Манай галактикт ойр орших томоохон галактик Адагчуулганы мананцар 2 сая 300 мянган гэрлийн жилийн зайтай бол Магелланы үүлс түүний эсрэг чиглэлд 200 мянган гэрлийн жилийн зайд байрлана. Магелланы үүлсийн нууцад анхлан нэвтэрсэн хүн бол Австралийн үндэсний их сургуулийн проффессор Donald Mathewson юм. Сунаж тогтсон хэлбэр бүхий сансарын хийн тархац олдсон тухай АНУ-ын одон орончдын 1972 онд бичсэн нэгэн өгүүлэл түүний анхаарлыг татжээ.
Тэрээр нэгэн орой их сургуулийн номын санд уг өгүүлийг уншиж суув. Өмнө нь Магелланы үүлсийг судлаж байсан түүнд шинээр олдсон сансарын хийн хэлбэр сонирхолтой санагдсан байна. Тэгээд ойролцоо байсан хувиар бүхий цаасыг авч хийн тархацыг гараар хуулан зурж үзтэл, сансарын хийн нэг үзүүрт Магелланы үүлс байрлаж байв. Тэдгээрийн хооронд ямар нэгэн холбоо байгаа юм биш биз гэсэн асуулт түүнд төрж, телескопоор судлаж үзтэл Магелланы үүлс сансарын хийн тархацтай байрлалын хувьд үнэхээр холбогдож байжээ.
Аварга хийн тархацын уртын хэмжээ 1 сая гэрлийн жилд хүрэх бөгөөд манай галактикийн диаметрээс даруй 10 дахин том ажээ. Мөн хийн нягт Магелланы үүлний орчим харьцангуй их бол эсрэг төгсгөлд сийрэг, хий хагас дугуйрсан хэлбэртэй байгаагаас тэдгээр нь тойрог хэлбэрээр хөдлөж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Магелланы үүлс, сансарын аварга хийн хамт манай галактикийг 2 сая гэрлийн жилийн урт бүхий радиусаар тойрон эргэлддэг байна. Нэг бүтэн тойрог хийхийн тулд 2-3 тэрбум жил зарцуулна.
Сар дэлхийг тойрон эргэдэгтэй адил зарим галактикууд ч бас нэгнээ тойрон эргэдэг ажээ. Тойрон эргэгч галактикийг дагуул галактик хэмээн нэрлэнэ. Donald Mathewson-ы судалгаанд үндэслэн Магелланы үүлсийг манай галактикийн дагуулд тооцох болжээ.
Гэвч үүнтэй зөрчилдөх өөр нэгэн шинэ таамаглалыг АНУ-ын одон оронч Roeland van der Marel 5 жилийн өмнө дэвшүүлжээ. Тэрээр Магелланы үүлсийн хурдыг нарийвчлан хэмжсэн байна. Хурдны хэмжилтээс түүний татах хүч, улмаар манай галактикийн жинг тодорхойлох боломжтой юм. Ажиглалтыг сансарын Хабл дурангийн тусламжтайгаар 4 жилийн турш хийжээ. Энэ нь Хабл дурангийн хүчин чадлын хязгаарт тулсан судалгаа байсан бөгөөд ердийн нөхцөлд 100 км зайнаас 1 мм-ийн хөдөлгөөнийг ажиглахтай зүйрлэж болно. Ийм хэмжээний хөдөлгөөнийг дэлхий дээрх телескопуудаар ажиглах боломжгүй юм. Дуранг өчүүхэн төдий эргүүлэх тохиолдолд гэрэл хүлээн авах толь хазайж, дүрсэнд гажилт үүсгэдэг байна.
Судалгаагаар хурдыг 378 км/с хэмээн тодорхойлжээ. Энэ нь өмнө тооцоолж байснаас 20% илүү хэмжээ бөгөөд Магелланы үүлсийн хувь тавиланг ихээхэн өөрчлөхөд хүргэнэ. Ийм хэмжээний хурдтай хөдлөх тохиолдолд тойрон эргэлдэх бус, манай галактикийн хажуугаар зөрөн өнгөрч байгаа хэмээн дүгнэхэд хүргэнэ. Өмнө нь манай галактикийг 5-6 удаа бүтэн тойроод байгаа хэмээн тооцогдож байсан Магелланы үүлс огторгуйн орон зайд аялах явцдаа манай галактикийн ойролцоо ирж, татах хүчний нөлөөгөөр бага зэрэг муруй траектор үүсгэн зөрөн өнгөрч байж болох юм.
Гэтэл Чилид байрлах Европын одон орон судлалын өмнөд төвийн эрдэмтэд 40 жилийн турш хийсэн ажиглалтын дүнд тулгуурлан Магелланы үүлсийн хурд тийм ч өндөр биш, өмнө тооцоолж байснаас зөрөхгүй учир манай галактикийг тойрон эргэж байгаа нь үнэн хэмээн дүгнэжээ. Юуны учир ийм эсрэг тэсрэг дүгнэлтүүд хийгдэх болов. Галактикийн өчүүхэн төдий хөдөлгөөнийг хэмжиж, хурдыг үнэн зөв тодорхойлно гэдэг нь маш төвөгтэй ажил юм. Хэмжилтийн үед хэт алсад байрлах хурц гэрэл бүхий галактик (Quasar) -уудыг харьцуулах баримжаа болгон ашиглах боловч галактикууд, одод тус бүр өөрийн бие даасан хөдөлгөөн хийх учир түүнийг тооцох засварлахад хүндрэлтэй байдаг байна.
Магелланы үүлсийн сонирхол татах өөр нэгэн ирээдүй нь манай галактиктай мөргөлдөх явдал юм. Манай галактикийг тойрон эргэлдэж байсан ч, зөрж өнгөрч байсан ч мөргөлдөх магадлал 100% гэж үзэж болно. Галактикуудын мөргөлдөөний шалтгаан нь Адагчуулганы мананцар байх боловч мөргөлдөөн хэмээх шууд утгаар ойлгох нь буруу юм. Тус галактик 4 тэрбум жилийн дараа манай галактикийг нэвтлэн гарна. Хэдэн 100 сая жилийн дараа хоорондын татах хүчний үйлчлэлээр буцан татагдаж өмнөхөөс эсрэг чиглэлд нэвтлэн гарна. Энэ маягаар 2-3 удаа нэг нэгнээ нэвтлэн гарсаны эцэст 6 тэрбум жилийн дараа нэгэн аварга том галактик болон нэгдэнэ.
Магелланы үүлс ч бас тэдгээрийн татах хүчний үйлчлэлийн нөлөөгөөр татагдан манай галактикийн нэгэн хэсэг болох юм. Галактикийн мөргөлдөөний үед нарны аймаг, дэлхийд хэрхэн нөлөөлөх нь сонирхол татна. Манай галактик олон тооны одыг агуулах боловч түүний нягт маш бага, зүйрлэвэл номхон далайд хөвж буй хоёр ширхэг тарвасны мөргөлдөх магадлалтай адил. Иймд галактикуудын мөргөлдөөний үед дэлхийд аюул учрахгүй гэж ойлгож болох боловч 5 тэрбум жилийн дараа манай нар шатаж дуусч, дэлхий болон ойролцоох бусад гаригуудын хамт мөхлөө угтах билээ.
Магелланы үүлсийн дараагийн нэгэн нууц нь түүний хэлбэр буюу насжилт юм. Манай галактик спирал хэлбэрийн галактикт тооцогддог. Анх төгс спирал хэлбэртэй гэж үзэж байсан бол сүүлийн үеийн судалгаагаар зуйван хэлбэртэй гэдгийг тогтоожээ. Галактикуудыг ангилах оролдлогыг америкийн одон оронч Эдвин Хабл анх хийсэн байдаг. Адагчуулганы мананцар түүний үүсгэсэн анхны ангиллуудын нэг болох спирал галактикт хамаарна. Үүнээс гадна жигд бус хэлбэртэй галактикууд байх бөгөөд Магелланы үүлс энэ ангилалд хамаарна. Галактикуудын хэлбэр нь тэдгээрийн насжилт болон орчлон ертөнцийн үүсэлтэй нягт холбогддог.
Чилийн нутагт байрлах Европын одон орны судалгааны төвд 7 дуран авай бий. Тэдгээрээс 2009 онд ашиглалтад орсон хамгийн сүүлийн үеийн Виста дурангийн тусламжтайгаар хийсэн ажиглалтаар Магелланы үүлсийн манай галактикд байдаггүй онцлог шинжийг тодорхойлжээ. Тэнд хэдэн сая одыг агуулах бөмбөлөг хэлбэрийн оддын бөөгнөрөлүүд байв. Манай галактикт 10 тэрбум жилээс илүү насжилт бүхий хөгшин одод элбэг байдаг бол Магелланы үүлс өтгөн хийгээр бүрхэгдсэн залуу оддыг агуулдаг байна. Оддын ийм бөөгнөрөл манай галактикт байдаггүй.
Sheffield их сургуулийн проффессор Paul Crowther Магелланы их үүлийн дунд байрлах Тарантула мананцарын нэгэн одыг 15 жилийн турш судлажээ. Хэдийгээр нэг од мэт харагдах боловч Чилид байрлах VLT дурангийн тусламжтайгаар хийсэн ажиглалтаар үүсэн бий болоод удаагүй залуу оддын бөөгнөрөл байгааг илрүүлсэн байна. Түүний төвд байрлах R136a1 одны гэрлийн спектрийг судлаж, өндөр температур бүхий гелийг агуулж байгааг 2010 онд тогтоожээ. Энэ нь уг од маш халуун болохыг илтгэх бөгөөд өмнө нь тооцоолж байгаагүй үр дүн байв.
R136a1 одны гэрэлтэлт нарнаас 10 сая дахин тод, одон орны түүхэнд өнөөдрийг хүртэл судлагдсан оддоос хамгийн тод нь байв. Мөн гадаргын температур 50 мянган градуст хүрдэг, жингийн хувьд ч нарнаас 300 дахин том аварга залуу од юм. Өмнө нь өнөөгийн орчлон ертөнцийн хамгийн том одод нарнаас 150 дахин хүнд байх ёстой гэж үзэж байсан бол энэ хязгаарыг 2 дахин давж байгаа хэрэг юм. Их тэсрэлтийн дараа галактикууд үүсэх үед иймэрхүү аварга залуу одод элбэг байсан бол олон тэрбум жилийн дараа ихэнх одод хөгширч өнөөгийн дүр төрхийг олжээ.
Харин Магелланы үүлс юуны учир залуу оддоор баялаг байгаа юм бол, дөнгөж саяхан үүсэн бий болсон шинэ галактик уу гэсэн асуулт гарна. Гэвч түүний үүсэл манай галактиктай адил 13 тэрбум орчим жилийн өмнөх цаг үед хамаарна. Харин бодит шалтгаан нь тодорхойгүй байгаа боловч энэ хугацаанд тус галактикт одод бараг үүсэн бий болсонгүй. Саяхнаас л гэв гэнэт нойрноос сэрсэн мэт залуу, аварга оддыг асар олноор "үйлдвэрлэж" эхэлжээ.
Галактикууд эхний шатанд маш бага нягттай хийн бөөгнөрлөөс үүсч, цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар томордог. Эхлээд тогтсон хэлбэр дүрсгүй байдаг бол 13 тэрбум орчим жилийн хугацаа өнгөрөхөд манай галактиктай адил зөв спирал хэлбэртэй болж хувирдаг. Харин Магелланы үүлсийг үүсгэсэн хий ямар нэгэн шалтгаанаар хангалттай бөөгнөрч, хэлбэржихгүй байсаар саяхнаас хэлбэр дүрсээ олж эхэлж байгаа хэмээн таамаглаж байна. Мөн Магелланы үүлстэй адил шинэ залуу одод бүхий галактик сүүлийн үеийн судалгааг оролцуулаад өнөөдрийг хүртэл бараг илрээгүй байгаа юм.
Магелланы их үүлний N11B мананцар, Бараан хэсэг нь хий болон тоосонцор. Тод гэрэлтэй хэсэгт одод үүсч байна. Хөх өнгөтэй нь хүчилтөрөгч. |
NGC2074 кластер, цаад (дээд) хэсэгт шинэ залуу одод, наад хэсэгт хий болон тоосонцор байна, баруун талын бараан хэсэг ойролцоогоор 20 гэрлийн жилийн хэмжээтэй. |
Магелланы бага үүлний NGC346 кластер, 100 сая од тэсрэх мэт нэгэн зэрэг үүсч байна. |
NGC 602 кластерт ч бас шинэ одод үүсэн бий болж байна. |