“Э.Прокопи баривчлагдахдаа таагүй үг хэлсэн”

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

“Э.Прокопи баривчлагдахдаа таагүй үг хэлсэн”

Монгол Улс, Хятадын хилээр үлэг гүрвэлийн араг яс, олдворуудыг хууль бусаар гаргасан хэргээр АНУ-ын иргэн, “Тираннозавр Батаар”-ын ясыг зарсан гол этгээд гэгдэх Эрик Прокопийг Монголын цагаар урьд шөнө АНУ-ын Холбооны тусгай ажилтнууд Флорида дахь гэрээс нь баривчилжээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдтой товч ярилцлаа.

-“Тираннозавр Батаар”-ын ясыг хууль бусаар Монголоос гаргасан, улмаар зарах гэсэн этгээд болох Эрик Прокопийг урьд шөнө баривчилсан тухай мэдээллүүд гарч эхэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

-Өнгөрсөн хавар дэлхий нийтийн анхаарлын төвд Монголтой холбоотой орж ирсэн нэг зүйл бол Монгол Улсын нутгаас хууль бусаар хил давуулан гаргасан гэх “Тираннозавр Батаар” үлэг гүрвэлийн араг ясны тухай дуулиан байсан. “Тираннозавр Батаар” бол 70 хувийн бүрдэлтэй, бараг бүтэн шахам үлэг гүрвэл юм. Түүнийг дуудлага худалдаагаар худалдах гэж байсан тухай мэдээлэл цацагдсан. Худалдаа болохын урьд орой Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд анхаарал тавьж АНУ-ын шүүхэд захидал бичсэнээр дуудлага худалдаа цуцлагдсаныг хүмүүс мэдэж байгаа.

Хэдхэн цагийн өмнө, Монголын цагаар өнөөдөр буюу пүрэв гаригийн шөнө, АНУ-ын цагаар лхагва гаригт АНУ-ын шүүхээс Флорида мужийн оршин суугч 38 настай Эрик Прокопийг Монголын нутгаас “Тираннозавр Батаар”-ын араг ясыг хууль бусаар гаргаж худалдахыг завдсан хэргээр баривчиллаа. Баривчлах үедээ хэвлэл, мэдээлийн хэрэгслийн ажилтнууд, сэтгүүлчдийг байлцуулсан байна. “Ройтерс”, “Boston.com”, СNN, ВВС,СВS, “Америкийн дуу хоолой” зэрэг олон хэвлэл мэдээллийн төлөөлөгч байлцаж, мэдээллээ цацаж байна.

Баривчлагдах үедээ Эрик Прокопи зүгээр байсангүй, Монгол Улс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаар зарим нэг таагүй үг хэлсэн байна. “Монголчууд, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн улсын өмч болох үлэг гүрвэлийн ясыг эргүүлэн авч, ийм маягаар палеонтологийн олдвор, үлэг гүрвэлийн ясны хууль бус наймаатай тэмцэх гэж байгаа бол бүтэхгүй. Ингэснээрээ хар зах зээлийг улам гүнзгийрүүлж, нууцлаг байдалд оруулах болно. Би бол зүгээр л амьдралынхаа төлөө зүтгэж яваа ердийн нэг чөлөөт палеонтологич” гэсэн байна. Үүнийг маш хариуцлалагүй мэдэгдэл гэж үзэж байна. Хүн амьдралынхаа төлөө олон янзаар зүтгэж болно. Баялаг бүтээхийг оролдож болно. Гэхдээ аль нэг улсын хууль, журам, ёс заншил, тэр улсын үнэт зүйлсийг үл хүндэтгэж, дуудлага худалдаанд оруулах нь байж болшгүй зүйл. Цаашдаа ч Монголын талаас Монголын түүх, соёл, уламжлал, палеонтологийн эх сурвалжуудыг гадагш гаргаж хууль бусаар худалдаалах, хил давуулах зэрэгтэй тууштай тэмцэх ёстой.

-Энэ хүнд хариуцлага тооцуулахын төлөө юу хийх вэ?

-Эрик Прокопи бол үлэг гүрвэлийн олдворын зах зээл дээр нөлөө бүхий наймаачинд тооцогддог юм байна. Урьд нь ийм төрлийн гэмт хэргүүдэд орооцолдож байсан. “Тираннозавр Батаар”-аас гадна Монголоос гаргасан байж болзошгүй гэсэн өөр нэг үлэг гүрвэлийн ясны асуудал ч байгаа. АНУ-ын шүүгч Прийт Барара гэдэг хүн “Бид Эрик Прокопийг баривчилсан. Түүнийг “Батаар” үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар наймаалахыг завдсан хэрэгт холбогдуулж саатууллаа. Үүнээс гадна Эрик Прокопи үлэг гүрвэлийн хэд хэдэн араг яс, түүх дурсгал, археологийн бусад эд зүйлсийг хууль бусаар наймаалсан хэрэгт холбогдоод байгаа” гэж хэлсэн байна. Одоо АНУ-д үлэг гүрвэлийн ясны хууль бус наймааны асуудлаар мөрдөн шалгах ажил явж байгаа. Үүнтэй зэрэгцээд Монголд ч энэ хэрэгт монгол хүмүүсийн оролцоо ямар байсан гэдгийг мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажил явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд цаашдаа зөвхөн үлэг гүрвэлийн яс төдийгүй Монголын соёлын өвийг гадагш гаргахгүй байх, хайрлаж хамгаалах тал дээр идэвхтэй ажиллана.

-АНУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж байгаа юу?

-АНУ-ын засаг захиргаа, хууль хүчний байгууллагын зүгээс идэвхтэй тусалж дэмжиж байгаа.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж