
Санхүүгийн гуру-багш нэгэн форум дээр үг хэлэхдээ, “шөнийн аймшиг” болон хувирсан Европын өрийн хямралыг хөндөж “Зөвхөн евро бүс бус, Европын холбоо тэр чигээрээ сүйрэх аюулд орлоо” хэмээн онцлоод, гэвч энэ хямралаас гарах тун энгийн бөгөөд тодорхой гарц байгаа гэв. Тэр нь Германыг евро бүсээс гаргах ажээ.
“Европын нэгдсэн валют Европын холбоог устгахаар бодитойгоор заналхийлж байна. Гэвч Германыг евро бүсээс гаргаснаар энэ хямралыг шийдвэрлэх боломж байна. Европын холбоо болон өрөндөө баригдсан гишүүн орнуудын нийтлэг ашиг сонирхлын төлөө Германыг “золигт гаргах” хэрэгтэй” хэмээн Сорос ярилаа.
Түүний үзэж буйгаар, евро бүс өөрийнхөө бий болгосон хямралын намаг руу улам бүр шигдсээр байгаа аж. Германыг евро бүсээс гаргаснаар Европын нэгдсэн валютын ханш огцом унана хэмээн үзэж байна. Еврогийн араас асуудалтай орнуудын облигац буюу өрийн бичгийн үнэ цэнэ навс унаж тэдний өр “хямдарч” үнэ цэнэгүй болох бололтой.
Үүний дараа Европын холбоо бонд гаргах замаар өрийн хямрал, маргааныг шийдвэрлэж болох ажээ. Үнэн хэрэгтээ Соросын санааг өөр хэд хэдэн эдийн засагч дэвшүүлж байсан. Харин бүтэлгүйтээд байгаа улс орнуудад үндэсний валютыг нь буцааж өгвөл евро л хохирч сүйрэх юм. Ингэсний оронд еврог бүр байхгүй болгон өөрийг нь золиослосон нь хамаагүй дээр хэмээн Сорос үзэж байна. Ямар ч хувилбарыг сонгосон евро бүсийн асуудалтай орнуудын өрийг үнэ цэнэгүй болгох нь хамгийн зөв хэмээн үзэж байгаа аж.
Тэрбумтан Жорж Соросын санаа анхаарал татаж байгаа ч Европын холбоо үүнийг хэрэгжүүлэх нь юу л бол. Тэгвэл еврогоос буюу дэлхийн хоёр дахь чухал нөөцийн валютаас сайн дураар татгалзсан хэрэг болно. Европын удирдлага энэ талаар “зүүдлээ ч үгүй” байгаа бөгөөд эцсийн тохиолдолд Грек, Португал зэрэг бүтэлгүй улсуудыг евро бүсээс гаргаж болох юм хэмээн үзэж байна. Унгар гаралтай хөрөнгө оруулагчийн баталж буйгаар, зарим нэг орныг евро бүсээс гаргаснаар гол өвчин болоод байгаа өрийн болон урагшгүй орнуудын үр ашиггүй эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж чадахг үй аж. Хямарч байгаа нэг орныг евро бүсээс гаргачихвал хэсэг хугацааны дараа бас нэгийг нь гаргах хэрэгтэй болж магадгүй. Харин хямралыг ганцхан “далайлтаар” шийдвэрлэх арга байгаа нь Германыг “золигт гаргах” ажээ.