Янукович өөр хүн болсон уу? | News.MN

Янукович өөр хүн болсон уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Янукович өөр хүн болсон уу?

ё("Русская служба RFI", Франция)
Галина Аккерман

2010 оны хоёрдугаар сарын 25-нд шинээр сонгогдсон Виктор Янукович Украины Ерөнхийлөгч боллоо. Түүнийг өмнө нь 2004 оны сүүлчээр нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгосон. Гэвч Дээд шүүх нь  зөрчилтөй болсон сонгуулийн дүнг хэрэгсэхгүй болгосон юм. Улбар шар хувьсгалын дараа гуравдахь шатны сонгуулиар түүний өрсөлдөгч Виктор Ющенко  Ерөнхийлөгч болсон билээ. Өнгөрсөн таван жилийн дотор Виктор Янукович өөрчлөгдсөн үү? Өөр хүн болж чадсан уу? Түүний Москватай харилцах харилцаанд өөрчлөлт гарах уу? “Том ахаасаа” тэрбээр хэр хамааралтай вэ? Эдгээр асуудалд Францын судлаач Анни Добантон хариулж байна. Түүний “Украин: Тусгаар тогтнолын өөрчлөлт” нэртэй ном нь өнгөрсөн онд гарсан байна.
Галина Аккерман: Анни, Танд өнөөгийн Янукович хэрхэн харагдана ьэ? Украины шинэ Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд хувирч чадсан уу?
Анни Добантон: Түүнийг үнэлэх хэрэгтэй. Ямар ч байсан биеэ сайн авч явдаг болсон байна лээ. Илүү ардчилсан маягтай болжээ. Улс төрийн маргаан явуулж байхдаа асуудалд хариулж, өрсөлдөгчидтэйгээ эелдэг харилцдаг болсон байна. Тэрбээр өөрөө сурсан уу эсвэл нийгэм нь түүнд сургамж өгөв үү гэдгийг би мэдэхгүй. 2004 оны ялагдал зөвхөн түүнд ч биш түүний хүрээнийхэнд нөлөөлсөн нь тодорхой. Энэ хугацаанд Украин ардчилал, үнэнч шударга сонгуулийн чухлыг ойлгож, Кучмагийн үеэр гаргаж байсан сонгуулийн үр дүнг хуурамчаар үйлддэг практикаас татгалзсан юм. Тэгэхээр Янукович тэр Кучмагийн захиргааны сүүлийн үеийн системд эргэн орж чадахгүй.
-Янукович хоёр ч удаа Ерөнхий сайд байсан. Ющенкогийн үед ч. Миний сонссоноор түүний хүрээнд янз бүрийн тушаал хашиж байсан хүмүүсийн хүрээн дунд авлига, гэмт гэмт хэргийн элементүүд цэцэглэж байсан гэх. Тэр элементүүд засаглалын бүтцэд эргээд ирэх юм биш биз?
-Харамсалтай нь, тийм эргэлт ирэх бололтой. 2005 онд мафийн янз бүрийн хэргийн мөрдөн байцаалт мухардалд орсон. Сэжигтнүүд нь Украинаас гарч зугтаад, зарим хэрэг нь цааш яваагүй юм. Өнөөдөр бид Януковичийн хүрээний тэр хүмүүсийг эргэн ирж буйн гэрч болж байна. Янукович өөрөө гүнзгий хүн биш, улс төрөөр ч мэдлэгээр ч.  Түүний Ерөнхийлөгч гэдэгт нь хүндэтгэлтэй хандлаа ч тэр талыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тус орны зүүн хэсгээс гэмт хэрэг ба залилангаар баяжсан  хүмүүс буцан засаглалд гарах аюул байна. Гэхдээ энэ баргар дүгнэлт нь Украины нийгэм өөрчлөгдсөн гэдгээр зөөлөрнө. Хэрэв Янукович эхний алхмаасаа өөрийг нь сонгоогүй хэсэгтэй сөргөлцвөл улс орон нь дахин буцлах хандлагатай. Шинэ майдан гарахгүй юм аа гэхэд түүний буруу үйлдлийг нийгмийн санаа бодол ядаж парламентын төвшинд хязгаарлах байх.
-Оросын удирдлага Якуковичийн засгийн эрхэнд гараасай гэж хүсч байсан. Янукович ч өөрөө тэр удирдлагад нь таатай хэдэн мэдэгдэл хийнэ билээ. Тухайлбал, Хар тэнгисийн флот Севастопольд 2017 оноос хойш үлдэж болох, Орос хэлийг төрийн хоёр дахь хэл болгоно гэх мэтээр. Ийм нөхцөлд зүүн хөршөөсөө тэр аль зэрэг хамааралтай байх бол?
-Эхний үйлдлүүдээс харахад Кремль Якуковичийн сонгогдсоноос гарах давуу байдлаа шуурхай ашиглана. Бид үүнийг эрчим хүчний салбарт Украины асуудал хариуцсан зөвлөх Глеб Павловскийн мэдэгдлээс ажигласан. Жишээлбэл Украины баруун ба зүүн хэсгийн санал хуралт нь тус оронд эв нэгдэл байхгүйг харууллаа гэсэн байна. Бас эрх баригч нам нь Украины Бүс нутгийн намтай нягт холбоотой. Саяхан Путин өөрөө Тимошенкотай харилцаж байх үеэр ч Бүс нутгийн намтай Нэгдсэн Орос нам нягт холбоотой байсныг дурсана билээ. Энэ онцгой найрамдал нь хоёр орны хоорондын хилийг харахгүй байхад хүргэж байна. Энэ бол хоосон чалчаа үг биш аюултай хандлага юм.
-Украиныг хуваагдана гэж та үнэнээсээ бодож байна уу?
-Орос шинэ фронт нээхгүй. Харин хоёр хэлтэй болгох, соёлын онцлогийг нь бууруулахын тулд эдийн засгийн ба эрчим хүчний шахалт үзүүлж чадна. Хэрэв тэр шахалт дарамт нь хэт хүчтэй, хүчний харьцаа тэнцвэргүй болбол хагарал гарах магадлалтай. Энд дахиад л бид Украины нийгэмд хандах ёстой болж байна. Украины шинэ хөрөнгөтнүүд Оросын жигүүр дор орох хүсэлтэй гэж үү? Минийхээр бол Украин Европтой ойртох эрмэлзэлтэй нь харагдаж байна. Тиймээс тэд Оростой нягт харьцаатай байхаас гарсан  эдийн засгийн давуугаа ашиглах нь ойлгомжтой.

Эх сурвалж: Radio France Internationale

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж