Тираннозавр батаарын “хулгайч”-ийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Тираннозавр батаарын “хулгайч”-ийг баривчилжээ

Өөрийгөө палентеологич, эртний олдворын худалдаачин хэмээн нэрлэсэн Эрик Прокопи гэгчийг Монгол, Хятадын хилээр үлэг гүрвэлийн араг яс, олдворуудыг хууль бусаар гаргасан хэргээр өнөөдөр АНУ-ын Холбооны тусгай ажилтнууд Флорида дахь гэрээс нь баривчилсан талаар livescience.com сайтад мэдээлснийг орчуулан хүргэж байна.

38 настай Эрик Прокопи гэгч үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-д аваачиж, музей, дуудлага худалдаанд худалдан, амьдралаа залгуулдаг байсан нь тогтоогдсон байна. Холбооны аюулаас хамгаалахын ажилтнууд Прокопигийн эзэмшлийн эртний олдворын ордон музейгээс “нотлох баримт”-ууд олсон аж. 1936 онд байгуулагдсан ордон музейг Прокопи худалдан авч эхнэр хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байжээ.

Эрик Прокопи гэгч өнгөрсөн тавдугаар сард Нью-Йорк хотод нэг сая ам.доллараар дуудлагаар худалдсан аварга үлэг гүрвэлийн араг ясыг Монголын талд шилжүүлэн өгөхөд бүх аргаар саад хийж, Тираннозавр батаарын араг ясыг энд  тэндээс цуглуулсан олдворуудаас нийлүүлсэн Франкенштейний цуглуулга гэж хүртэл мэдэгдэж байсан билээ. Тэрбээр Монголд ганц ч удаа очиж байгаагүй, Тираннозавр батаарын араг ясыг Японоос худалдаж авсан хэмээн мэдүүлж байсан ч Монголд хэд хэдэн удаа ирж байсан нь гаалийн бичиг баримтаар нотлогдсон. Тираннозавр батаарыг дуудлага худалдаанд оруулсан нууц ноёнтон нь Эрик Прокопи байсан бөгөөд олон улсын палентеологич эрдэмтэд олдворыг Монголоос гаралтайг баталсны дараа тэрбээр “үлэг гүрвэлийн араг яс vs АНУ” хэмээх нэхэмжлэл шүүхэд гаргасан юм.

Тираннозавр батаарын хэргийн Монголын талын өмгөөлөгч Прийт Барара “Эртний олдворын хууль бус наймааг мөсөн уул гэж төсөөлвөл Тираннозавр батаарын хэрэг зөвхөн орой нь гэсэн үг” хэмээн ярьсан байна.

 70 сая жилийн тэртээ амьдарч байсан Тираннозавр батаарыг гарал үүслийг нь тогтоосны дараа эзэнд нь шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр дуудлага худалдаанд оруулсан бөгөөд одоо АНУ-ын гааль дээрээс хураасан соёлын болон эртний үнэт олдворыг түр хадгалах газарт байгаа билээ.

Эрик Прокопи гэгч www.everything-earth.com сайтаар дамжуулан шүр сувд болон чулуужсан олдвор, байгалийн үнэт ховор зүйлсийн бизнесээ явуулдаг байжээ.
Эрик Прокопиг 2007 оноос хойш Монгол, Хятадын хилээр эртний ховор олдворуудыг хууль бусаар нэвтрүүлж, АНУ-д аваачсан, шүүхэд худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Хэрэв АНУ-ын Холбооны шүүх түүнийг энэ хэрэгт гэм буруутай гэж үзвэл дээд тал нь 35 жил шоронд суух ял түүнийг хүлээж байгаа аж. Эрик Прокопиг үлэг гүрвэлийн олдворуудыг Монголын хилээр хууль бусаар гаргасныг нотлох баримтуудын дунд чулуужсан олдворыг ухаж буй түүний гэрэл зураг байгаа аж. Дээрх гэрэл зургийг монгол хүн авсан байна.

Эрик Прокопигийн хулгайгаар аваачсан үлэг гүрвэлийн эртний олдвор зөвхөн Тираннозавр батаарын араг ясаар тогтохгүй гэнэ.

Эрик Прокопи өнгөрсөн тавдугаар сард нугасан хошуут өвсөн тэжээлтэн хадрозавр буюу Сауролофус ангустирострисын чулуужсан олдворыг Калифорнийн галлерейд 75,000 ам.доллараар худалдсан байна. Одоогоос 68 сая жилийн тэртээ амьдарч байсан тэр амьтны чулуужсан олдворын тухай галлерейн вэб сайтад 12 метр урт бараг автобус шиг том хэмээн бичжээ. Олдворыг мөн л Монголоос аваачжээ.

Тэрбээр мөн микрораптор хэмээх 65 сая жилийн тэртээ амьдарч байсан нисдэг жижиг үлэг гүрвэлийг Хятадаас аваачсан бөгөөд гаалийн бичиг дээр хадны дээж, 100 ам.долларын үнэтэй хэмээн бичсэн байжээ.

Одоогоор мэдэгдэж буй өөр нэг наймаа нь галлимимус овираптор буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан жижиг үлэг гүрвэлийн олдвор аж. 2010 онд нэгэн үйлчлэгчдээ бичсэн емэйлдээ Эрик Прокопи олдворыг Монгол дахь Бугын цав хэмээх газраас олсон хэмээн бичсэн байжээ.

Эрик Прокопи олдворуудыг АНУ-ын хилээр оруулахдаа гаалийн бичиг баримт дээр дандаа Японоос худалдаж авсан хэмээн гарал үүсэл, үнийг нь худлаа бичдэг байжээ. Тэрбээр Тираннозавр батаарыг Монголын талд шилжүүлэхийг эсэргүүцэн Heritage дуудлага худалдааны газар руу “Тэр /Монгол Улсын Ерөнхийлөгчийг хэлж байна/ араг ясыг эргүүлэн авч, эртний олдворын хар захыг хаах гэж байгаа бол бид зүгээр суухгүй. Харин ч энэ төрлийн наймаа улам ээдрээтэй, нууц болно” хэмээн емэйл бичсэн нь түүний эсрэг нотлох баримт болж байгаа гэнэ.

Эрик Прокопиг баривчилсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж соёлын өв, эртний ховор олдворын хулгайг таслан зогсооход явуулж буй АНУ-ын албаны хүмүүсийн ажлыг сайшаасан гэж Монголын талын өмгөөлөгч Роберт Пейнтер мэдэгдсэн байна.

Орчуулсан: Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж