Чуулган төлөвлөгдсөн ч хуралдах эсэх нь эргэлзээтэй

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Чуулган төлөвлөгдсөн ч хуралдах эсэх нь эргэлзээтэй

УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймаг буюу 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татаж, АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нарыг УИХ-д сонгогдсонд тооцож, улмаар гишүүний тангараг өргүүлэхээр СЕХ УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг МАН эсэргүүцэж, өчигдрөөс эхлэн жагсаал, суулт хийж байгаа билээ.

МАН-ын гишүүд Чуулганы танхимын үүдэнд суулт хийсэн тул өчигдрийн хуралдаан болоогүй. Хэдийгээр өнөөдөр чуулганы хуралдааныг 10.00 цагт эхлүүлэхээр товлоод байгаа ч МАН-ын гишүүдийн эсэргүүцлийн суулт, жагсаал өнөөдөр үргэлжлэх тул жагсаал болох эсэх нь тодорхойгүй байна.

Хуваарь ёсоор бол өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг болон Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэх ёстой билээ. Түүнчлэн хэлэлцэх асуудлыг дараалалд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх зэрэг арав гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөгджээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж