Монгол Улс үйлдвэржилтийн шинэ эрин үеийн түүчээнд явж буй гэдэг. Энэ ч утгаараа үйлдвэржилтийн талаарх бодлого, үйл хэргийг эрчимжүүлэх шаардлага буй. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэрлэл эрхлэгчдийн мэргэжлийн холбоод хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” чуулганыг аравдугаар сарын 20-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Чуулганыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл удирдан явуулах бөгөөд энэ үеэр барилгын материалын, хөнгөн, хүнд, химийн үйлдвэрийн салбарын нэгдсэн хуралдаанаас баталсан төслийн танилцуулгыг хийх талаар албаныхан мэдээллээ. Түүнчлэн чуулганаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур хот сууринд үйлдвэр, технологийн паркыг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн биржийн талаар хэлэлцэх юм байна. Үүнд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон яамд, агентлагийн төлөөлөл болон үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудаас оролцох ажээ.
У.БОЛОР