Одоогоор манай улсын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт, хайгуул хийдэг гадаадын хөрөнгө оруулалттай 10 гаруй компани байдаг аж. Гэхдээ ард түмэнд тэдгээр компаниуд чухам аль улсын хөрөнгө оруулалттай бас хаана ямар газар хайгуул, олборлолт хийгээд байгаа талаарх мэдээлэл маш хомс. Судалгаа, хайгуулын гэхэд дөрөв, таван компани үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Сансрын геологи хайгуул” гэх компанийн харьяалал нь хүртэл хаанахын гэдэг тодорхойгүй байсан. Эл компанийн хувьд Монголын “Одод” ХХК болон Белгиз улсын “Transact consult” компанийн хамтарсан хөрөнгө оруулалтаар анх 2005 онд байгуулагдаж байжээ. Ингэснээр тус компани Төв, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт Цайдам-26, Төхөм-10 дугаар талбайд газрын тосны хайгуул хийж эхэлсэн байна. Харин 2009 онд “Эн Пи Ай” гэх гарал нь тодорхойгүй компани “Сансрын геологи хайгуул” ХХК-ийг өөрийн охин компани болгож авчээ. Мөн өрөмдлөг, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шэйман” Хэнтий, Төв, Говьсүмбэр, Дундговь аймгуудын 10 гаруй сумдын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 16 мянга 839 километр квадрат газрыг өөрийн мэдэлд шилжүүлжээ. Одоогоос гурван жилийн өмнө Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай хэмээн хэвлэлээр гарч байсан “Норт Петролеум Интернэйшнл” гэх компани Дорнод аймгийн Хөх нуурын 18 дугаар талбайд хайгуул хийж байгаа. Гэтэл албаны эх сурвалжийн мэдээлснээр уг компани Их Британийн Виржинийн Арлууд болон БНХАУ-ын “Beida Jade Bird” корпорацийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан аж.
Газрын тосноос мөнгө хүүлэгчид хэцүүдэх нь ээ
Монгол Улс хөрсөн дороо хэдэн зуун сая тонн газрын тосны нөөцтэй байдаг атлаа харь орноос шатахууны 98 хувийн хамааралтай байдгийг уншигч та мэднэ. Гэтэл 2000 оноос нааш манай улсын нутаг дэвсгэр дээр нефтийн чиглэлээр хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулдаг гадны компаниудыг төр, түшээд маань алган дээрээ бөмбөрүүлж ирлээ. Бүр хөнгөлөлт урамшууллын хамгийн дээдийг нь тэдэнд хайрласаар өдийг хүрэв. Үүнийг “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-гээр зохицуулж байгааг эрхэм түшээд хэлдэг байлаа. Харин уржигдар УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал дээр чих сэрдхийлгэсэн нэгэн мэдээ дуулгах нь тэр. Энэ юу гээч. Саяын дурьдсан газрын тосны чиглэлээр хайгуул, олборлолт, өрөмдлөг хийж, ашиглахад зориулж Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар зэргийг авдаггүй байсан заалтыг хүчингүй болгохоор хууль санаачлагчид шийджээ. Энэ талаар “Үндэсний хөрөнгө оруулалттай газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаггүй. Ихэнх нь Хятад, Канадын хөрөнгө оруулалттай. Түүнчлэн тэдний төрд өгч байгаа татварын мөнгөний тоо зэрэг нь өнөөг хүртэл 10 жилийн хугацаанд хүмүүсийн нүднээс далд байсаар ирлээ. Мөн олон улсад “Бүтээгдэхүүн хоорондын гэрээ” байгуулсан ч гэсэн манайх шиг бүх татварыг нь чөлөөлчихдөггүй” гэдгийг Татварын ерөнхий газрын нэгэн мэргэжилтэн хэлсэн. Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компани гэхэд яг хэдэн цооног ухдаг, үйл ажиллагаа явуулах 10 гаруй жилийн хугацаанд хэдэн тонн нефть олборлосон, бас төрд хэчнээн төгрөг өгсөн зэрэг нь одоо болтол үнэнд нийцэхгүй байгаа. Тус компанийн талаар олсон нэгэн баримтаас дурьдвал Дорнодын Мэнэнгийн талд жилд 180-190 цооног өрөмддөг гэсэн мэдээлэл байна. Гэтэл төрийн байгууллагууд эл компанийн сүүлийн таван жилийн хөрөнгө оруулалтын талаар хүртэл нууцалсан хэвээр. Тэднээс энэ талаар мэдээлэл асуухад “Хоёр талын нууц учраас ямар нэгэн мэдээлэл хэлэх боломжгүй” гэнэ. Тэгвэл бидэнд олдсон зарим тоогоор “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компани 1998-2009 оны хооронд 3.788.316.30 баррелль газрын тос олборлосноос улсын төсөвт орлогоосоо 58.4 тэрбум төгрөг өгсөн аж. Манай Засгийн газар уг компанийн ашгийн 40 хувийг эзэмшдэг гэх боловч төсөвт орж ирж байгаа орлого нь 10 гаруй хувиар бага байдаг гэнэ.
Л.Баатархүү