Ингэхдээ А-80 бензин тонн нь 1101 ам.доллар байсан бол 1133 болж, 32 ам.доллараар, А-92 бензин 44 ам.доллараар нэмэгдэж, 1345 болсон. Харин А-95 төрлийн бензиний үнэ өөрчлөгдөөгүй юм. Иймээс удалгүй шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн хардлага сүүлийн үед бий болсон. Гэхдээ ийм баталгаагүй мэдээллийг тараавал дуу дуугаа авалцаад үнээ нэмчихдэг хашир туршлага байдаг болохоор албаныхнаас тодруулга авах гэтэл энэ салбарын ирээд удаагүй байгаа зарим шинэ дарга нар албаны тайлбар өгөхөөс цааргалж байна.
Шатахуун импортлогч хувийн компаниудын үнийг буулгах, нэмэх талаарх асуудлыг төрөөс бүрэн зааварчлах боломжгүй ч татвар, татаас зэргээр тодорхой хэмжээгээр зохицуулах боломжтой байдаг. Уул уурхайн яамны мэдээлснээр ойрын үед энэ асуудлыг цогцоор нь хэлэлцэх, тодорхойлох, ялангуяа шатахууны үнийг хэрхэх талаар арга хэмжээ авах зөвлөлийг шинээр байгуулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. Гэвч яг хэзээ гэдэг нь тодорхой бус. Урьд нь Сангийн сайдаар ахлуулсан шатахууны үнийн талаар авч хэлэлцдэг ажлын хэсэг байсан бол үүнийг татан буулгасан билээ. Тэгэхээр энэ ажлын хэсгийг дахин байгуулах нь. Ажлын хэсэгт шатахууны үнийн асуудлыг нэг цэгт зангидах бодлогын төвшний удирдлагуудаас гадна шатахуун импортлогч компаниудын төлөөлөл багтаж, үнийн талаар хэлэлцэж байх ажээ. Ингэснээр “шатахууны үнийн асуудалд картель буюу үгсэн хуйвалдах нөхцөл үүсгэхгүй байх талаас бүхий л арга хэмжээг авна. Тэр болтол үнийн тал дээр ямарваа хэлбэлзэл бий болохгүй” хэмээн албаныхан тайлбарлалаа.