байна. Ард иргэдийн амьдрал хэцүүхэн, шударга ёс үгүйлэгдэж байгаа. Бүх түвшинд шударга бус үйлдэл тулгамдаж, мухардаж байгаа. Төрийн дээд түвшинд ч гэсэн манай нам нийт сонгогчдын 40 гаруй хувийг авсан нам хоёр гишүүнийг тангараг өргүүлэхгүй байх хүч түрсэн шийдвэр гаргаж байна. Үүнийг эсэргүүцэж улстөрийн тэмцэл хийж байна. Манай намынхныг уначаад тахимаа өгөхгүй байна гэж их яриад байгаа. Үүнийг бол өнгөрсөн асуудал гэж бодож байна. МАН сонгуульд ялалт байгуулаагүй нь үнэн, бид ч хүлээн зөвшөөрч байгаа. Энд бол өөр асуудал ярьж байгаа. Хуулиа дээдлэе, Монгол Улсад хууль үйлчлэх ёстой, парламентийн дагуу цөөнхөө хүндэтгэж, зөвшилцөж шийдэгдэх ёстой. Хамгийн гол нь ард түмэн, улс эх орны ашиг энд хөндөгдөөд байна. Цаашид Монгол Улс яаж хөгжих, бидний өмнө тулгарч байгаа асуудаа шийдэх гэж бид энд сонгогдож, үүрэг хүлээж болохоос ийм байдалд хүрхийг бодоогүй. Ийм урчаас улстөрийн акц хийж байгаа юм.
АН-ын гишүүн Б.Болор:
-Ардчилсан Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх, тэмцэх нь чөлөөтэй. Гэхдээ үүнийгээ тайван замаар илэрхийлж байна гээд МАН-ын гишүүд хэлээд байгаа. Гэтэл Төрийн ордонд хүн нэвтрүүлэхгүй, зөвхөн МАН-ын гишүүд чөлөөтэй орно, АН-ын гишүүдийн туслах болох оруулахгүй гэдэг юм уу. Энэ бол хүний эрхэнд халдсан үйлдэл болж байгаа юм. Түүнээс зүгээр зогсоод үзэл бодлоо илэрхийлж болно шүү дээ. Энэ ордонд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг олон байгууллага ажилладаг. Гэтэл энэ хүмүүсийн бүтэн өдрийн ажлыг байхгүй болголоо. Энэ бол буруу л юм л даа. Шүүхийн шийдвэрт АН-ын гишүүд байр суурь илэрхийлэх, тангараг өргүүлэх ёстой, ёсгүй гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс түрүүлж тангараг өргөсөн гишүүд нь дараа нь тангараг өргөх гишүүдийг энэ болно, энэ болохгүй гэх эрх байхгүй. СЕХ-оос тангараг өргө гэсэн бол АН, МАН байна уу нэр дэвшигч тангарагаа өргөх ёстой. УИХ-ын гишүүдэд тангараг өргөөгүй, ард түмнээ төлөөлөн Төрийн сүлдэнд тангараг өргөдөг учраас гишүүд тангараг өргөх ёстой, үгүй гэж ярих зүйл биш юм. Хуулийн асуудалд нь бид оролцохгүй. Ер нь бол МАН олонхи буюу 45 гишүүнтэй байхдаа энэ хуулийг баталсан. МАН-аас нэр дэвшигчдийг МАН олонхи байхдаа баталсан Сонгуулийн хуулийг зөрчсөн учраас СЕХ нэрийг нь хасанх шийдвэр гаргасан байх. АН-ын зүгээс танхимдаа ярилцая гэсэн байр суурийг илэрхийлж байгаа ч оролцохгүй байгаа. 2000 оноос хойш МАН олонхи байж ирсэн, дандаа олонхиороо түрж ирсэн. Гэтэл АН-ыг олонхиороо хүч түрээд байна гэж яриад байгаа. Цөөнхи болоод ойлгож байна л гэж харж байна.
МАН-ын гишүүн Я.Содбаатар:
-Монголын парламентын 22 жилийн түүхэнд ийм үйл явдал болоогүй. Өнгөрсөн жилүүдэд аль болох ардчилал, зах зээлийн харилцаа, Монголын нийтлэг эрх ашиг зэрэг олон зүйлийг бодож парламент дахь улстөрийн хүчнүүд аль болох ойлголцох, зөвшилцөх талруу ажиллаж байсан. Тухайлбал, МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олонхи буюу 45 суудалтай байсан ч гэсэн бусад хүчнүүдтэй зөвшилцөж, чуулганы хуралдаан орхиод гарахад хуралдааныг шууд зогсоодог гэх мэтээр асуудлыг шийддэг байсан. Гэтэл шинэ парламент байгуулагдсанаас хойш маш олон асуудлыг хүч түрэн шийдэж буй. Бид зөндөө хугацаанд болох байх, асуудлаа шийдэх байх гэж явсан. Улс эх орны эрх ашгийн асуудлууд дээр арай ч хүч түрэн шийдвэрлэнэ гэж бодсонгүй. Гэтэл хүч түрэн Засгийн газар байгуулсан, УИХ-ын даргаа сонгосон, МАН-ын бүлгийг байгуулахгүй зэрэг хүч түрэн шийдвэрлэсэн. Юмны тэвчээрийн хязгаар гэж байдаг бол тэр нь тасарч байна гэхэд болно. Өнөөдрийн энэ үйл явдал Өвөрханга аймгийн хоёр гишүүний асуудал юм шиг мөртлөө цаанаа Монгол Улс ардчилсан сонгуульгүй болж байгаагийн нэг илэрэл. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид олон удаа АН-ынханд уулзаж, ярилцаж, бүр ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан. Гэхдээ тэд “муричихсан”. Өнөөдөр бид Сүхбаатарын талбай дээр гарч манай намын гишүүд ард иргэддээ дуу хоолойгоо хүргэн, хамтдаа жагсана. Бүлэг байгуулагдах асуудал чухал байна. Бүлэг байгуулах нь улстөрийн намууд, парламентад ойлголцох, зөвшилцөл явагддаг механизм. Тэгэхээр парламент өөрөө олон намын, олон үзэл баримтлалын мэтгэлцээн. Энэ талбарын өөрийнх нь нэг том механизм нь бүлэг юм. Бүлэг нь өөрөө МАН гэхээсээ илүү тухайн асуудалыг олон талаас нь харах, ойлголцоод явдаг энэ механизм нь байхгүй болохоор энэ парламент зөвшилцөлд хүрэхэд хүндрэлтэй байгаа юм.
Бие даагч Ц.Даваасүрэн:
-Бид бол тэр, энэ нам нь буруу, зөвийг шүүх тухай асуудал биш гэж бодож байна. Аль нэг намыг дэмжсэн байр суурь гаргаагүй. Энэ асуудалд бид энэ болж буй процесс нь манай парламентед эерэг, сөрөг нөлөөллийг нь харж байна Яагаад гэвэл АН-ын хоёр гишүүн мөнгө тараасан гэдгийг тухайн намын доторхи хүнээс нь гарсан. Тэгээд ч АН-ын хоёр нэр дэвшигчийг мөнгө тараасан гэхэд эргэлзэхээргүй хүмүүс шүү дээ. Тиймээс энэ гаргаж байгаа шийдвэрийг эргэж нягтлах ёстой юм байна гэж үзээд бид чуулганы хуралдаанд оролцохоос татгалзсан. СЕХ-оос гаргасан шийдвэрт Өвөрхангайн сонгогч түмэн бүгд 100 хувь итгэлтэй болсон байх ёстой юм. Аль аль нь мөнгө тараасан бол бүгдийнх нь нэрийг татаад дахин санал хураалт зохион байгуулах ёстой.