”Бусдыг энэрсэн сэтгэл жаргалд хүргэдэг”

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

”Бусдыг энэрсэн сэтгэл жаргалд хүргэдэг”

Хамба лам Д.Чойжамц: Бусдыг хайрлаж, энэрсэн сэтгэл, харилцаа өөрийг нь жаргалд хүргэдэг. Энэ бол ерөөсөө л монголын уламжлалт сэтгэлгээ шүү дээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамцтай чин сэтгэлийн халуун яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна. Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн тэрбээр IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөхөд гол үүрэг гүйцэтгэж, дэмжсэн гавьяатай нэгэн билээ.

-Та Монголын бурхны шашны өнөөдрийн байдал, цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийдөө бурхны шашны өнөөгийн байдлыг тодорхойлохын тулд өнгөрсөн үеэ л харах нь зүйтэй санагддаг юм. Мэдээж бүтэн түүхээр нь яривал  урт удаан хугацаа.  Харин хамгийн богино үеийг нь авч үзвэл XX зууны эхэн үе гэхэд 100 орчим хийдтэй, 1000 гаруй ламтай нийгмээрээ бурхны шашинтай шашинлаг орон байсан л даа. 1911 онд Богд хаант Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан таван яам байгуулж, төр шашинаа хөгжүүлье гэсэн уриан дор оршин тогтнож байлаа.  Ингээд  1921 оны хувьсгалын дараачаас  төрийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ч тухайн үед шашингүйн үзлийг хүлээж авах үндэс суурь, хөрс нь нийгэмд байхгүй байсан.

Тиймээс энэ ажлыг хүчээр хийхийг оролдсон нь олон нийтийн асар их эсэргүүцэлтэй тулгарсан байдаг.  Ганцхан манай улсад ч бус хаа сайгүй тийм л байсан юм билээ. Энэ үеэс хилс хэргээр хоморголон шийтгэх нь 1938 онд дээд цэгтээ хүрч, олон мянган хүнийг газрын хөрсөнд  булсан шүү дээ. Энэ цагаас хойш хоёр, гурван ч үе өнгөрсөн учраас хүмүүс мартаж эхэлж байна. Эерэг хийгээд сөрөг талтай ч хүнд бие, хэл, сэтгэлийн гэсэн гурван эрх чөлөө байдаг.  Дээрх хэлмэгдүүлэлтийн үеэс  бие, хэлний эрх чөлөө хяналтад орж, хязгаарлагдмал болсон. Гэвч сэтгэлийнх нь эрх чөлөөг хааж, боож чадаагүй. Энэ нь 1990 оны дараагаас ил гарсандаа. Энэ цагаас сүм, хийдүүд байгуулагдаж эхэлсэн ч шашингүй удаан явсан хүмүүст ойлголтын, хийдүүдэд боловсон хүчний асуудал тулгарч шашныг “мөнгө” мэтээр харах байдал газар авсан. Гэхдээ нээлттэй нийгмийн ачаар боловсрол эзэмшсэн хүмүүс олширч шашны боловсрол улам чанаржиж байна. Товчоор хэлбэл, торгон дээл өмсөөд, том эрхи барьчихвал лам гээд явдаг үе өнгөрсөн байна л даа.  Ард түмний шашныг ойлгох ойлголт өөр болсон байна.

-Сүүлийн үед Түвд, Балбын Ренбүүчи багш нар манай улсаас иргэншил хүсдэг болсон тухай нэлээд сонсогдох боллоо. Энэ жам ёсны зүйл үү. Өөрөөр тайлбарлах тохиолдол цөөнгүй гарч байна л даа?

-Янз бүр л байгаа байх.  Гэхдээ яахаа алдсан олон хүн ирсэн гэж ойлгохгүй байна. Тухайлбал Монголын бурхан шашинтны төв Гандан хийд  үйл ажиллагаа явуулах хугацаандаа Дашчоймбол дацанд нэгээс хоёр багш залж авчирч ажиллуулж байлаа. Өдгөө тэнд дандаа монгол багш нар ажиллаж байна.  Мөн Гунгаачойлон хийдэд  хоёр багш  ирж ажиллаж байгаад нутаг буцах жишээтэй.  Харин  багш боловсон хүчний дутагдалтай хоёр  газар  цөөн тооны гадны  багш ажиллаж байна. Бусад нь зуны цагт ирж сүм, хийдүүдийг сонирхож яваа хүмүүс байх  гэж бодож байна.  Үүнийг шашны байгууллагууд зарим үзэл, суртлаар хөөрөгдөж байгаа нь олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн юм болов уу даа. Тэнд байгаа хүмүүс нь манайх руу бус Америк, Европ руу гарахыг илүүд үздэг гэж сонсож байлаа.

-Энэ оны сүүлээр дэлхий сөнөнө гэх  яриа  хүмүүсийн дунд ам дамжин яригдаж байна. Олны анхаарлыг татах хүн ч нэгээр тогтохгүй гарч ирж хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөх боллоо. Ер нь Буддын шашинд энэ тухай  бичигдсэн, тэмдэглэгдсэн зүйл бий юү?

-Зурхайд тийм юм зурагдаагүй. Ертөнц жамаараа явна. Харамсалтай нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинжлэх ухааны салбарынхан хүртэл лам нар ингэж хөөрцөглөөд байна гэх утгатай зүйл ярьж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч лам дэлхий сөнөнө гэж яриагүй. Хуучин нийгмийн лам л гэхээр буруу, муу  байдаг гэсэн ойлголт байсаар байгаагийн жишээ юм даа. Эндээс нийгмийн тэнцвэртэй үзэл дутаж байгаа нь харагдаад байгаа юм.

-Бас энэ өвөл их хүйтэрнэ гэх юм. Од эрхэсийн  зурлага, зурхайд энэ талаар зурагдсан зүйл бий юү?

-Бидний үйлийн үрээс л хамаарна даа.

-IX Богд Монгол Улсын иргэн болж, ерөөлөө айлдаж байсан нь монголчуудад хувь заяаны нэгэн сайхан тохиол болж байлаа. Тэр аугаа хүнтэй ойр дотно байсны хувьд сүсэгтэн олонд зориулсан түүний зүрх сэтгэл, Монголын бурхны шашинд гүйцэтгэсэн үүргийнх нь тухай эргэн дурсахгүй юу?

-Энэтхэгийн  шашны анхны их сургууль гэж нэрлэж байсан тэр газарт IX Богд шавилан сууж байсан юм билээ. Эндээс их хөлгөний шашин гаралтай. Монголд Түвдээр дамжин дэлгэрсэн байдаг. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа шашин сэргэж эхэлсэн үеэс удирдагч, чиглүүлэгч хэрэгтэй гэдгийг хүн бүр хүсэмжилсэн. Сүсэгтэй хүн бүр Богдыгоо мөрөөдсөн. Үүний үр дүн болж бид Богд гэгээнийг залсан. Анх Монголоос хүмүүс очиж тодруулж байсан юм билээ. Хожим нь 1970-аад оны үед Энэтхэгээс хүмүүс зургийг нь авчирч тарааж байсан. Тэр үед л анх төрхийг нь харж байлаа даа. Үүний дараа 1990-ээд оны эхээр Галсан-Иш хэмээх сайд Монголд ирсэн. Энэ үед Богд Монголд заларч болох тухай, монголчууд түүнийг хүсэмжилж буй тухай мэдээ хүрсэн байдаг.

Ингээд  Богд Жавзундамба хутагтыг 1992 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголын Жавзундамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн хэмээн дахин баталгаажуулж, өөрийн гарын үсэг бүхий батламж бичиг өргөснөөр монголын ард түмэн IX Богд хэмээн танин мэдэж дээдэлж ирсэн дээ. Үүнээс хойш сүм, хийдүүд  ахин дахин  бичиг өргөж урьснаар 1999 онд морилон ирсэн. Дараа нь 2009 онд ирэхдээ суурьшиж, иргэн нь болоод олон сүм хийдээр орж монголын ард түмэн эв түнжингээ хичээх, шашин  сэргэн мандах тухай ерөөөлтэй сайхан сургаал айлдвараа айлдаж яваад мөнх бусыг үзүүлсэн. Дээрхийн гэгээнтэн цаг бусын шалтгаанаар Монгол орондоо төрж, их үйл хэргээ бүтээж чадсангүй. Гэвч дараа төрөлдөө Монгол орондоо төрж шашин номынхоо төлөө ажиллана хэмээн гэрээслэлээ үлдээсэн. Тэрбээр нирваан дүрийг үзүүлэх хүртлээ монголын ард түмэн төдийгүй Монгол туургатныхаа сайн сайхны төлөө цаг үргэлж мөргөн залбирч, тааллаа чилээж байсан бөгөөд Монголын лам хуврагуудад ном ёсоо даган баримталж, энэрэл нигүүлслийн сэтгэлийг бий болгож бусдын тусыг хичээнгүйлэн үйлдэж байхыг олонтаа захиж байсан даа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж IX Богдыг Монгол Улсын иргэн болгосон байх аа?

-Миний хувьд үе үеийн Ерөнхийлөгч нартай харилцаж явлаа. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед Богд гэгээнтэнийг монголын бурхны шашныхаа тэргүүн болгох хүсэлтийг бид өргөн барьж байсан. Тухайн үед энэ асуудал шийдэгдэж чадаагүй.  Дараа нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед ч энэ асуудлыг  байн байн хөндөж байсан. Бас л болоогүй. Ер нь аливаа зүйлд болж бүтэх цаг хугацаа, ерөөл тавилан гэж байдаг. Энэ ерөөл билэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ирсэн дээ. Энэ нь Монголын ард түмний хувь заяанд, Монголын шашны ирээдүйд их чухал  үйл явдал болсон гэж хувьдаа дүгнэдэг. Тухайн үед  Богд гэгээнтэнийг монголын бурхны шашныхаа тэргүүн болгох хүсэлтийг  олон талын үндэслэлтэйгээр бид ерөнхийлөгчид өргөн барьсан. Үүнийг  маань ч  тун сайхан хүлээж авсан. Бусад үед судалж байна, шинжилж байна л гэдэг хариу өгдөг  байв . Олон хүнтэй ярилцаж олон талаас нь тунгааж энэ шийдвэрээ гаргасан гэж ойлгодог.

-IX Богдыг Монгол Улсын иргэн болоход нь та хамт байсан уу?

-Тэгэлгүй яахав. Монголд байх үеийн бүх уулзалтуудад би хамт байсан. Ерөнхийлөгчөөс монгол улсын иргэний үнэмлэхээ гардаж авахаар Их тэнгэрт очиход нь ч цуг байсан. Монгол Улсын иргэн болоход нь сайхан ерөөл дэвшүүлж  цай өргөсөн. Энэ үед IX Богд талархсанаа илэрхийлээд ерөөл айлдвараа айлдсан. Тэр том улсын яриа үнэхээр гайхамшигтай  юм билээ. IX Богд “Монголын ард түмэн, сүсэгтэн олон  бурхны шашны удирдагчтай боллоо. Үүнд би баяртай байнаа” гэж хэлж байсан даа.

-Д.Нинж гэгч хүн ярилцлага өгч  “ Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж IX Богдтой уулзах үеэрээ….. “Би амьдралдаа нэг том нүгэл хийсэн хүн. Миний энэ нүглийг арилгаж өгөөч”  гээд ном уншуулж, мэргэлүүлсэн” гэсэн байсан.  Дэргэд нь байсан хүний хувьд та хариулт өгөөч.  Ийм яриа болсон юм уу?

Тийм яриа болоогүй ээ. Ерөнхийлөгчтэй уулзах  хугацаанд  нь би IX Богдтой хамт байсан. Яахаараа ийм зүйл ярьдаг байнаа. Ер нь ч тэгээд тэнд ярьсан шиг IX Богд гэгээнтэн зүгээр нэг шалдар булдар мэргэ, төлөг хэлдэг хүн биш.  Бурхан Бодисадвагийн хувилгаан тийм юм яриад сууж байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд ч  IX Богдын дэргэд тусгай бичээч үргэлж хамт явдаг. Богдын уулзалт бүрийг тэмдэглэж  юу айлдаж, юу хийсэн тухай намтар бичигддэг юм шүү дээ. Осор Ренбүүчи гээд сайхан лам бий. Тэр гэгээнтнийг онгоцноос буусан цагаас нь буюу Монголд хөл тавьсан үеэс нь эхлээд өдөр тутам болсон бүх үйл явдлыг нь тэмдэглэж байсан. Сүүлд намтарыг нь сэргээж чухал үйл явдлуудыг нь тодотгож цадиг, түүхийг нь бичдэг дэг жаягтай, нарийн нандин зүйл байдаг юм билээ.

Тэгэхээр тийм яриа огт болоогүй байхнээ.

-Болоогүй. Би үүнийг батлан хэлж чадна.

-Та бидний ярьсан ярианаас ч тэр, өөр олон зүйлээс харахад монголчууд бид аугаа хувь заяатай ард түмэн гэдэг нь харагддаг. Гэвч өнөөдөр хүн хүндээ хандаж байгаа хандлага арай л өөр  байх шиг санагдах юм.

