“Хунгийн сүүлчийн дуу” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

“Хунгийн сүүлчийн дуу” нээлтээ хийлээ

“Хунгийн сүүлчийн дуу” хэмээх дэлгэцийн шинэ бүтээл өчигдөр нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулан Монголын уран бүтээлчид дэлгэцийн нэгэн шинэ бүтээлийг хийсэн нь энэ аж.  Уг киног “Шинэ үе” продакшны жүжигчин Р.Алтансүх буюу Аси, ‘‘Twins film” продакшнтай хамтран А.П.Чеховын зохиолоос сэдэвлэн дэлгэцийн бүтээл болгожээ. ‘‘Тэнгис”, “Өргөө” “Соёмбо” кино театруудад өчигдөр нээлтээ хийсэн уг бүтээл Монголын тайз, дэлгэцийн үе үеийн уран бүтээлчдийг нэгтгэснээрээ онцлог юм.

Кино багийнхан тайз, дэлгэцийн уран бүтээлчдийн амьдрал тайзны ард болон гэр бүлд нь хэрхэн өрнөдгийг харуулахыг зорьсон аж. Тиймдээ ч уг кинонд УДЭТ, хошин урлагийн жүжигчид хамтран тогложээ.

Киноны найруулагчар ажилласан хошин урлагийн жүжигчин, найруулагч  Р.Алтансүх өчигдөр болсон нээлтийн үеэр “Бид жүжигчдийн хувийн амьдрал болоод тайз дэлгэцийн арын амьдралыг тэр бүр ойлгодоггүй. Энэ киногоор дамжуулан уран бүтээлчдийн тайзны арын амьдрал, дүр бүтээх гэж яаж хөдөлмөрлөдгийг дэлгэн харууллаа. Тайзан дээр хүмүүст инээд хөөр, аз жаргал бэлэглэж байдаг хүмүүсийн арын амьдрал ч гэсэн адал явдалтай өрнөдөг. Тэд чинь бидэнтэй л адилхан хүмүүс шүү дээ. Хүн л юм чинь зовох цагтаа зовно, жаргах цагтаа жаргана” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.  

Тус киноны дууг “Universe best songs” уралдааны шилдэг оролцогч Б.Мөнх-Эрдэнэ дуулж, дүрсжүүлсэн бол тун удахгүй Гавьяат жүжигчин, поп дива  Т.Ариунаагийн дуулсан хоёр дахь дуу клипийн хамт үзэгчдэд хүрэх нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж