Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны зүгээс өнөөдөр 13.00 цагт Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг твиттерээр дамжуулж, оюутан залуус 40 мянган төгрөгөөр жагсч байна, Тусгаар тогтнолын долдугаар давхарт очиж, мөнгөө ав гэх утга агуулгатай зүйл бичсэнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр Монголын Улсыг удирдаж, шийдвэр гаргаж байгаа улстөрийн хүчний хариуцлагатай албан тушаалтан улс орныхоо ирээдүй болсон үзэл бодлоороо жагсч оюутан, залуусыг ингэж гутаан доромжилж болохгүй. Оюутан залуус мөнгө харж жагсдаг цаг үе өнгөрсөн. Өнөөдөр оюутан залуус тэтгэлэгтэй. Банкнаас зээл авах бүрэн эрхтэй болсон” гэлээ.
Ш.ЧИМЭГ