Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

“Гоонжтой” жагсаал

Төв талбайд гоё жагсаал болж байна.
Тэнд хурсан олон бүгдээрээ гоё хувцастай. Үнсгэлжин мэт цав цагаан
даашинзтай бүсгүй дэгжин гэгч нь жигтэйхэн хилэн хар “гоонжтой”
нөхрийнхөө гараас сугадан, Чингис хааны хөшөөний өмнө инээмсэглэнхэн
зогсоно. Ойр хавьд нь зогсч байгаа эрхмүүд ч ялгаагүй. Хэрэндээ л
гоёсоор иржээ. Хөгшчүүл үйтэн хуар, үнэт эдлэл, мөнгөн бүсээр бэл
бэнчингээ тодорхойлох бол залуус цайныхаа ганцыг өмсч, охид бүсгүйчүүд
гоёмсог даашинзаар гангарчээ. Тэдний эсрэг талд тэднээс ч ганган хүмүүс
цуглаж. Хэдэн саяар тоологдох бугуйн цаг, зангиа, брэндийн “гоонж”
тэдний гоёл.

Хуримын зочид худ, ургаа сайн мэдэхгүй болохоор нөгөөдүүлийг хараад зарим нь атаархсан аястай,


-УИХ-ын гишүүн байсан Д.Очирбат чинь эдний хамаатан юм уу, аан?

-Харин
тийм юм биш үү. Тэр Отгонбилэг агсны хүү Содбилэг бас ирчихэж. Бас
хамаатан нь юм шиг байна. Овоо хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс юм биш үү гэх
нь нэн сонин.

Үнэндээ МАН-ынханг тэд хуримын зочид гэж
андуурчээ. Харин МАН-чууд хуриманд бус эрх баригчдыг эсэргүүцэн жагсаж
байгаа нь тэр. Эрх ашгаа хамгаалахаар ийнхүү цугласан учиртай. Гэхдээ л
соёлтой хүмүүсийн жагсаал гоё юм билээ.

Өмнөх нь гандаж,
элэгдсэн хувцастай, хөгжчүүлээс голдуу эгнээгээ бүрдүүлсэн иргэний
хөдөлгөөнүүдийн жагсаалтай харьцуулах юм биш.

Хуучин цагийн майн
баяраар л бүгдээрээ гоёлын “гоонж”-оо өмсөөд ингэж жагсдаг байлаа. Шинэ
юм гэж удаан мартагдсан хуучин зүйлийг хэлнэ гэдэг үнэн юмсанж.
Монголын төрийг дал гаруй жил дангаараа, сүүлийн хорин жилийн 16-д нь
эрх барьсан намынхан аргагүй өөрөөр жагсч байна. Тоос тогтохооргүй
гялгар гутал дээр гар “эсгэм” индүүдлэгтэй өмдтэй, сүрчиг хан хийлгэсэн
сайхан залуус жагсагчдын нийтлэг төрх. Тиймээс тэдний юу ярьж, юун төлөө
жагч байгаа нь нэг их сонин санагдсангүй. Харин байгааг нь харахад гоё
байлаа.

Гоё хүмүүс жагсахаар сонирхогчид ч мунддаггүй бололтой. Энд юу болж байгаа юм бэ гэвэл,

-Мэдэхгүй ээ. Олны танил хүмүүс л байна. Одоо хэлэх байлгүй дээ. Содон харагдахаар нь сонирхоод л зогсч байна гэх хүмүүс олон.

Өмнө
нь ийм ганган хувцастай жагсагчдаас бүрдсэн жагсаалыг даанч харж
байсангүй. “Дээлтэй Монгол” өдөрлөгөөр гоё ганган дээлтэй хүмүүсийг хэд
хэдэн удаа харсан ч “гоонжтой” монгол арга хэмжээг төсөөлж байсангүй.
Тиймээс ч нүдэнд содон харагдана лээ.

Дах тэгтий нөмөрчихсөн,
жинсэн өмд, эсгий гутлаар имижээ бүрдүүлж, чанга яригч бариад хоолойгоо сөөтөл
хашгирч байсан нөхдүүд нь Төрийн ордонд орчихсон. Тэдний оронд харин Төрийн
ордонд байснууд нь гараад ирчихсэн, ганган гэгчийн жагсаал хийсэн болохоор нэг л онцгой.

Хуучин
иргэний хөдөлгөөнийхөн даарахдаа дулаацна гэж төв талбайг гэр хороолол
болгох мастер төлөвлөгөө хэрэгжүүлэхээр цагдаа нартай чангаалцдаг асан
бол энэ удаад огт өөр. Жаахан жихүүцсэн нэг нь талбайд хажууханд
тавьчихсан том жийп рүүгээ алхаж яваа харагдсан. Дулаацахаараа буцаад
ирэх байлгүй. “Гоонжтой” жагсаал үргэлжилж байна билээ.

Нэг л
зүйл сонин санагдсан. Тэдний шаардлагыг хүлээж авахаар гарч ирэх 
эрх баригчдын төлөөлөл ямаршуухан хувцастай нөхөр гарч ирэх бол гэж. Халтар,
муухайгаараа дуудуулсан, хямдхан хувцастай хөөрхийлөлтэй гишүүд энэ
удаагийн парламентад их ч бий дээ. Ингэж бодохоор л жагсаалыг эцсийг нь
хүртэл сонирхмоор.

Юм өөрчлөгдөнө өө гэж…

Л.ТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж