Тэрбээр “УИХ-ын чуулганы хуралдаан үдээс өмнө болох байсан. Харамсалтай нь сая хуралдаж чадсангүй. Чуулган хуралдаж чадаагүйн гол шалтгаан нь УИХ-ын гишүүдийн Төрийн ордонд орох хаалгуудыг жагсагчид хаасан байна. Чуулганы хуралдааны хэвийн ажиллагаа тасарч байгаа учраас үдээс хойш хуралдуулахаар боллоо” гэлээ. Д.Эрдэнэбат дарга сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө
.
-Өвөрхангайд нэр дэвшсэн АН-ын гишүүдээр тангараг өргүүлэх нь зөв үү?
-Бүх зүйл хуулийн хүрээнд болж байгаа. СЕХ хуулийнхаа дагуу УИХ-д хоёр нэр дэвшигчийг өргөн барьсан. Тиймээс нэр дэвшигчдийн тангараг өргөх асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдэх учиртай. Улс төрийн ямарваа нэг зарчимгүй асуудлыг АН хэрэглэхгүй. СЕХ-ны шийдвэр гарсан л бол УИХ хэлэлцэх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа процедураараа явна. Янз янзын маргаантай асуудал байгаа. АН-аас СЕХ-нд нөлөөлсөн зүйл огт байхгүй.
Миний авсан мэдээлэл юу вэ гэхээр МАН-ын нэр дэвшигчид Сонгуулийн хуулийг зөрчиж иргэдийн саналыг худалдан авах үйл ажиллагаа явуулсан гэж СЕХ үзсэн. Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн дагуу асуудал цаашаа явна” гэлээ.