-1990 оноос хойш бидэнд оносон  ч, алдсан ч зүйл их бий. Нэгдүгээрт нийгмийнхээ араншин төрхийг мэдэхгүй, ардчилал, эрх чөлөө гэгчийг хязгааргүй эрх юм шиг ойлгосон. Яахав, завсарын үе аль ч оронд ажиглагддаг юм шиг байна л даа. Хоёрдугаарт, хөрөнгөтөн болчихлоо гэхээрээ л хий дэмий баясч хөөрцөглөх юм их гарсан. Гадны орнуудаар яваад монголчуудтайгаа уулзаж ярилцаад ажиглаж байхад тэдний амьдралын орчин, хэв маяг энд байгаа биднээс тэс өөр байдаг. Гадны орнуудад хууль дүрэм чанга, хуулийг нягт хэрэгжүүлдэг. Ер нь л тэнд очсон хүн маргаашнаас нь  тухайн орчны амьдралд орчихдог. Бүх юм нь хэм хэмжээтэй. Гэтэл бид энэ бодит амьдралыг нь бус, киноноос хийсвэр зүйлийг нь хараад дуурайгаад байдаг юм шиг. Эртээдхэн  Их тэнгэрийн наад талын замаар явж байтал нэг охин нэг хүүд үүрүүлчихсэн явж байгаа юм. Бодвол солонгос кино дуурайж байгаа байх . Энэ бол монгол хүний дархлаа сулраад бусдын хэлбэр орж ирсний нэг л жишээ. Монгол хүн хэзээ нэгнийгээ “Хайраа” гэж дууддаг байлаа, хэзээ нэгэндээ  үүрүүлээд явдаг байлаа.

Цэцэг цэврүү шиг охид шөнө дунд нүцгэн гүйж гараад элдэв зовлонд өртөөд бие, сэтгэлдээ зовлонтой үлдэх тохиолдол гарч байна. Уг нь нийгмийн байдлаа дүгнэж үзээд хувцас хунараа хүртэл тохируулж өмсөх хэрэгтэй байж, хөөрхий дөө гэж бодогдох үе олон гарах юм.

Гэтэл тэр Америк зэрэг оронд ёслол хүндэтгэл, ажил, чөлөөт цагаар өмсдөг хувцас нь өөр байх жишээтэй. Үүнийгээ хүртэл ухаанаараа зохицуулж байна шүү дээ. Тийм учраас бид өөрийгөө хянах чадварыг эзэмшмээр байгаа юм. Өөрсдөө бодож үзээд тохирох зүйлээ л даган дуурайх хэрэгтэй юм уу даа. Тэгэхгүй бол гаднаас ирсэн хэн нэгэн биднийг ашиглах, цаашлаад монгол хүний үнэлэмж буурах, дорой муугаар бусдад бодогдох тийшээ л хандана шүү дээ. Өөрсдийнхөө ухаанаар монголоороо амьдрах хэм хэмжээнд буцаж очих хэрэгтэй юм болов уу даа.

-Үүний төлөө хүн бүр хичээх учиртай байх?

Тиймээ. Ер нь хүн гарцаагүй л бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл юм даа. Биеэ сайхан авч явж, эх хэлээ хайрлах хэрэгтэй. Жишээ нь харилцааны уламжлалаасаа суралцмаар зүйл их байгаа. Хэн нэгэнд харгис хэрцгий байдал, хэлбэрийг харуулаад байвал түүнийг тийм л байдал угтдаг. Тэрэнд дийлдэхгүйн тулд тэрнээс илүү харгислал гарч ирж өөрийг нь дарж авдаг. Гэртээ ирээд эхнэрээ доромжлоод муу үгээр хэлээд байвал тийм л хэмжээний хэрүүл үүсдэг. Ажиглаж байхад гудамжинд явж байгаад “Сайн байна уу, миний найз” гэж байгаа хүний өөдөөс “Сайн, сайн байна уу миний найз, хаа хүрээд явж байна даа” гэх зэргээр сайхан хариулт өгдөг. “Хөөе хулгайч аа өчигдөр уулзана гэсэн яасан бэ” гэвэл “Хуц, чи өөрөө алга болсон биз дээ” гэх хариулт сонсох жишээтэй. Ямар үг хэлнэ, түүнийхээ л хариуг авч байгаа юм.

Тэгэхээр хэл ярианы сайхнаар өөрийгөө илэрхийлж чадаж байгаа төрхлөг байдлаас хүмүүсийн сайн сайхан харилцаа, цаашлаад гэр бүлийн диваажин үүсдэг. Гэр бүлийн аз жаргал, сайн сайхан байдал бол нэгнээ хүндэтгэх, юмаар дутахгүй жаргалтай амьдрахын л нэр шүү дээ. Гэтэл гэр бүлийн нэг нь бусдыгаа хүндэтгэхээ больчихвол  гэр бүлээ хөнөөж байгаа л хэлбэр юм. Бусдыг хайрлаж, энэрсэн сэтгэл, харилцаа өөрийг нь жаргалд хүргэдэг. Энэ бол ерөөсөө л монголын уламжлалт сэтгэлгээ шүү дээ. Тэгэхээр хамтран амьдрахын ухааныг л ойлгож, буян нүглийн ялгаа, нигүүлсэл энэрлийг л ойлгох хэрэгтэй. Энэрэл нигүүсэл байгаа газарт өш хонзон ирдэггүй. Сэтгэлийн мөн чанаруудыг ухааран мэдсэнээрээ бид амьдралд тэнцэтгэлтэй хандах учиртай. Тийм учраас л бид уламжлалт зан заншил, шашин, соёлоо эрхэмлэх хэрэгтэй дээ.

-Таны хэлж буйтай бүрэн санал нийлж байна.  Үнэхээр ч бид болохгүй зүйлийг түүж бичиж, ярьсаар байгаад болж байгаа зүйлийг ч болохгүй байгаа юм шиг хүлээж авдаг болчихож. Сайн зүйлийг сайнаар нь хэлэх зориг бидэнд дутаад байх шиг?

-Тийм шүү. Бидэнд асар их дэвшил ололт бий. Үүнийгээ мэдэрч чадах ёстой юм шиг санагддаг. Шаварт унаад гарч чадахгүй байгаа юм шиг байнгын сөрөг зүйл ярих нь эргээд асарих  сөрөг үр дагавар авчирна. Наад зах нь хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлнө.

-Та монголчууддаа хандаж ерөөл айлдахгүй юу. Хорт хавдраас ч илүү хүмүүсийг өвтгөж буй энэ их бухимдал, атаа жөтөөг өөрсдөөсөө хэрхэн зайлуулах вэ?

-Муу сэтгэл гэж юу вэ гэдгийг танин мэдмээр байна. Уур уцаарын үр дүнд эвцэл, зохицол гардаггүй. Гэтэл уурын эсрэг хүнийг зөвөөр ойлгосон сэтгэл, энэрэл, нигүүсэл байдаг. Үүнийг бий болгожчадвал дандаа эвцэл, зохицол дунд тайван амьдрах болно. Гэр бүлийн харилцаан дээр аваад үзэхэд л нэгнийхээ дээр гарч давах гээд хамж, шимээд хамаг муу үгээ хэлчихдэг. Ингээд л нөгөө хүнийх нь ой санамжид насны өс хонзон бий болдог. Дахин  хэрэлдэх бүртээ чи намайг тэгж хэлсэн гээд л асуудал босч ирнэ. Тэрүүхэн үедээ давах гээд хэлчихсэн үг амьдралын турш өргөс болж, эргэн тойрны хүмүүсээ зовлонд унагаад байгаа юм. Уурын мунхаг мэдлэг дээр ирдэггүй. Цаад шалтгаан нөхцөлийг нь ойлгоод зовлон жаргалаа ярилцсан тохиолдолд уур бий болдоггүй. Нигүүсэл хайр, эсвэл өрөвдөх сэтгэл л ирдэг. Уураар юуг ч олж авч чаддаггүй. Бид уур гэж юу болох, түүнийг яаж дарах вэ гэдгийг л сайн бодмоор байгаа юм.

Түүнээс кинон дээр гардаг шиг үйл явдал өрнөөд хүн баахан муу зүйл хийж явснаа жаргаад дуусдаг явдал амьдрал дээр байхгүй. Гай зовлонд л унана.Ийм гэнэн сэтгэлээсээ салмаар байна. Кинотой зүйрлэж яриад буй нь манай нийгэм энэ л зүйлд эзлэгдсэн санагддаг юм. Уг нь аливаа зүйлээс сайн сайхныг нь амьдралдаа авч хэрэглээд муу муухайг нь гээх л хэрэгтэй.

Г.Долгорсүрэн

Эх сурвалж: review.time.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж