Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд шалгалт хийжээ

Мэргэжлийн
хяналтын ерөнхий газраас сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон
импортлогч  хөдөө орон нутгийн болон нийслэлийн нийт 107 аж ахуй нэгжид
шалгалт хийжээ.

Нийслэлийн тухайд, аж ахуй нэгжүүдийн дийлэнх нь
мэргэжлийн технологичгүй, цахилгаан, усан хангамж тасарсан онцгой
нөхцөлд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган ажиллах журамгүй, гар
угааж, ариутгах боломжгүй, түүхий эдийн баталгаажилтгүй, хүнсний
нэмэлтийн зарцуулалтын бүртгэл хөтлөөгүй нь  Хүнсний тухай  
хуулийн 9.2.3, 9.2.5, 9,5 дах заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Аймаг,
орон нутгийн тухайд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган,
Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь,   Дорнод, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар,
Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нийт 76 аж ахуй нэгжид шалгалт хийсэн
байна. Уг шалгалтаар дотоод хяналт шалгалтын журамгүй, түүхий эд,
хүнсний нэмэлтийн бүртгэлийг хөтөлдөггүй, батлагдсан жор орцын норм,
технологийн зааваргүй,   бүтээгдэхүүн худалдах явцад гоожилт үүссэн,
хадгалах хугацаа дуусч буцаан татан авалт хийсэн бүтээгдэхүүнийг
устгасан тухай бүртгэлгүй, хаяг шошгонд үйлдвэрлэсэн хугацаагаа
бичдэггүй, тоног төхөөрөмжийн угаалга, цэвэрлэгээг шаардлагын хэмжээнд
хийгдэггүй, ажиллагсад нь   усанд орох боломжоор хангагдаагүй /сумдын
цехүүд/ зэрэг нийтлэг зөрчлүүд   гарсан нь Хүнсний тухай хуулийн
9.1.1,9.2.3, 9.2.6, 16,1 дэх заалтуудыг зөрчсөн болохыг шалгалтынхан
илрүүлжээ.

Ийнхүү шалгалтын явцад үйлдвэрлэлд хэрэглэж буй
түүхий эд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ
өгөх зорилгоор дээж авч, аймаг, нийслэлийн итгэмжлэгдсэн лабораторын
шинжилгээнд хамруулан, улсын байцаагчийн 109 дүгнэлт гаргаж, хүнсний
тухай хууль болон холбогдох стандартыг зөрчсөн 13 иргэн, хуулийн
этгээдэд 3245.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан байна.

Шалгалтанд
хамрагдсан аж ахуй нэгжийн 192 ажилтан, ажиллагсдад “Хүнсний
тухай”, “Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай”, Засгийн газрын
304-р тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
худалдаалалтанд мөрдөх техникийн зохицуулалт” болон   стандарт, хяналт
шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа   хяналтын хуудасны
талаар зөвлөгөө өгчээ.

Уг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
болон импортлогч компаниудад хийсэн шалгалтаар нийтдээ 954 зөрчлийг
илрүүлэн газар дээр нь 31.7 хувийг арилгуулан стандарт, эрүүл ахуйн
шаардлана хангаагүй 10 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр
зогсоох, Дархан-Уул аймгийн “Мишээл солонго”, нийслэлийн Чингэлтэй
дүүргийн иргэн Б.Мягмарсүрэнгийн зайрмагийн цехүүдийг улсын
байцаагчийн   акт үйлдэн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, бусад аж ахуй
нэгжүүдэд 278 заалт бүхий 43 албан шаардлагыг өгч хэрэгжилтийг
хангуулан ажиллаж буй юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж