“ONYX” өнөөдөр Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

“ONYX” өнөөдөр Монголд ирнэ

Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба гаригт хип хопын домогт “ONYX” хамтлаг Монголд анх удаа хөл тавьж, “Click click boom” хамтлагтай хамтран тоглот хийх гэж байгаа билээ. Итгэмээргүй ч юм шиг сайхан мэдээний эзэд өнөөдөр Монголд ирнэ. Тоглолтыг угтан “Click click boom” хамтлагийн реппер Gee-тэй уулзаж, тоглолтын сонин хачнаас хуваалцлаа.

-Ойрд “Click click boom” хамтлагаар дуулгах сонин ихтэй байгаа байх?

-Тоглолт, шинэ дуу, шинэ клип гээд маш олон зүйл давхцчихлаа. Уг нь ингэж давхцах ёсгүй байсан юм. Бид зунаас эхлэн уран бүтээлээ хийж байсан.  Ямарваа нэг зүйл жаахан цалгарддаг шүү дээ. Тэгж явсаар гэнэт бүгд идэвхжээд ирсэн чинь энэ тэндээс хийсэн дуунууд цухуйж гарч ирээд хийлгэсэн клипнүүд босч ирээд, манай сонсогч, дэмжигчдэд маш таатай байгаа болов уу гэж бодож байна.

-Хамгийн чухал сайхан мэдээ гэвэл танай хамтлаг “ONYX”-той хамтран тоглолт хийх гэж байна. Энэ намрын ээлжит сенсаац энэ байх?

 -Өмнө нь дэлхийн данстай хамтлаг, дуучид ирнэ гээд дандаа муридаг байсан. Тийм биз? Одоо тэгсэн чинь “ONYX” яг жинхэнээсээ ирэх гээд, бид хамтарч тоглох гээд, мөрөөдөл биелэх гээд би бүр агаар дээр явж байна шүү дээ. Догдлоод сайхан л байна. Би ер нь ямарваа нэг тоглолтын өмнө айхтар ингэж догдолж байгаагүй.  Яагаад ч юм нэг гоё, сайхан мэдрэмж төрөөд байгаа.

-Чухамдаа ямар учир шалтгаанаар дэлхийн домогт репперүүдтэй нэг тайзанд гарах болов?

-“ONYX” хамтлагтай холбоо тогтоох асуудлыг “WC” буюу “West Cost” брэндийн н.Ган-Од гээд залуу хариуцаж ажилласан. “ONYX”-той холбоо тогтоож, бүх асуудлыг шийдээд Монголын зүгээс “Nextage” энтертайнментынхан бидэнд санал тавьсан. Бидний оронд хэн ч байлаа гэсэн ийм саналаас татгалзахын аргагүй шүү дээ. Мэдээж бид шууд л зөвшөөрч, бэлтгэлдээ орсон. Бид бэлтгэлээ сайн хийх нь гарцаагүй. Учир нь “ONYX” Монголын хип хоп урлагийг бид нараар төсөөлнө. Тэд ч бидний талаар судалж, сонирхоод хамтран тоглохоор зөвшөөрсөн юм билээ. Тиймээс амьд хип хоп тоглолтод бид өөрсдийгөө харуулах ёстой. Монголын хип хопын төлөөлөл учраас бид үүнийг л тод томруунаар харуулах ёстой.

-Тоглолтод хэдэн цаг үргэлжлэх вэ. Мэдээж “ONYX”-той хамтран дуулна биз дээ?

-“ONYX”-той хамтарч олон дуу дуулах боломжгүй. Гэхдээ “Click click boom”  “ONYX”-той нэг тайзан дээр хамт байх болно. Тоглолтын хугацаа хоёр бүлэг нийлж тоглож байгаа учраас нэлээд урт. Урьдчилсан байдлаар тоглолтын үргэлжлэх хугацааг 3.30 минут гэж тооцоолж байгаа. Урт гэхээрээ сунжирсан биш. Хоёр өөр хамтлаг нэг тайзнаа гарах учраас удаан хугацаагаар кайф мэдрэх боломж олгосон тоглолт болно.

-Хип хопын энэ намрын хамгийн том цугларалт, тэсрэлт болоход ердөө хоёр хоног үлдлээ. Тоглолтын тайз, техник хэрэгсэл бэлэн үү?

-Буянт-Ухаа спорт цогцолборт өмнө нь дуугаралтын асуудалтай байсныг бүрэн шийдсэн. Цогцолборынхон ханандаа шилэн хөвөнгөөр доторлогоо хийсэн байгаа. Түүнээс гадна бид хөгжим, техник хэрэгсэл, тайз засалтад дөрвөн компанийн тоног төхөөрөмжийг нийлүүлж авч байгаа. Тийм учраас тоглолтын дуугаралт, тайз, дэлгэц, гэрэлтүүлэгт огтхон ч санаа зовох хэрэггүй. Мэдээж “ONYX”-ыг авчраад хаана, ямар байдлаар тоглуулах гээд бүх асуудалд Монгол орны нүүр царай, нэр гарна шүү дээ. Ирээд тоглолтоо үзэх л хэрэгтэй. Тэндээс авах ёстой кайфаа авах байх. Авахгүй басйн ч тэр хүмүүс хүчээр авахуулах байх. Ямар ч гэсэн “ONYX”-ынхон 100 хувь бүтэн энергиэ тоглолтдоо зарцуулна гэдгээ амласан байгаа. Тэгэхээр ямартай ч тоглолт бол галзуу болох нь тодорхой.

-“ONYX” хамтлагийнхан өнөөдөр орой хэдийд Монголд буух вэ. Фенүүд нь тосч , тэдэнтэй уулзаж, гарын үсгийг нь авах боломж байгаа болов уу?

-Өнөөдөр орой “ONYX”-ынхныг угтаж аваад зураг хөргөө авхуулж, фейсбүүктээ оруулна даа. Зарим нэг хүмүүс гадуур “ONYX” ирэхгүй, тэдний дууриамал, адилхан хүмүүс ирнэ гэж ярьж байгаа гэсэн. Тэднийг дуурайж, тэдэн шиг дуулж чадах хамтлаг байхгүй шүү дээ. Яг л “Гарьд манлай” кинонд “Далайцэрэнгээс өөр үүнийг өргөх адсага ч байхгүй” гэдэг шиг л. Үүнд эргэлзээд хэрэггүй. Өнөөдөр орой тэдний онгоц 22.50 цагт газардана. “Onyx”-ын үнэнч сонсогчид тэнд очиж, тосч болно. Бид тэднийг фенүүдтэй нь уулзах талаас аль болох арга хэмжээ авахыг бодно. Гэхдээ баталгаа өгч болох чадахгүй. Мэдээж уулзуулахыг хичээнэ.

-Тоглолтын тасалбарыг хаанаас худалдан авах боломжтой вэ?

-Одоо тасалбар худалдаанд байгаа. Гялс тасалбараа авахгүй бол дуусч магадгүй. Ямарваа нэгэн байдлаар шагчдын гар дээрээс тасалбар битгий аваасай гэж бид хүсч байгаа. Бид “ONYX”-ыг Монголд ирээд ганцхан удаа тоглож байхад хэт өндөр ашиг хараагүй. Ер нь бараг л ашгийн бус тоглолт. Тиймээс тасалбарын үнэ 15, 25 мянган төгрөг гээд маш хямдхан байгаа. 15 мянган төгрөгийн тасалбар бол тайзнаас жаахан зайтай суудлаас үзнэ. Тасалбарыг 1950, 1109, 1617-д захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн Hi-Fi  рекордсын бүх салбаруудаар худалдаалж байгаа. Мөн VIP тасалбар нь 100-хан ширхэг хэвлэгдсэн 100 ам.долларын үнэтэй. Энэ тасалбарыг зөвхөн 88119122 дугаарт захиалж, хүргүүлэх боломжтой. VIP тасалбар авсан үзэгчид тоглолтыг хүндэтгэлийн суудлаас үзэж, тоглолтын дараа  “ONYX”-той тодорхой хугацаанд хамт байж, гэрэл зургаа татуулж, гарын үсгийг нь авах боломжтой.

Тоглолтын маргааш буюу 21-нд “iLoft function house”-д “ONYX” оролцсон “After party” болно. Тэр үдэшлэгт 100 ам.долларын тасалбар авсан үзэгчид үнэгүй орно, тэдэнд суудал бэлэн б гэсэн үг.

-“After party”-ны тасалбар хэд байх вэ?

-“iLoft function house”-д 40 мянган төгрөгөөр худалдаална.

-“Click click boom” хамтлагийн шинэ уран бүтээлийн тухайд?

-Бид тав, зургаан дуу хийчихсэн байгаа. Сая хоёрыг нь цацлаа. “Хөөш” гээд шинэ дуугаа ФМ радиогоор цацсан, харин “Homie” гээд найз нөхөд, хамууддаа зориулсан дуугаа клиптэй нь цацлаа. Бид хамаа гэдэг шиг харууд нэгнийгээ Homie хэмээн дууддаг, хэвшмэл хэлц. Клип нь сайхан болсон, YouTube сайтад шинэ клип маань тавигдаад 24 цаг орчимд 6000 гаруй хүн үзсэн байсан.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж