”Бонд гэдэг зээлээ баталгаажуулсан баримт”

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

”Бонд гэдэг зээлээ баталгаажуулсан баримт”

Хөрөнгийн зах зээл хөгжих хэрээр түүнийг дагаад төрөл бүрийн үнэт цаасны талаар ярих болсон. Харамсалтай нь энгийн иргэд энэ талын мэдлэг хомс учраас эдийн засгийн харилцаанд оролцдог цөөн хүний мэдлэг болон хувирч буй юм. Уг нь үүнийг ойлгоод арилжаанд оролцоод аж амьдралаа дээшлүүлэх бололцоо, орон зай хөрөнгийн зах зээлд хангалттай. Тиймээс бид энэ удаа үнэт цаас гэж юу вэ, тэр дундаа бондын тухай ойлголтыг иргэдэд хүргэхээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадоржид хандсан юм.

-Сүүлийн үед үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн тухай ярих болсон ч энэ нь зөвхөн тэр хүрээнийхний мэдлэг төдий байна. Тиймээс та бонд гэж юу болох талаар манай уншигчдад маш энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Бид зах зээлийн эдийн засагт шилжээд арав гаруй жил боллоо. Тэр цагаас хойш үнэт цаас хэмээх нэр томьёог хүмүүс олонтаа сонсох болсон байх. Хөрөнгийн бирж буюу үнэт цаасны арилжааны газар ч энэ цагаас яригдах болсон. Үнэт цаас маш олон төрөлтэй бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг, иргэдэд илүү ойр байдаг нь хувьцаа, бонд. Үүний дотроос бондыг онцлон хүргэхэд уг үнэт цаас нь хүмүүсээс зээл авч байгааг баталгаажуулж буй баримт бичиг юм. 

-Тухайлбал, Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаар боллоо гэдэг нь ийм хэмжээний зээл авна гэсэн үг үү?

-Энэ нь таван тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нэрлэсэн үнэ бүхий зээлийн баримт бичиг үйлдэж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, 500, 1000 төгрөг гээд тоог нь биччихсэн мөнгөн тэмдэгттэй төстэй цаас гэвэл илүү амар ойлгогдох байх. Гэхдээ ердийн гүйлгээнд ашиглагддаггүйгээрээ онцлог. Тодруулбал, Зас­гийн газар гаргасан таван тэрбумын бондынхоо нэг бүрийн үнийг 1000 төгрөг ч юм уу, арван мянган төгрөгөөр үнэлээд, иргэд, байгууллага, банкуудад зарна гэсэн үг. Тэгэхээр тухайн банкинд уг бонд хадгалагдаж, харин Засгийн газарт бэлэн мөнгө нь хуримтлагдана. Нэг үгээр Засгийн газар тухайн иргэд, аж ахуйн нэгжээс зээл авч, тодорхой хугацааны дараа хүүтэй нь буцааж төлнө гэсэн үг юм.

-Бондын хүүг хаанаас, ямар зарчмаар тогтоодог юм бол?

-Засгийн газар бонд гаргахдаа хүүг нь өөрөө  тогтоодог. Тухайн жилийн хадгаламжийн хүү ямар байна вэ гэдгээс хамаарч тогтоодог. Хадгаламжийн хүүтэй ижил түвшинд тогтоочихвол бонд худалдаж авах хүн байхгүй. Учир нь хадгаламжаа хүссэн үедээ авч болно.

-Харин бондод тийм боломж хомс. Хэрвээ хугацаанаасаа өмнө мөнгөө буцаан татах бол арилжааны банкуудаар дамжуулан эргүүлэн худалдаж байж авдаг.

-Хадгаламжийн хүүнээс хэр өндөр байна гэсэн үг вэ? 
 
-Тухайн үеийн хадгаламжийн хүүнээс тодорхой хэмжээгээр өндөр байвал хүмүүс урамшиж бонд худалдаж авна шүү дээ. Ер нь арилжааны банкны дундаж хүүг бодож үзэж байж бондын хүүг тогтоох ёстой.

-Бондын хүүг тогтооход хадгаламжаас гадна өөр ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг вэ?

-Гол хүчин зүйл нь мэдээж хадгаламжийн хүү. Тиймээс арилжааны банкны тухайн үеийн хадгаламжийн хүүг судлахаас гадна хэтийн төлөв байдлыг ч судлах шаардлагатай. Түүнээс гадна өөр дагалдах хүчин зүйлүүд байдаг байх.

-Олон улсын жишгээс судлахад, Засгийн газар бонд гаргахдаа дотооддоо худалдах нь улс оронд ашигтай байдаг юм уу, гадаадад худалдах нь илүү өгөөжтэй юү?

-Засгийн газар гаргасан бондоо гадаадад ч, дотооддоо ч  худалдах эрх нь нээлттэй. Зарим улс дотооддоо худалдахыг зөв гэх нь ч байдаг юм билээ. Улс улсын баримтлах бодлого өөр байдаг байх. Япон улс лав өр зээлийн асуудлаа дотооддоо шийдвэрлэхийг чухалчилдаг юм билээ. Манай улсын хувьд гаргасан бондоо дотооддоо худалдах нь зөв санагддаг. Учир нь хүн бүрт хэрэгцээнээс нь илүү гарсан тодорхой хэмжээний жаахан мөнгө халаасанд нь байж л байгаа. Түүгээрээ Засийн газрын бондоос худалдаж аваад тодорхой  хугацааны дараа хүүтэй нь авна. Ирээдүйн орлоготой хүн сууж байх хэрэгтэй байхгүй юу. Засгийн газар ч эргүүлэн хүүтэй төлөх мөнгийг гадаадаас авч гадныханд илүү мөнгө төлж байхаар дотооддоо төлж байсан нь дээр шүү дээ. Бондын хувьцаанаас ялгарах давуу тал нь тэр. Тухайлбал, Засгийн газраас бонд гаргахаас хувьцаа гаргахгүй. Учир нь Засгийн газрын хувь эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй.

-Бондын хүүг тогтоохын тулд маш олон судалгааны ажил хийдэг гэлээ. Энэ судалгааг Монголбанкнаас хийдэг юм уу?

-Эдийн засгийн төв байгууллагуудад ерөнхий судалгаанууд байдаг. Үүнд Сангийн яам голлох үүрэгтэй оролцдог. Тэнд бүх төрлийн судалгаа төвлөрдөг юм. Мөн Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яам ч тодорхой оролцоотой. Энэ бүх байгууллагуудын судалгаанд үндэслэн бонд гаргадаг.

-Бондын арилжаа нь оролцогчдодоо ямар ашиг тустай вэ?

-Чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж байгаа нь төрд ашигтай. Зах зээлд ашиглагдахгүй, сул байгаа мөнгийг нэг дор төвлөрүүлж, шаардлагатай зүйлд зарцуулагддаг. Сул байгаа мөнгө хэнд ч үр өгөөж муутай. Тиймээс 100 хүний арав, арван мянган төгрөгийг нийлүүлэхэд сая төгрөг болно. Тэр мөнгийг  төр зөв зарцуулж, бүтээн байгуулалт, үйлдвэржилтэд хөрөнгө оруулах ёстой. Ингэснээр хүмүүсийн мөнгийг хүүтэй нь буцааж өгсний дараа төрд ч ашиг үлдэхээр зарцуулах ёстой.

-Засгийн газрын бондоос хувь хүн хүртэх нь төдийлөн бага байх. Учир нь Засгийн газар ч цөөн ширхгээр арил­жих сонирхолгүй. Тэр бондыг худалдаж авах хөрөнгө мөнгөний чадамжтай хүн хомс харагддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийдөө тийм зүйл ажиглагддаг. Засгийн газрын бондыг худалдаж авах нь иргэдэд нээлттэй гэх боловч үнэн хэрэгтээ арилжааны томоохон банкууд юм уу, томоохон компаниуд багцаар нь худалдаад авчихдаг санагддаг. Хөрөнгийн бирж дээр гаргадаг бол иргэдэд нээлттэй байх байсан.

-Засгийн газрын бонд эрэлттэй санагддаг. Юунаас болж томоохон компаниуд хошуурдаг юм бол?

-Тийм ээ. Засгийн газрын бонд баталгаатай  учир эрэлттэй байдаг. Яагаад гэвэл аль ч Засгийн үед бонд авсан  дараа дараагийн засаг солигдсон ч тэр хүчинтэй л байдаг. Харин нэг сул тал нь бусад үнэт цаасыг бодвол хүү багатай. Гэсэн ч хүмүүс баталгааг нь бодож Засгийн газрын бонд руу хошуурдаг.

-Бондоос олсон хөрөнгийг бүтээн байгуулалтад зарцуу­лах нь мэдээж зөв байх. Манай нөхцөлд яг аль салбарт хөрөнгө оруулалт хийвэл зохистой вэ?

-Энэ бол бонд гаргахаасаа илүү том асуудал. Үүнийг нэг өрхийн амьдралаас жишээлэн маш энгийнээр тайлбарлавал, тухайн өрх санхүүгийн хувьд түр зуур чадамжгүй болоод хүнээс хүүтэй мөнгө зээллээ гэж бодъё. Зээлсэн мөнгөө хоол хүнсэндээ  үрчихвэл хэсэг хугацааны дараа хүнд нь буцаах мөнгө ч үгүй, хөрөнгийн эх үүсвэр ч үгүй болно. Тэд өрнөөс өөр зүйлгүй үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр хүүтэй мөнгийг буцааж төлөөд, дараа нь өөртөө ашигтай байхаар хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй. Манай улсын хувьд ч стратегийн бүтээгдэхүүн, үндэсний брэндийг гаргаж чадахуйцаар салбартаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгснээр Засгийн газар ч өрнөөс гарч, улс орон ч эдийн засгийн хувьд хүчирхэгжих боломжтой. Тиймээс халамжийн бодлогод чиглүүлэн хүн бүрт хавтгайруулж тараах нь зохисгүй.

-Бондоос олсон хөрөнгийг аль салбар, яг юунд зарцуулж байна вэ гэдэгт хяналт чухал байх. Энэ хяналтыг хаанаас хийх ёстой вэ?

-Эдийн засгийн төв байгууллагууд хянах ёстой. Мөн Засгийн газрын дэргэд хяналт шалгалтын баг байх ёстой байх.

М.УЯНГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж