Амьдралын үнэ цэнэ хүсэл биелдэггүйд оршдог

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Амьдралын үнэ цэнэ хүсэл биелдэггүйд оршдог

Энэ үгийг “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг үзэж суухдаа сонслоо. Сонссон даруйдаа дотроо тунгаан бодож, нээрээ л ийм байдаг гэж үү хэмээн эрэгцүүлэн сууна.

“ТВ коктейл”-ынхан анхны драмын жүжгээ үзэгч түмэндээ өргөн барьж буй нь энэ. Жүжгийн үйл явдал үзэгчдийг хоёр цагийн турш үхэл амьдралын заагт оршооно. Үхэх сэхэх алин болох нь мэдэгдэхгүй, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй хүмүүсийн сүнс “завсрын ертөнцөд” уулзалдаж, учирч, бүхий л үйл явдал энэ ертөнцөд өрнөж байгаа нь  нэг л өөр гэлтэй. Сэхээн амьдруулах тасагт зургаан сарын турш хэвтэж буй “Шидтэн, дугуйнд дайруулан осолдсон баян тансаг, эрх мэдэлтэй ерөнхийлөгч, насаараа үйлчилгээний ажил хийж байсан, зүрхний өвчтэй “цэвэрлэгч”-ийн сүнс хоёр ертөнцийн заагт учирч, хүмүүний ертөнц хэрхэн хар бараанаар дүүрсэн тухайд шүүмжилж, нэгийг бодож, хоёрыг тунгаах үгс бидэн зүг урсгана. Үзэгчдэд эрхгүй нэгийг бодогдуулж, нээрээ би, Та, бид хэрхэн яаж амьдраад байна вэ гэдгийг ухааруулсанд жүжгийн үнэ цэнэ оршино. Жүжгийн продессороор Ш.Жавхлан, Э.Цолмонбаяр, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөгжмийн зохиолчоор Г.Онон, найруулагчаар А.Баттүшиг, бүжиг дэглээчээр Д.Энхгэрэл нар ажиллажээ. Жүжигчдийн хувьд “ТВ коктейл”-ынхнаас гадна Ц.Батхуяг, Б.Навчаа, Л.Эрдэнэ-Очир нар хамтран тоглосон юм. Эдгээр уран бүтээлчиддээ өөрийн эрхгүй талархах сэтгэл төрж байлаа. Учир нь аливаа урлагийн бүтээл хүмүүсийг зүгээр нэг уйлуулах эсвэл инээлгээд өнгөрөхдөө гол биш ухаарч, сэхээрүүлэх, соён гэгээрүүлэх чухал үүрэгтэй байдгийг тэд биелүүлжээ.

“Хоёр ертөнцийн буудал” жүжгийг үзсэн бүсгүйчүүд, эмэгтэйчүүдээс гадна залуучууд нулимс унагаж байгаа харагдлаа. Жүжиг дуусч зерителийн гэрэл асахад нулимсаа арчих залуусийг ганц нэгээр ч тогтохгүйгээр олж харсан юм. Эрэгтэй хүнийг уйлуулна гэдэг амаргүй хэрэг. Магадгүй драмын энэхүү урлаг гайхамшигтай хөгжимтэй хосолсон нь хүмүүний сэтгэлийг хөндөх бас нэгэн “учиг” болжээ. Аргагүй л дэлхийгээс өөр ертөнцөд байгааг илтгэх, ер бусын гэмээр мэдрэмж төрүүлэх сүр хүчит хөгжим, яасан их зовлон шаналал вэ гэж эрхгүй дуу алдаж, гуниг харууслыг мэдрүүлэх тэр аязыг “BRO`S records” студийн хөгжмийн зохиолч Г.Онон бүтээжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж