“Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” олон улсын бага хурлаас гаргасан зөвлөмжийг өчигдөр албан ёсоор зохих байгууллага болон бизнес эрхлэгчдэд хүргүүлсэн талаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байна. Тодруулбал, 10 дугаар сарын 10, 11-нд болсон уг хурлаар мэргэжилтнүүд уул уурхайн салбарын сөрөг нөлөөллийг хүлээн зөвшөөрөөд, энэ салбарт ажиллаж буй хүний эрхийн нөхцөл байдлыг сайтар анхаарах цаг аль хэдийнэ ирсэн тухай онцлоод, УИХ, Монгол Улсын Засгийн Газар, Нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагууд, уул уурхайн бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудад хандан зөвлөмжийг боловсруулжээ. Тухайлбал,
Нэгдүгээрт, УИХ-д хандан:
- Байгаль орчны асуудлаар нээлттэй мэдээлэл авах, Аархусын конвенц, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцид тус тус нэгдэн орох;
- Зөвхөн стратегийн ач холбогдолтой орд газрыг ашиглахаас бусад тохиолдолд бэлчээрийг уул уурхайн ажилд ашиглахыг хориглох, үүнийг хууль, эрх зүйн бодлогоор зохицуулдаг болох
- Ашигт малтмал хайх, олборлох, байгаль орчныг нөхөн сэргээх болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн хурал, иргэдийн бодит оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бий болгох
- Уурхайн олборлолтын улмаас үүссэн талбай, нүх, суваг, шуудуу, овоолго, хөрсний эвдрэлийн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг тухайн аж ахуй нэгжээр заавал хийлгэх, хэрвээ хийгээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах зэрэг хатуу арга хэмжээ авдаг байх
- Орон нутагт гарч буй хүний эрхийн зөрчил, гомдлыг шуурхай шалган, шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос орон нутагт суурин төлөөлөгчтэй болгох зэрэг хууль эрх зүйн хүрээнд хийж болох 15 төрлийн зөвлөмжийг УИХ-д хандан гаргажээ.
Хоёрдугаарт, Засгийн газарт хандан:
- “Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай”, “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” болон “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, хөхиүлэн дэмжих конвенциудыг хэрэгжүүлэх
- Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын ойролцоох Цаган хадны нүүрсё дамжуулах цэгийг нэн даруй хааж, дахин ийм газар байгуулахыг хориглосон шийдвэр гаргах
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд боловсруулсан бүтээгдэхүүний тоо, хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг нийтэд мэдээллэх тухай Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь заалтыг чанд хэрэгжүүлэх
- Бичил, уурхайчдыг бүртгэлжүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, олборлосон бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах шударга зохицуулалтыг бий болгох, аймгийн хөдөлмөрийн хэлтэст уул уурхай хариуцсан мэргэжилтнийг ажиллуулах гээд мөн 15 төрлийн зөвлөмжийг,
- Гуравдугаарт, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагуудад хандан:
- Уул уурхайн компаниудай хийх хамтын ажиллагааны гэрээнд аймаг, сумыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө, байгаль орчинд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөнд багтсан зорилт, үйл ажиллагааг тусгах, иргэдэд ил тод байлгах
- Энэ салбарын үйл ажиллагаатай холбоотой зөрчил, маргааныг шийдвэрлэхдээ гурван талт зөвшилцлийн механизмыг өргөн ашиглах, иргэний нийгмийн төлөөллийг нутгийн иргэд өөрсдөө сонгодог байх тухай нийт дөрвөн зөвлөмжийг,
Дөрөвдүгээрт, уул уурхайн бизнес эрхлэгчдэд хандан:
- Бизнесийн бүхий л үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэх, нийгмийн хариуцлагаа хүлээн зөвшөөрөх ,
- Бизнесийн гол стратегийн нэг хэсэг болох “хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ”-г төсөл, хөтөлбөрүүд дээр тогтмол хийх,
- Үйл ажиллагаагаа ил тод явуулах, мэдээллээ иргэдэд ойлгомжтой, энгийн үг, хэллэгээр хүргэх зэрэг найман зөвлөмжийг,
Тавдугаарт, иргэний нийгмийн байгууллагуудад хандан:
- Нөлөөллөө тэлэх зорилгоор аливаа асуудлаар холбогдох байгууллагууд, МУХЭҮК болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах
- Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн болон түүний байгаль орчны нөхөн сэргээх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих төлөөлөгчийг энгийн иргэн дундаас сонгох, боломж олгох зэрэг асуудлаар таван зүйлийн зөвлөмжийг гаргасан юм байна.
У.БОЛОР