Эрүүл мэндийн салбарынхан МСЭ-тэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарынхан МСЭ-тэй хамтарна

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөр олон түмэнд тэр болгон хүрч чадахгүй байгаа. Үүнээс  болоод бодлогын хэрэгжилтийн үр дүн  төдийлөн сайн биш байна. Тиймээс хийж байгаа ажлаа аль болохоор олон нийтэд сайн хүргэх хэрэгтэй. Хоёрдугаарт, шинэчлэлийн Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндийн эрсдлийг бууруулна гэсэн том зорилт тавьсан. Энэ хүрээндээ ард иргэдийг архи тамхины хорт зуршил, хор хөнөөлөөс ангижруулах, эмийн болоод хүнсний аюулгүй байдлыг хангах, зөв сонгож хэрэглэдэг болгохтой холбогдуулсан сургалт сурталчилгааны ажлыг үндэсний хэмжээнд явуулах зайлшгүй шаардлага байгаа” гэж Эрүүл мэндийн сайд санамж бичигт гарын үсэгт зурах үеэрээ хэлсэн юм. Тэрээр,  МСЭ бол маш том арми гэж дурьдаад, “Үе, үеийн сэтгүүлчид эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сайн ойлгодог, хүн амынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чаддаг байгаасай.  Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар эрүүл мэндийн боловсролд, иргэд эрүүл мэндийн тухай мэдээлэл авахад шинэ эргэлт гарна гэж бид хүсэн хүлээж байгаа. Иргэдийн эрүүл мэндийн талаар мэргжлийн салбарын ярихаас илүүтэйгээр сэтгүүлчид хөндлөнгийн байр сууринаас олон нийтэд хандаж хүргэх нь илүү үр өгөөжтэй байна гэж бид үзэж байгаа юм. Эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх,  эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд ихээхэн ахиц гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, “2012 он бол монголын сэтгүүл зүйн түүхэнд ихээхэн онцлог жил. Ирэх оны гуравдугаар сарын 6-нд болох Монголд үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойг угтсан ажил 2012 онд ид явж байна. Бид өнгөрсөн хугацааныхаа түүхийг эргээд харахад 90 жилд нь идэвхитэй үйл ажиллагаа явуулсан байна. Энэ дотроос манай сэтгүүл зүйн шинэ түүх эхлэх цагаас эхлээд хамгийн их ойр дотно ажилласан нь эрүүл мэндийн салбар. Томоохон кампанит ажлыг манай хэвлэл мэдээллийнхэн эрүүл мэндийн чиглэлээр хийдэг. Ихээхэн үүрэг гүйцэтгэж хамтран ажиллаж ирсэн уламжлал, туршлагатай. Шинэ зууны эхэнд шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогыг олон нийтэд ойлгомжтой, энгийн хэлбэрээр хүргэж сурталчлах энэ үүргийг Монголын сэтгүүлчид хүлээж байгаадаа баяртай байна. Энэ бол бидний шинэ түүхт ойгоо угтсан далайцтай том ажлын нэг болно. Гол нь бид хүн амын эрүүл мэндийн төлөө,  монгол хүн болгоны төлөө та бүхэнтэй хамтарч байгаадаа их баяртай байна. Энэ ажил маань цаашид бусад салбарынханд үлгэр дуурайлал болсон үр өгөөжтэй, сэтгүүл зүйд ч ихээхэн туршлага авчирсан ажил болгохын төлөө бид хичээнэ. Биднийг дэмжиж, мэргэжлийн хувьд хамтран ажиллахаар саналаа илэрхийлсэн эрхэм сайд Н.Удвал танд, танай хамт олонд баярлалаа. Энэ хамтын ажиллагаа дан ганц манай салбарын биш, ерөөсөө монголчуудын хувьд, улс орны маань хувьд  амин чухал хэрэгцээтэй учраас бид хичээж, хариуцлагатай ажиллана гэдгээ амлаж байна” гэв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж