Сүүлийн хоёр жилийн дотор Хятадын оршин суугчид өөрийн орны АНУ-тай тогтоосон харилцаанд таагүй хандах болжээ. Үүнийг “Pew Research Center” гэх олон нийтийн судалгааны дүн харууллаа. Хятадуудын 39 хувь нь хоёр орныг хамтран ажиллах сонирхолтой гэсэн бол 26 хувь нь харилцааг дайсагнасан гэж үзэв. Харьцуулахад, ингэж үзэгсэдийн харьцаа 2010 онд 68 ба 8 хувь байсан юм.
Хятадуудын гадаад, дотоод харилцааг харуулах “Pew Research Center” төвийн санал асуулгыг өнгөрсөн 3-4 дүгээр сард явуулсан бөгөөд нийт 3000 гаруй хүн оролцжээ. Судалгааны дүнгээр Хятадууд эдийн засгийн өндөр өсөлттэй байгаа ч баян хоосны ялгаа ихэсч буйд улам их зовинох болсон байна. Тэдний хамгийн бэрхшээлтэй асуудлууд нь авлига, хүрээлэн буй орчны бохирдолт, уламжлалт соёл алдагдаж байгаа зэрэг оржээ.
АНУ-ыг хэрхэн хүлээн авч байгааг сонирхвол, хоёр талын харилцаанд дургүйцэх өнгө аяс нэмэгдэж буй ч тэдний 52 хувь нь америкийн ардчилсан үзэл санаанд сайнаар ханджээ. Гэлээ ч Америкт таатай ханддаг хүмүүсийн тоо 2010 оныхоос 11 үзүүлэлтээр доошлон 43 хувь болсон байв. АНУ-д таатай хандаж буй хүмүүс нь голдуу хот газрын боловсролтой, чинээлэг хүмүүс ажээ.
Вашингтонд төвтэй “Pew Research Center”-ийн санал асуулга нь БНХАУ ба АНУ-д улс төрийн удирдлага өөрчлөгдөх чухал үйл явдлын өмнө болсон юм. Америкт ирэх сард ерөнхийлөгчийн сонгууль болох тул хоёр гол нэр дэвшигч өөрсдийн халз мэтгэлцээнд Хятадын талаар нэлээдгүй ярьжээ.
Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни Хятадын валютын бодлого АНУ-ын эдийн засгийн хөгжилд ихээхэн саад хийж байгаа гэснээс гадна Цагаан ордныг Хятадтай хэтэрхий зөөлөн харьцлаа гэж үзэж байгаа юм. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама өөрийн засаг захиргааг өмнө байгаагүйгээр Хятадад шахалт үзүүлэн Америкийн сонирхлыг хамгаалж байна гэж хэлдэг.