МАН маргааш жагсаалаа үргэлжлүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

МАН маргааш жагсаалаа үргэлжлүүлэхээр боллоо

УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймаг буюу 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татаж, АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нарыг УИХ-д сонгогдсонд тооцож, улмаар гишүүний тангараг өргүүлэхээр СЕХ УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. СЕХ мягмар гаригт хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан. Харин МАН-ын зүгээс СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, мөн эрх баригч Ардчилсан намынхан олонхийн хүчээр асуудлыг шийдэн түрэмгийлж байна хэмээн өнөөдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Өнөөдөр өглөө Төрийн ордны гадна тус намын гишүүд, дэмжигчид жагссан бол үдээс хойш Төрийн ордонд УИХ дахь МАН-ын гишүүд, тус намын удирдлагууд янз бүрийн уриа лозунг барин эсэргүүцлээ илэрхийлж, улмаар УИХ-ын чуулганы танхим руу гишүүдийн ордог гурван хаалгыг хааж, суулт хийсэн юм. Ардчилсан намын зүгээс УИХ-ын чуулганыг хуралдуулж, асуудлаа хамтдаа шийдье гэх санал тавьсан боловч сөрөг хүчин хүлээж аваагүй билээ. Тэд чуулганы танхимд орвол АН хүч түрэн асуудлыг шийдэх учир оролцох боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Ямартай ч тэд өнөөдөр 18.00 цаг буюу ажлын цаг дуусах хүртэл суултаа үргэлжлүүлнэ гэсний дагуу эсэргүүцлээ илэрхийлж байгаад саяхан суултаа зогсоолоо. МАН-ын удирдлагууд болон тус намаас УИХ-д сонгогдсон гишүүд маргааш Сүхбаатарын талбайд гарч, жагсана гэдгээ илэрхийлсэн юм. Ингэхдээ намын гишүүд, дэмжигчид 08.00 цагт Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалаа эхлүүлэх бол УИХ дахь тус намын гишүүд 10.00 цагт гарч нэгдэх гэнэ.

Одоо Төрийн ордон дахь УИХ-ын чуулганы танхимын үүд хаалгууд нээлттэй болоод байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж